”Амьдралын минь хамгийн жаргалтай мөч ээж болох байлаа”

Хуучирсан мэдээ: 2012.09.16-нд нийтлэгдсэн

”Амьдралын минь хамгийн жаргалтай мөч ээж болох байлаа”

Жааз дуучин Ц.Хуланг “Өөр мэдээ” зочноороо урилаа. Монголдоо төдийгүй гадаадад цомгоо борлуулж, хэдийнэ олны танил болсон дуучин бүсгүйн уран бүтээл, сонирхол, үзэл бодлынх нь талаар илэн далангүй хөөрөлдсөн юм.

БОББИ ТЕЙЛОР БИД ХОЁР НАЙЗУУД ХЭВЭЭРЭЭ


-Алдарт “What a wonderfull world” дууг дуучин Наагийтай хамтарч дуулсан байсан. Сонголтынхоо талаар яриач?

-Өмнө нь би энэ дууг олон дуучинтай хамтарч дуулж байсан. Гайхамшигт дэлхий ертөнцийн тухай өгүүлсэн дуу болохоор их сонсголонтой. Ийм л шалтгаанаар дахин дуулсан даа.

-Алдарт Бобби Тейлор тантай хамтран ажиллах санал тавьсан гэж сонссон. Та саналыг нь хүлээж авсан уу?

-Бобби Тейлор бид хоёр найзууд хэвээрээ. Байнгын харилцаатай байдаг. Намайг Шанхай, Бээжинд ирээч гэсэн санал тавьсан. Гэхдээ энэ жилдээ очиж амжихгүй нь. Эхний ээлжинд Солонгосын продюсерын урилгаар тэнд очиж дуугаа бичүүлэх бодолтой байгаа.

-Тэгэхээр гадаадын урлагийн ертөнцөд хүч үзнэ гэж ойлгож болох уу?

-Яагаад болохгүй гэж. Монголын хамтлаг, дуучдад гадаадын продюсерууд хамтран ажиллах, бас хамтарч дуулах санал их тавьдаг. Энэ нь Монголын урлаг дэлхий дахинд танигдаж эхэлсний бодит жишээ гэж бодож байна.

-Таны хувьд дуучин. Бас жүжигчин болж үзсэн. Киноныхоо талаар яриач. Хэцүү байв уу?

-“Нэг биений хоёр зүрх” кинонд тоглож үзлээ. Хүний сайн муу хоёр талыг харуулсан кино. Оддын өвчнөөр өвчилс өн, хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авахаа больсон, их зантай тийм л дуучин эмэгтэйн тухай эсрэг талын дүрийг бүтээсэн. Гэхдээ дүр маань эргэлттэй. Эргээд өөрөө өөрийгөө олж авдаг онцлогтой байсан.

-Зураг авалтын үед хэцүү зүйлтэй тулгарав уу?

-Хэцүү байлгүй яахав. Мэргэжлийн жүжигчин биш шүү дээ би чинь. Олон дахиулна, найруулагчдаа загнуулна. Гэхдээ намайг мэргэжлийн жүжигчин биш болохоор тийм айхтар загнаагүй ээ. /инээв/. Миний хувьд өөрийнхөө хэмжээнд л тоглосон. Кино урлаг гэдэг олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг нүсэр том төсөл гэдгийг ойлгосон.

-Жааз урсгалаар дуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Сонсогчид хэр хүлээж авч байна?

-Намайг жааз Хулан гэдгээр нь л мэддэг байх. Магадгүй олон жил энэ урсгалаар дуулж байгаа болохоор тэр байх. Нэг үеэ бодвол фэн ихтэй болсон шүү. Зоог, цэнгээний газрууд ихэвчлэн жааз дуунууд тавьдаг болсон байна лээ.

-Жааз урсгалын сайхан нь юундаа байдаг юм бол?

-Тэр чигээрээ мэдрэмж шүү дээ. Дуучнаас ур чадвар, дотоод сэтгэлгээг их шаарддаг. Тиймээс жааз урсгал бол тэр чигээрээ гайхамшиг.

