Эрхэм хүндэт зочид оо,
Хүндэт төлөөлөгчид өө,
Эх орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн эрхэм зочид Та бүхэнтэй “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалтыг нээж үг хэлэх завшаан дахин тохиосонд билгэшээж байна. Үүний өмнө бид нийслэлийн иргэдэд зориулсан үндэсний сургалт, зөвлөгөөнөө амжилттай зохион байгуулсан.
Монгол Улсад 22 жилийн өмнө арчиллын салхи сэвэлзэж, улмаар улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий өөрчлөлтийг авчирсан билээ. Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, ардчиллын үнэт зүйлийг дээдэлсэн Үндсэн Хуультай болоод 20 жил өнгөрлөө. Энэ хугацаанд бид олон сорилт, бэрхшээлийг даван дуулж, урагшилсаар байна.
Өнөөдрийн сургалт, зөвлөгөөний нэр нь “Шууд Ардчилал” хэмээснийг Та бүхэн анзаарч байгаа. Аливаа “нэр” агуулгаа илэрхийлдэг. Бид өнгөрсөн 20 жилд сонгуулийн ардчилал, төлөөллийн ардчилалтай улс болж, улмаар шууд ардчилалтай улс болохын төлөө зорьж байна.
Сонгуулийн буюу төлөөллийн ардчилалын үед хүн бүр сонгуульд оролцох, саналаа өгөх, нэрээ дэвшүүлэх эрхийг эдэлдэг бөгөөд сонгуулийн саналыг зөв тоолох, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх, сонгуулийн дүнгээс хамаарч эрх мэдэл, албан тушаал шилжиж байдаг.
Харин ШУУД ардчилал нь олонхи, цөөнхийн эрх хэмжээ, хяналтаас гадна “олонхи” буюу эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтны эрх хэмжээ, хариуцлага, харилцан хяналт, эрх мэдэлтэний босоо биш хэвтээ тайлагнах хэлбэрээр үйл ажиллагаа нь олон түмний хяналтад байх шалгуур, шаардлагатай байдгаараа онцлогтой.
Шууд ардчилал нь шийдвэрийг иргэдийн саналыг авах, улмаар тэдний санаа бодлыг шийдвэр гаргахад тусгах, хэлбэржүүлэн мөрдөх, хэрэгжүүлэх ёстой болдог. Энэ нь ч нийтийн албан хаагчдын болон ард иргэдийн үүрэг байх тухай чанарын цоо шинэ ойлголт юм. Сонгуулийн ардчилалтай оронд ард түмэн засгийн эрхийг нэг өдөр буюу зөвхөн сонгууль болж буй өдөр л барьдаг.
Шинэчлэн боловсруулсан Төсвийн тухай хуулийг өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аас батлан гаргасныг Та бүхэн мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржоос өгсөн чиглэл, удирдамжийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулан Сангийн яаманд албан ёсоор хүргүүлсэн “Төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг иргэдийн оролцоотой нэмэгдүүлэх”, түүнчлэн “Орон нутагт санхүүгийн дэмжлэгийг томъёонд тулгуурласан, загварчилсан байдлаар олгох талаархи үзэл баримтлал” шинэ хуулинд үндсэндээ туссан.
Иргэдийн оролцоог хангах чиглэлээр бие даасан зүйл Төсвийн тухай хуулинд орж байгаа. Эдгээр арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий шинэтгэл өөрчлөлтийн эхлэл гэдгийг тэмдэглэн хэлье.
Өмнөх хуулиудад “иргэд оролцоно” гэж тунхаглаад иргэд хэрхэн оролцох, ямар эрх мэдэлтэй оролцох талаар суурь зохицуултыг орхигдуулж, баримтлах дүрэм журамгүй, иргэдэд мэдээлэл хүргэх тогтолцоо нь ч тодорхойгүй өнөөг хүртэл явж ирсэн. Ийнхүү иргэдийн оролцоог тунхаг төдий болгож ирснийг бид анзаарахгүй өнгөрч болохгүй.
