“Тархан суурьшсан Монголчууд” ТББ-ын захирал, Монгол судлаач Ц.Санчир арав гаруй жилийн турш хийсэн судалгаа, аялалаа багтаасан “Үүцээ” өнөөдөр задаллаа. Түүний Монголын эзэнт гүрний Юан улс, Зүчийн улс, Цагдаадайн хант улс, Алтан орд улс, Төмөрийн улс, Ил хаадын хязгаар дахь Монголчууд болон Монгол өв соёлын дурсгалууд бүхий өнөөгийн дотоодын мөргөлдөөн, Исламын ертөнц, хаалттай нийгмийг зорьсон арван жил, туулсан 450.000 км замын тухай өгүүлсэн аян замын тэмдэглэл Жахангүшейн замаар буюу Ертөнцийг байлдан дагуулагчдын замаар номын нээлт өнөөдөр Интер номын их дэлгүүрт болсон юм. Энэхүү аян замын тэмдэглэлийн тэргүүн ботид нийгэм соёлын ангид орчинд амьдарч аялахад анхаарах зүйлсээс эхлээд үндэстэн угсаатны зан ааль, зарим газар нутгийн өвөрмөц онцлогын талаар өгүүлсэн байна. Мөн энэ үеэр Монголын эзэнт гүрний байлдан дагууллаас дэлхий дахинд тархан суурьшсан Монголчуудынхаа гарал суурьшлын түүх, уламжлан хадгалсаар байгаа зан заншил, угсаатны онцлог, өнөөгийн аж байдал болон хаалттай гэгдэх улс орнуудад байгаа Монгол соёлын дурсгалуудын тухай Ц.Санчирын үндэсний болон олон улсын 100 гаруй хэвлэлд өгсөн 200 гаруй нийтлэл, ярилцлагын түүвэр болох “Үүц задлах цагаар” номоо уншигчдадаа өргөн барилаа.
С.Отгон