-Таныг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад цомгоо борлуулдаг гэж сонссон?

-Миний цомгийг ивээн тэтгэсэн байгууллага тийм санал тавьсан юм. Яахав, зараад үзье гээд зөвшөөрсөн. Монгол дуучны цомог гэхээр сонин санагдах байх. Гэхдээ яагаад болохгүй гэж. Борлуулалтын хувьд тийм ч их биш байгаа ч гэсэн нэг ч болов хүн миний цомгийг сонсож, намайг мэдэрч чадвал амжилт шүү дээ.

-Таны дуулсан кино болон жүжгийн дуунууд сонсогчдын зүрхэнд хүрч чаддаг гэж фэнүүд чинь үнэлдэг юм билээ. Нууц нь юунд байна?

-Баярлалаа. Дуугаа мэдэрч дуулдаг болохоор л тэр байх.

-Таны мэргэжил зураач. Мэргэжлээрээ ажиллаж, уран бүтээл гаргах бодол байгаа юу?

-Зургаа зурж эхэлсэн. Бодож төлөвлөсөн зүйл ч их байна. Охинтойгоо нийлээд аавынхаа бүтээл үүдээр үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа.

-Таныхаар жинхэнэ уран бүтээлч хүн гэж хэн бэ?

-Урлагийн төлөө төрсөн. Урлагт хайртай, хүндэлдэг, өөрийгөө зориулж чаддаг тийм л хүнийг жинхэнэ уран бүтээлч хүн гэж хэлэх байх.

-Шинэ хамтлаг, дуучид таниас зөвлөгөө авдаг гэж сонссон?

-Хулан эгчээ ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ гээд хандах нь бий. Чадах чинээгээрээ л зөвлөгөө өгөхийг хичээдэг. Би ямар продюсер биш тийм ч сайн зөвлөгөө өгч чаддаггүй байх л даа. Гэхдээ та нар ийм шүү, тийм шүү гээд урмын үгийг хэлж чадна. Мундаг дуучид болоорой гээд хэлчих чадал надад байгаа.

-Дуучин байхын жаргалыг ямар үед илүү ихээр мэдэрдэг вэ?

-Өөрийнхөө дотоод сэтгэлийг дуугаараа илэрхийлээд, хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадна гэдэг бол авьяас. Хүмүүст тайтгарал, сэтгэл ханамжийг өгөөд оронд нь халуун алга ташилт, талархлын үг сонсох л урлагийн хүмүүс ялангуяа дуучид бидний хувьд хамгийн том аз жаргал.

-Уран бүтээлч хүнд санхүүгийн асуудал бий. Та хэрхэн зохицуулдаг вэ?

-Тусалж дэмждэг ах, эгч нар минь байна. Ээж минь бас дэмждэг. Гэхдээ тэр болгон тэд нартаа хандаад байхыг боддоггүй. Өөрөө багахан шартай болохоор өөрөө л болгох гэж хичээдэг.

ДЭЛГҮҮРИЙН ХЭМЖЭЭНИЙ ГУТЛЫН ЦУГЛУУЛГАТАЙ


-Салоны бизнест хүч үзэж байгаа. Үйлчлүүлэгч ихтэй байна уу. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Үйлчлүүлэгч ихтэй байгаа. Ер нь бол салон гэдэг утгаараа бүх үйлчилгээг л хийх гэж хичээж байна. Маникюр, педикюр, гоо сайхан, үсчин, шивээс, тураах массаж, цэгэн бариа гээд л.

-Фэйсбүүктээ гоё хумсны будалтын зураг тавьдаг юм билээ. Энэ таны хобби юу?

-Өөрөө хумсны маникюр хийж чадахгүй ч хийж сурах юмсан гэж хүсдэг. Маш нарийн ажиллагаа шаарддаг юм байна лээ.

-Таны гол гангараа юу вэ?