Төр засгийг удирдахад бүх талын оролцоо хангагдаж байж, төр засгийн шийдвэр улс орны орны хөгжил урагштай байна. Өнөөдрийн сургалт, зөвлөгөөний гол зорилго нь дараах гурван зүйлд чиглэх болно.
Нэгдүгээрт: Шууд ардчиллыг дэмжиж байдаг хөдөлгөөн, институци бий болгож түүний сүлжээг бүрдүүлье. Хөдөөд иргэдийн эрхийг зөрчиж, дарга нар дур зоргоороо шийдвэр гаргадгийг зогсооё. 20 айл хашаандаа тарьсан ногоо, мал ахуйндаа хэрэглэдэг худаг, шуудууны усыг даргын оролцоотой нэг компани ашиглаж, иргэдийн эрхийг зөрчдөг жишиг, шударга бус тогтолцоог эцэс болгоё. Тухайн орон нутагт амьдарч буй иргэдийн амьдралыг хэрхэн авч явах, ямар дэг журамтай байхыг иргэд өөрсдөө мэддэг, шийддэг ийм байгууллага, тогтолцоог бүрдүүлье.
Мал хувьчлалын жишээг та бүхэн тод санаж байгаа болов уу. 1960-аад оноос төрөөс тусгай бодлогоор нэгдлийн малыг өсгөх гэж олон жил хичээсэн боловч үр дүнд хүрээгүй. Харин малыг малчидад, иргэдэд өөрт нь гэрээ, түрээсээр ажиллах хэлбэрээр ойртуулж, амины буюу хувийн малын тоонд хязгаар тогтоохгүй болсоны үр дүнд 1990 гэхэд манай улсын мал сүргийн тоо түүхэндээ анх удаа 25 саяас давж өссөн байдаг. Өнгөрсөн оны мал тооллогоор Монгол Улсын нийт малын тоо 36,3 саяд хүрсэн. Энэ бол иргэдэд эрх мэдлийг шилжүүлснээр гардаг сайн үр дүнгүүдийн зөвхөн нэг нь.
Хоёрдугаарт: Төсвийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцооны эрх зүйн стандартуудыг тогтооё. Төсөв гэдэг нь та бидний төлсөн мөнгө. Тэр мөнгийг хэрхэн малчидад, сум орон нутгийн иргэдэд хэрэгтэй зөв зүйлд, үр ашигтай, чанартай захиран зарцуулж, удирдахад иргэдийг жинхэнэ уртгаар нь оролцуулж эхлье. Үүнд Та бүхний тодорхой санал, санаачлага, хяналт, оролцоо маш чухал гэдгийг онцолж хэлье.
Гуравдугаарт: Төвлөрлийг сааруулах, орон нутаг, иргэдэд эрх мэдэл олгох, иргэдийн оролцоог байнгын болгож, хангах чиглэлээр иргэдэд боловсрол олгож гарын авлага материалаар хангая.
Та бүхэн иргэдийн оролцоог тунхаг биш, ажил хэрэг болгох их ажлын, их хөдөлгөөний анхдагч, оролцогч, шийдвэр гаргагч болж байгаад халуун баяр хүргэе.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар сумын иргэд, төлөөлөгчдөд зориулсан “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалт үүгээр эхэлж байна. Сум тус бүрээс 3, нийтдээ 1100 төлөөлөгч ирсэн байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу.
Өнөөдрийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ийн гишүүд, Засгийн газрын сайд нар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Их дээд сургуулийн доктор, профессорууд болон ажлын хэсгийн гишүүд оролцож буйг тэмдэглэхэд таатай байна.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчиллын хүрээлэн хамтран, Дэлхийн банкны санхүүжилтээр зохион байгуулж байна.
Ингээд үндэсний хэмжээний сургалт, зөвлөгөөний ажиллагаа нээснийг мэдэгдье. Иргэдийн оролцоог тунхаг биш бодит ажил болгох Шууд ардчиллын цаг эхэллээ.
Улаанбаатар хот, Төрийн ордны Их танхим
2012-9-15