Энэхүү тэмцээнд лигийн зургаа, сонирхогчийн дөрвөн баг нийт 10 багийн 200 гаруй манай улсын шилдэг хөлбөмбөгчид оролцлоо. Энэ жилийн холбооны цомын аваргын төлөө “Эрчим” баг, “Хасын хүлгүүд” багууд шалгарсан. “Эрчим” багийн хувьд “А” хэсэгт 100 хувийн амжилттайгаар хагас шигшээд шалгарч, улмаар “Хоромхон” багийг 4:1-ээр, “Хасын хүлгүүд” багийн хувьд хэсгээсээ хоёроор шалгаран “FC Ulaanbaatar” багийг 4:1-ээр буулган авснаар шигшээд шалгарсан. Шигшээ тоглолт өчигдөр (09.15) болж “Эрчим” “Хасын хүлгүүд”-ийн тоглолтын үндсэн цаг болон нэмэлт цагт 1:1-ээр өндөрлөжээ. Ингээд торгуулийн цохилтоор 5:4-ээр “Эрчим” илүүрхэж “Холбооны цом-2012”-ын аваргаар шалгарлаа.
Лигийн долоон удаагийн аварга “Эрчим” болон лигийн мөнгө, хүрэл медальт “Хасын хүлгүүд” багийн хувьд ирэх есдүгээр сарын 30-нд “СУПЕР ЦОМ”-ын төлөө дахин өрсөлдөхөөр болжээ. “Эрчим” багийн хувьд “Нийслэл лиг”-н аваргаар шалгараад байсан бөгөөд, дахин цомын тэмцээнд түрүүлсэн боловч МХБХ-ын шийдвэрийн дагуу хоёрдугаар байрт шалгарсан ч “Хасын хүлгүүд” багтай дахин тоглохоор болсон байна. “СУПЕР ЦОМ”-ын эзэн болсон баг улсаа төлөөлөн Азийн Хөлбөмбөгийн Холбооны “President Cup” тэмцээнд оролцох билээ.
МХБХ-ны Цомын шилдгүүдийг хамтран зохион байгуулж байгаа "Аэроимонголия" ХХК нэрлэсэн байна. Үүнд:
- Шилдэг хаалгач Т.Батмагнай (Хасын Хүлэгүүд)
- Шилдэг хамгаалагч Т.Ганзориг (Хасын Хүлэгүүд)
- Шилдэг хагас хамгаалагч З.Баттулга (Эрчим)
- Шилдэг довтлогч Er nani Mauro (Эрчим)
Энэ жилийн баг бүрт гадны легионер олноор ирснийг онцлох хэрэгтэй. Тодруулбал, “Эрчим” клубт Бразили, Сербийн, “Хоромхон” багт Канад, Нигери, Тринадо Табого, Японы тоглогчид багтжээ. “Хасын хүлгүүд” багт Бразилын, “FC Ulaanbaatar” Зааны ясан эрэг, Либери улсын тоглогчид багтсан байна. Хагас шигшээ тоглолтод 10 гоол ороход зургаан гоолыг Бразилын хөлбөмбөгчид оруулж, ур чадвар, туршлагаа харуулсан байна.