-Гутланд их дуртай. Гутланд бол мөнгө хайрлахгүй шүү.

-Хэр их гуталтай болсон бэ?

-Дэлгүүрийн хэмжээний гутал байгаа. /инээв/

-Урлагийн хүн гоё сайхан харагдаж, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй. Таны хувьд гоо сайхандаа хэр цаг зарцуулдаг вэ?

-Өөрөө салон ажиллуулдаг ч үйлчлүүлээд байж чадахгүй юм. Арьс минь цэвэрхэн эрүүл байхад л хангалттай гэж боддог. Будагнаас болж арьс үрчийж, хорддог. Хүмүүс асуудаг л даа. “Чи яаж арьсаа арчилдаг юм. Залуухан харагдах юм” гэж. Миний хувьд дандаа нүүрээ будаад байдаггүй. Арьсандаа тохирсон саван л хэрэглэдэг.

ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД САЙН ЭЭЖ БИШ ЭЭ

-Таны бодлоор Монгол эмэгтэй хүн ямар байвал зохистой вэ?

-Манай эмэгтэйчүүд ухаалаг, баатарлаг, эрчүүдийг зөв тийш нь залаад явж чаддаг гэж би боддог. Амжилттай ажиллаж, гялалзаж яваа эрчүүдийн ард ухаалаг эхнэрүүд л байдаг шүү дээ.

-Амьдралыг тэр чигээр нь жүжиг гэвэл дуучин Хулангийн хувьд гол дүр нь байж чадаж байна уу?

-Хүн болгон энэ амьдралын гол дүр. Хүн болж төрсөн л бол өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр нь байдаг.

-Хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Өөрийгөө сайн гэрийн эзэгтэй гэж боддог. Хоол сайн хийдэг. Гэрээ байнга цэвэрхэн байлгадаг. Ер нь бол сайн гэрийн эзэгтэй шүү. /инээв/

-Охин чинь овоо том болчихлоо. Энэ хугацаанд эргээд харахад үнэхээр сайн ээж байж чадсан болов уу?

-Яг үнэнийг хэлэхэд сайн ээж байж чадаагүй ээ. Охиноо орхиод л ажил гээд явдаг байсан. Миний аав, ээж гэж сайхан хүмүүс байгаа болохоор миний охин өдий зэрэгтэй өсч хүмүүжиж байгаа гэж боддог.

-Охиноо урлагийн хүн болгох уу. Чадалтай хоолойтой гэж сонссон?

-Охиныхоо сонголтыг л хүндэтгэнэ дээ. Миний охин дуучин болъё гэвэл хориглохгүй.

-Амьдрал алдаа оноотой байдаг. Хүнд хэцүү үе тохиолдоход эрч хүч, тайтгарлыг юунаас олж авдаг вэ?

-Охиноосоо, ээжээсээ, дүүгээсээ, гэр бүлээсээ л тайтгарлыг авдаг.

-Айл гэрийг авч явах үүрэгтэй нь хэн нь гэж боддог вэ?

-Аав шүү дээ. Айл гэрийн ноён нурууг би эцэг хүн л гэж боддог. Харин яаж зөв тийшээ залж, сайн сайхан амьдрах вэ гэдэг бол эмэгтэйчүүдийн асуудал.

-Гэр бүлийн амьдрал хэзээ зохиох бодолтой байна?

-Гэр бүлийн амьдралыг хэзээ л бол хэзээ ч зохиож болно. Түүн шиг амархан юм байхгүй. Харин салалт л хэрэггүй. Насан туршдаа хамтдаа амьдрах чин сэтгэлийн ханиа л олох нь чухал. Одоо гэр бүл салалт их байна шүү дээ.

-Хайрыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Илэн далангүй, үнэнч, хүндэтгэлтэй байгаасай гэж хүсдэг.

-Таны амьдралын хамгийн аз жаргалтай мөч хэзээ байсан бэ?

-Ээж болох мөч л хамгийн сайхан байсан. Тэр мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж