Сүхбаатарын талбайд Номын баяр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.15-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд Номын баяр эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Номын баярын өдрийг тэмдэглэх тухай зарлигийг дэмжиж Монголын Шинжлэх ухааны академи, Үндэсний төв номын сан, Монголын зохиолчдын хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Олуулаа уншъя” аяг есдүгээр сарын 13-наас эхлэн зохион байгуулж эхэллээ.  

“Олуулаа уншъя” аяны эхний өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд 1990 оноос хойш хэвлэгдсэн бурхан шашны холбогдолтой ном судрыг дэлгэсэн үзэсгэлэнгээр нээлтээ хийсэн юм. Түүнчлэн энэ сарын 14-нд Шинжлэх ухааны академи нь Боловсрол, соёлын яамтай хамтран “Ном дор мөргөмү” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл Монголын хүүхдийн ордонд энэ сарын 14-15-нд Монголын Үндэсний номын сангаас “Үнэт ховор номын музей”-г олон нийтэд хүргэж байна. Үндэсний номын санд Ганжуур Данжуураас эхлээд олон чухал түүхийн эх сурвалж болох бүтээлүүд байдаг. Энэ бүхнийг олон нийт дээрх өдрүүдэд үнэ төлбөргүйгээр үзэх боломжийг олгож байгаа юм.

“Номын баярын өдөр”-ийг дэмжсэн “Олуулаа уншъя” аяны олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ энэ сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 10.00 цагт Сүхбаатарын талбайд эхлэх юм.

Мөн тус аяны хүрээнд орон даяар явуулын номын сангийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж, 21 аймаг, нийслэлийн зарим дүүргийн номын санд явуулын номын санг бэлэглэх гэнэ. Явуулын номын сангийн давуу тал нь номын сангаар үйлчлүүлэх боломжгүй болон түүнд хүрч очих боломжгүй иргэдэд хамгийн ойр үйлчилгээ юм. Тиймээс Үндэсний төв номын сангийнхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд явуулын номын сангийн үйлчилгээг иргэдэд хүргэх болсноор талархал хүлээх болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Номын баярын өдрийг тэмдэглэх зарлиг гаргасан нь цаг үеэ олсон онцлууштай санаа байсан тухай аяныг хамтран зохион байгуулагчдын зүгээс тэмдэглэлээ.

Ингээд Та бүхэнд номын баярын өдрийн хүрээнд болох зарим үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн “Номын баярын өдрийг тэмдэглэх тухай” зарлигийг дэмжиж Төрийн болон ТББ, олон нийтийн байгууллагаас хамтран зохион байгуулж буй “ОЛУУЛАА УНШЪЯ” аяны хөтөлбөр

Аяны хүрээнд:

9 дүгээр сарын 14,15-нд: Монголын Үндэсний Номын сангаас “Үнэт ховор номын музей”-г олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

9 дүгээр сарын 15-нд: 10.30-19.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд Номын баяр зохион байгуулагдана.Үүнд: дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.
Монголын Хүүхдийн ордон, Улаанбаатар Чуулгын урлагийн тоглолт, ном солилцох арга хэмжээ, номын бэлэгтэй сонирхолтой тэмцээн,

”Нүүдлийн номын сангийн” автомашин олгох, “нүүдлийн номын сангийн үйлчилгээ” үзүүлэх, Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа гэх мэт, сонирхолтой ажлууд явагдах болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Гантөмөр, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар 12.00 цагт хүрэлцэн ирж үг хэлнэ.

“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг тэргүүний сурагчдад гардуулж, ”Нүүдлийн номын сан”-ийн автомашиныг холбогдох хүмүүст хүлээлгэн өгөх, ном солилцох үйл ажиллагаанд оролцоно.

Нийслэлийн Боловсролын газраас “Номын сар”-ын аянг эхлүүлнэ. Энэхүү аянд нийслэлийн ЕБС, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийг өргөнөөр оролцуулж, ном унших үйл явцыг дэмжсэн урамшуулал, номын солилцоо, хандивын арга хэмжээг  өргөнөөр зохион байгуулна.

Мөн номын сангуудын нээлттэй өдөрлөг, залуучуудын дунд “Ном бол..” илтгэлийн уралдаан, “АХА” , түргэн хэллэгийн тэмцээн зэрэг олон нийтэд нээлттэй  сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Зохион байгуулагчид:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
  2. Боловсрол, Шинжлэх Ухааны яам
  3. Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам
  4. Шинжлэх Ухааны академи
  5. Олуулаа клуб
  6.  “Номын соёл ертөнц” ТББ
  7. Монголын Лектор төв
  8. Монголын Хүний Нөөцийн академи
  9. Мажэстик номын дэлгүүр
  10. Мөнхийн үсэг групп
  11. Монголын сэтгүүлчдын нэгдсэн эвлэл
  12. Монголын Үндэсний номын сан
  13. Монголын Зохиолчдын Хороо
  14. Монголын Залуучуудын Холбоо
  15. Монгол масс медиа ХХК
  16. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз
  17. “Оюунт Монгол” ТББ
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж