Сая
би хүүхдүүдээс “Хэдэн ном уншсан бэ?” гэж асуулаа. Гэтэл тэд доод тал
нь 300, зарим нь бүр 1500 ном уншсан гэж хариуллаа. Тэд 1500 ном уншаад
зогсохгүй өөрөө номын сантай гэж ярьж байна. Тэгэхээр би энд нэг уриалга
хэлэх гэсэн юм.
Монголчууд өнөөдөр гартаа хундага барихаа больж
байгаа. Харин оронд нь ном барих хэрэгтэй. Аав ээж, анд нөхөддөө архины
оронд ном бэлэглэдэг болох нь зүйтэй. Уншсан номоо бие биедээ
бэлэглэцгээе.
Айл бүхэн номын сантай болох ёстой. Айл өрхүүд
номын сангаараа, хэн хамгийн олон ном уншсанаараа уралддаг, гадаа
суухдаа уншсан номоо бие биендээ ярьж өгдөг болъё. Улс төр ярьж өөр
хоорондоо муудалцахын оронд уншсан ном, уулзсан сайн хүмүүс, үзсэн
газрынхаа тухай ярьж, нэгнийхээ мэдлэгийг баяжуулж байх хэрэгтэй. Энэ
бол гайхамшигтай үйл хэрэг юм.
Өнөөдөр энд нэгэн сайн үйлс
хэрэгжиж байна. Манай улсын 21 аймаг нийтээрээ явуулын номын сантай
болох нь. Одоо эндээс 21 аймгийг чиглэн тусгайлан тоноглогдсон, зөөврийн
номын сан бүхий Фургон машинуудыг илгээхэд бэлэн болоод байна. Нэг үе
агентууд хөдөө орон нутагт очин худалдаа хийдэг байсныг хөдөөгийн
хүүхдүүд мэдэж байгаа. Харин одоо ном аваачиж худалддаг үйлчилгээг бүх
аймагт бий болгох гэж байна.
Ийм сайхан санаачилгуудыг бүгдээрээ
дэмжих хэрэгтэй. Энд хүрэлцэн ирсэн нийт ард иргэд, байгууллагууд
өөрсдийн сайхан санаагаа дэмжиж байгаарай. Миний үүрэг бол Монголын ард
түмний, хүн бүрийн санаанд орсон сайхан санааг дэмжихэд оршиж буй.
Өнөөдрийн
Номын баяр хийх тухай санаа миний найз нөхдийн дундаас гарч ирсэн.
Манай аугаа их эрдэмтэн зохиолч, С.Эрдэнэ гуайн хүү, миний найз Бат-Үүл
надад “Номын баярыг бий болгож, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх юм сан”
хэмээн хэлж байсан. Мөн олон хүн түүний санааг дэлгэрүүлэн хэлсэн. Олон
сар жилээр удтал тунгаан бодсоны эцэст энэхүү зарлиг гарч, энэ үйл хэрэг
биеллээ олж байна.
Энэ үйл хэрэг нэгэн өдөр эхэлж байгаа ч,
цаашид мянга мянган өдөр үргэлжлэх болно. Яагаад гэвэл энэ буянтай үйлс,
энэ бол зөв үйлс юм. Энэ зөв үйлсэд оролцож буй нийт ард иргэддээ
баярлалаа.