“Нэгэн өдөр эхэлж, мянга мянган өдөр үргэлжилнэ”

Хуучирсан мэдээ: 2012.09.16-нд нийтлэгдсэн

“Нэгэн өдөр эхэлж, мянга мянган өдөр үргэлжилнэ”

Ц.Элбэгдорж: “Номыг дээдэлсэн үйл хэрэг нэгэн өдөр эхэлж, мянга мянган өдөр үргэлжилнэ”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зарлигийн дагуу 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон ёслон тэмдэглэхээр болсон билээ. Өчигдөр (09.15) Сүхбаатарын талбайд “Номын баярын өдрийн ёслолын ажиллагаа” болов. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, ШУА-ын Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Үндэсний номын сангийн дарга Х.Чилаажав, МЗХ-ны дарга Г.Мөнхцэцэг нар болон албаны хүмүүс, Ардын уран зохиолчид, номын садан болсон зохиолч, уншигчид, хэвлэлийн газруудын төлөөлөл, иргэд өргөнөөр оролцлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Номын баяр”-ыг нээж хэлсэн үгэндээ “Сая би хүүхдүүдээс “хэдэн ном уншсан бэ гэж” асуулаа. Гэтэл тэд  доод тал нь 300, зарим бүр 1500 ном уншсан гэж хариулсан. Тэд 1500 ном уншаад зогсохгүй өөрөө номын сантай гэж ярьж байна. Тэгэхээр би энд нэг уриалга хэлэх гэсэн юм. Монголчууд өнөөдөр гартаа хундага барихаа больж байгаа. Харин оронд нь ном барих хэрэгтэй. Аав ээж, анд нөхөддөө архины оронд ном бэлэглэдэг болох нь зүйтэй. Уншсан номоо бие биендээ бэлэглэцгээе.

Айл бүхэн номын сантай болох ёстой. Айл өрхүүд номын сангаараа, хэн хамгийн олон ном уншсанаараа уралддаг, гадаа суухдаа уншсан номоо бие биендээ ярьж өгдөг болъё. Улс төр ярьж өөр хоорондоо маргахын оронд уншсан ном, уулзсан сайн хүмүүс, үзсэн газрынхаа тухай ярьж, нэгнийхээ мэдлэгийг баяжуулж байх хэрэгтэй. Энэ бол гайхамшигтай үйл хэрэг юм.

Өнөөдөр бас энд нэгэн сайн үйлс хэрэгжиж байна. Манай улсын 21 аймаг нийтээрээ явуулын номын сантай болох нь. Одоо эндээс 21 аймгийг чиглэн тусгайлан тоноглогдсон, зөөврийн номын сан бүхий “Фургон” автомашинуудыг илгээхэд бэлэн болоод байна. Нэг үе агентууд хөдөө орон нутагт очин худалдаа хийдэг байсныг хөдөөний хүүхдүүд мэдэж байгаа. Харин одоо ном аваачиж худалддаг үйлчилгээг бүх аймагт бий болгох гэж байна.

Ийм сайхан санаачилгуудыг бүгдээрээ дэмжих хэрэгтэй. Энд хүрэлцэн ирсэн нийт ард иргэд, байгууллагууд өөрсдийн сайхан санаагаа дэмжиж байгаарай. Миний үүрэг бол Монголын ард түмний, хүн бүрийн санаанд орсон сайхан санааг дэмжихэд оршиж буй. 

Энэ үйл хэрэг нэгэн өдөр эхэлж байгаа ч, цаашид мянга мянган өдөр үргэлжлэх болно. Яагаад гэвэл энэ буянтай үйлс, энэ бол зөв үйлс юм. Энэ зөв үйлсэд оролцож буй нийт ард иргэддээ баярлалаа” гэв. 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч аймаг орон нутгаасаа шалгаран ирсэн  хүүхдүүдэд “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг гардуулж номын үзэсгэлэн худалдаатай танилцсан юм. Энэ үеэр ардын урлагийн тоглолтууд болж Чингис хааны 850 жилийн ойг тохиолдуулан 850 залуусын нэгэн зэрэг ном солилцох арга хэмжээ зохион байгуулагдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх арга хэмжээнд оролцолж Эзэн Чингис хааны тухай профессор Жак Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номыг солилцов.











Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж