Гэсэн ч хаа сайгүй л зөвшөөрөлтэй эсэх нь үл мэдэгдэх барилгын компаниуд шөнийн цагаар ажилчин шоргоолж мэт ойр тойрныхоо айл амьтны нойрыг хулжаан байж ажлаа үргэлжлүүлсээр байгаа нь иргэдийг бухимдуулах болжээ.
Тухайлбал III-IV хорооллын Номин супермаркетийн зүүн талд баригдаж буй таван давхар барилга тэндхийн оршин суугчдын байрны цонх, нар салхийг хааж байна хэмээн оршин суугчид манай сонинд мэдэгдсэн. Мэдээллийн дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа. "Сөөхий" гутлын дэлгүүрийн хажууд худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж буй энэ таван давхар барилгын суурин дээр "Everyday" гоо сайхны худалдааны хоёр давхар байр байжээ. Харин өнгөрсөн оны аравдугаар сараас түүнийг өргөсгөх зорилгоор "Apex" гэх нэртэй барилгын томоохон компани эзэмших болсон байна. 2012 оны арваннэгдүгээр сарын 11-нд ашиглалтад орно гэсэн самбар хадчихсан байх юм. Барилгын хашаа гэх дээрээс нурах дөхсөн сараалжаар ортол уг барилгын хамгаалагч залуу оруулсангүй. Гэхдээ л хэдэн асуулт асуугаад амжив.
-Танайх үйлчилгээний төв барих зөвшөөрлөө авсан уу?
-Авсан болоод л барьж байгаа биз. Ойрд шалгалт шүүлэг үе үе ирээд хэцүү байна.
-Хэзээ ашиглалтад орох вэ?
-Арваннэгдүгээр сарын 1-нд том үйлчилгээний төв нээгдэнэ дээ. Түрээслэх хүмүүс нэр, утасныхаа дугаарыг тэмдэглүүлээд явж байгаа.
-Танай дарга гэж ямар хүн байна уулзаж болох уу?
-Яах гэж, том гар байгаа. Яагаав "Sunday" худалдааны төвийг бариулсан хүн шүү дээ.
-Ашиглалтад орох гэж байгаа гэхэд нэлээд цалгар харагдаж байна, амжих уу?
-Амжилгүй яах вэ.
-Хичнээн ажилтантай вэ. Хятад ажилчид бий юу?
-Үгүй ээ, дандаа Монголчууд байгаа. Нэг ч хятад хүн байхгүй. /Нэг хятад залуу Монгол эмэгтэй хөтлөөд бидний хажуугаар барилга руу орж байв/
-Газрын зөвшөөрлөө авсан юм болов уу. Зөвшөөрөлгүй барилгууд бүрхэг болж байгаа шүү дээ?
-Мэдэхгүй. Манай дарга том юм чинь тэр зэргийн асуудлаа шийдчихээ байлгүй дээ. Сүүлийн хэд хоног дүүргийн мэргэжлийн хяналтаас ойр ойрхон шалгалт ирээд лай болж байна.
-Тэгээд юу гэх юм. Ямар нэг шаардлага тавихгүй байна уу?
-Ажилчдынхаа аюулгүй байдалд сайн анхаарч ажиллаарай гээд л явдаг.
Ийн ярьж байтал уг барилгын менежер хар нүдний шил зүүсэн залуу ирээд "Та юун хүн бэ. Хэн болоод бидний ажлыг шалгаагаад байгаа юм, бидний зөвшөөрөл авсан эсэх нь хэнд ч хамаагүй за" гээд ширүүн дуугарав.
13А байрны оршин суугч Г.Амаржаргал:
-Би хоёр хүүтэйгээ энд амьдраад найман жил болж байна. Энэ барилга баригдаж эхэлснээс хойш манай эндхийн оршин суугчдын тав тух алдагдаж нар салхи үзэх аргагүй болоод байна. Хажуугаар нь барилгын ажил хийж байна гээд хужаа нар шуугилдаад мөн манай цонхны доор ирж ил бие засаад шээс баас үнэртсэн хогийн цэг болж хувирлаа. Тиймээс зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэх гэж байгаа журам дүрмийнхээ дагуу хотын удирдлагууд иргэдийнхээ эрх ашгийг бодож энэ барилгын ажлыг зогсоож өгөхийг хүсч байна.
Өндөр настан Г.Буд:
-Эмээ нь энэ байрны хоёр давхарт оршин суугаад 32 жил болж байна. Насаараа энэ байранд нар салхитай сайхан л байлаа. Харин энэ зун хөдөө яваад ирсэн чинь хоёр давхар байсан барилга гэнэт таван давхар болоод өндөрсч бидний нар салхи ойр орчны тав тухыг алдагдуулах болсон. Хөгшин хүн, хүүхдийг хүн биш мэт үзэж,
бидний шаардлагыг хүлээж авахгүй байгаад гомдолтой байна. Энэ асуудлыг Хотын Засаг даргын сонорт хүргэж яаралтай зогсоохгүй бол бид мөнгөөрөө авсан байрандаа тохь тухтай амьдарч чадахгүйд хүрлээ.
Т.Мөнхөө:
-Бид энэ барилга баригдаж эхэлснээс хойш амар тайван амарч чадахаа байсан. Өдөрт хичээлээ хийх ч боломжгүй. Энэ барилгаас болоод эмээ, өвөө нар маань гадаа гарч нар, салхи үздэг болсон доо.
Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин