Дээрх хэргээс болж Ливи дахь өөрийн улсын элчин сайдаа алдсан АНУ Суданы нийслэл Хартум хотод суугаа элчин сайдын яамаа хамгаалалтанд авчээ. Суданы Хартум, Тунис, Египтийн Каир хотноо өчигдөр буюу баасан гаригт АНУ-ын эсрэг тэмцэгчдийн жагсаал улам ширүүсч олон мянган хүнийг хамарсан байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр эдгээр улсуудад болсон жагсаалын үеэр наад зах нь долоон хүн амиа алдаад байна. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байдан өчигдөр буюу баасан гаригт Суданы нийслэл Хартум хотноо хүрэлцэн ирж, Суданы Засгийн газрын төлөөлөгчидтэй үүсээд байгаа нөхцөл байдлын талаар авч хэлэлцсэн байна. Цагаан ордноос мэдээлснээр энэхүү уулзалтаар дэд ерөнхийлөгч Байдан хоёр орны дипломат харилцаанд аль болох сэв суулгалгүйгээр асуудлыг шийдвэрлэхэд Суданы Засгийн газар ихээхэн үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгджээ. Дэд ерөнхийлөгч өчигдөр Хартумд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр гурван хүн амиа алдсанд харамсаж байгаагаа илэрхийлж цаашид энэхүү тэмцэл улам ширүүсэхээс болгоомжилж байгаагаа мэдэгдсэн байна.
Хартумд болсон жагсаалын үеэр Герман болон Английн элчин сайдын яамдад жагсагчид халджээ. Одоогийн байдлаар дээрх элчин сайдын яаманд халдлага гарсан нь Европын холбоог мөн цочролд оруулсан хэрэг болов.
Харин АНУ-ын Засгийн газрыг төлөөлөн лалын шашинтнуудыг доромжилсон өнгө аястай дээрх кино олон нийтэд цацагдсан явдалд харамсаж уучлалт гуйсан мэдэгдлээ Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон албан ёсоор хийсэн билээ.