Музейн нэгдүгээр давхарт урьд өмнө үзэж харж байгаагүй олон төрлийн гоёмсог цэцэгс харагдав. Сонирхох хүн олон байлаа. Цэцэгс бүр өөрийн донж, үзэмж төдийгүй ач холбогдолтойг үзэсгэлэнг зохион байгуулсан мэргэжилтэн дуулгав. Үзэсгэлэнд буй тасалгааны ургамлыг Монголын хөрсөнд тарьж ургуулсан учраас орчин нөхцөлдөө дасан зохицоод цэцэглэх бүрэн боломжтой гэв. Нийт 120 гаруй төрлийн 400 орчим зүйл сортын ургамал байна. Үүнээс Брунфельсия буюу өчигдөр, өнөөдөр, маргааш гэдэг цэцэг их анхаарал татсан юм. Энэ цэцэг өнгөө өдөр өдрөөр цагаан болгож хувиргадаг гайхалтай шидтэй аж.
Өнгө алагласан цэцэгсээр гэр орон, албан тасалгаа, эргэн тойрноо нимгэлснээр эрүүл амьдралын орчинг бүрдүүлж болно. Тиймээс эндээс цэцэг худалдаж авахаар зорьж ирсэн хүн ч цөөн биш байв. Үзэсгэлэнд тавьсан цэцэгсийн үнэ янз бүр бөгөөд 4000 төгрөгөөс эхэлж буй гэнэ. Том жижгээс шалтгаалан ялгаатай аж. Ховор, хялбар үрждэггүй, гоёмсог цэцэгсийг арай ахиу үнээр худалдаж байсан юм. Үзэсгэлэнгийн туршид мэргэжлийн ургамал судлаачид, туршлагатай цэцэгчид иргэдэд цэцэг сонголт, арчлах, үржүүлэх аргын талаар зөвлөгөө өгч байгаа нь тун олзуурхмаар. Цэцэг бүрийн ач холбогдол өөр байх юм. Шинээр нэмэгдэж ирсэн “Лу мод” гэх цэцэг хүнд бүтээлч энергийг өгдөг аж. Хүрэлцэн ирсэн хүн бүр найрсаг үйлчилгээ, дээр нь анхилуун үнэртэй цэцэгс дунд байгаадаа сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан.
Байгалийн доройтол монголчуудыг нөмрөөд буй цаг үед айл өрх бүр гэртээ тасалгааны цэцэгс ч болтугай тарьж байх нь зүйн хэрэг бололтой. Дэлхийн хөгжилтэй орнууд газрынхаа дийлэнх хувийг ногоон байгууламжаар төлөвлөдөг. Гэтэл Улаанбаатарын хэдхэн хувийг ногоон бүс эзэлдэг нь хатуу боловч үнэн. Харин эрүүл орчин бүрдүүлэх хамгийн боломжтой арга бол өрхийн цэцэгжүүлэлт. Тасалгааны цэцгийн үзэсгэлэнг МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн Ургамал судлалын тэнхимийн 50 жилийн ойд зориулан зохион байгуулж буйгаараа онцлог юм байна. Мөн үзэсгэлэнгийн өнгө аяс жилээс жилд сайжирч, ургамлын төрөл зүйлийн тоо ч нэмэгдэх бололтой. Оролцогчид ийн амлаж байв.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин