Эвтэй байхыг бэлгэдэж багийн харваанд л таван сумаар харвадаг
Өвөг дээдсийн минь аж төрөхүйн их ухаан сур харваанд олон зууны тэртээгээс хадгалагдаж ирсэн түүхэн уламжлалтай. 1950-иад оны сүүлчээс үндэсний сурын харваа спортын нэгдсэн ангилалд багтан, цол зэрэг хүртээдэг болж, багийн харвааг ганцхан өрөг харваж, хожлыг шийдвэрлэх цаг үеэс эхлэн сур харвааны зарим уламжлал орхигдон, одоо бараг мартагджээ. Өнө эртнээс даган хэвшсэн өвгөдийн сургаал мартагдах учиргүйсэн. Алунгоо эхийн таван сумны домог сургаалыг хэрэгжүүлэх нэрийн дор 4 сум тавьдаг уламжлалаа гээж, таван сумаар харвадаг болохоор шийдвэрлэж байгаа бололтой. Харваачид бид сур харвааныхаа түүхэн хөгжил, уламжлалт ёс заншил, дэг жаяг, сургаал бэлэгдлээ тун бага мэддэг болсон нь туйлын харамсалтай, Сурын холбооны зарим удирдлагуудын мэдлэг дутмаг байгаа нь гачлантай. Сур харвааны түүх, хөгжил уламжлалыг сайтар судалж мэдсэний үндсэн дээр юуг нь өөрчилж сайжруулах, ямрыг нь бататган үлдээх вэ гэдэгт ул суурьтай хандахгүй, хэт сэтгэлийн хөөрлөөр хандах нь өрөөсгөл болно. Юм болгоныг шинэчлэх гэж хэт улайрснаас бид чинь цуваа харваа, багийн харваа хоёрынхоо түүхэн уламжлал, онцлох ялгааг ч олж харах чадалгүй болчихож. Одоо хэрэгжүүлэхээр зорьж байгаа Алунгоо эхийн таван сумны домог сургаал нь олон зуун жилийн тэртээгээс 1950-иад оны сүүлч хүртэл багийн харваанд уламжлагдан хадгалагдсаар ирсэн зүйл шүү дээ. Тэгэхдээ их учир утгатай. Өөрөөр хэлбэл олон хүн нэгдэж баг үүсгэн харвадаг харваанд хэрэглэж байсан нь өөрийн эрхгүй сонирхол татдаг юм. Одоогоос 40 гаруй жилийн өмнө хоёр багийн харваачид гурван өрөг харваж, нэг нь нөгөөгөөсөө таван сур татаж байж хожилцдог, таван сур татаж чадахгүй бол хэрүүл маргаан үл гарган, эвтэй найртайгаар хайнцдаг байсныг ахмад буурлууд сайн санаж байгаа. Энэ бол Алунгоо эхийн таван сумны домог сургаалын “эвтэй бол хүчтэй” гэдэг гүн утга агуулга сонгодог хэлбэрээр хэрэгжиж байсны тодорхой баримт юм. Багийн харваа олны хүчин дээр төвлөрдөг бол цуваа харваа зөвхөн өөрийн хүчинд найддаг. Эвтэй бол хүчтэй гэдэг домог сургаал ёсоор цуваа харвааг таван сумаар харвадаг болгох нь хэр оновчтой шийдэл бол доо. “Эвтэй яваарай” гэж сургаж уу, таван сумаар харваарай гэж захиж уу? Аль нь юм бол доо!
Багийн харваа өөрчлөгдөж домог сургаал орхигдоод арван жил ч болоогүй, өвгөдийн сэтгэлийн шарх аниагүй байсан тэр цаг үед өөрт тохиолдсон нэгэн явдлыг толилуулъя. 60- аад оны дундуур харваачид наадамд эрчимтэй бэлтгэж байсан цаг. Нэг өдөр бэлтгэл дээр улсын наадамд хоёр удаа түрүүлж байсан, цуутай мэргэчүүдийн нэг Мишигдоной гуай “Буриад сум яагаад гурван өдтэй байдаг юм бол доо. Их л хурдан явах юм даа” гэж асууж билээ. Тухайн үед нас залуу, юмны учир начрыг олох ухааны цар дутуу байсан болохоор “мэдэхгүй” гэдгээ хэлсэн. Тэрбээр “Монголчууд хөх тэнгэрийн дор ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист гал голомтоо бадраан, үр хүүхдээ өсгөж аж ахуйгаа эрхлэн амьдарсаар байгаа. Бидний амьдралд хэрэглэж хэвшсэн олон сайхан зан үйл, бэлгэдэл байдаг. Түүний нэгээхэн хэсэг сур харваанд ч байгаа. Харваачид дөрвөн сумтай, сум нь дөрвөн өдтэй, нэг босоонд дөрвөн сум тавьдаг, найман сум харвахыг нэг өрөг гэж нэрлэж хэвшсэн. Энэ нь бидний амьдрал ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист үргэлжилж байгааг илэрхийлсэн бэлгэдэл. Оноог самбарт бичихдээ босоо хэлбэртэй, монгол бичгийн аргаар тэмдэглэж байгаа нь монгол хүн босоо заяатай, өөрийн бичиг соёлтой ард түмэн гэдгийг бэлгэдэж харуулсан хэрэг. Самбарт оноог гурван өрөг болгон тэмдэглэж, багийн харваачид гурван өрөг харваж, таван сурын татлаар хожилцож байсан нь гал голомтоо дээдэлж, эвтэй, хүчтэй байгаагийн шинж шүү дээ, бид тулгын гурван чулуу гэж ярьдаг биз дээ” гэж тайлбарлаж өгсөн нь миний санаанаас огт гардаггүй. Мишигдоной гуай, “Халх, буриад сур харвааны зан үйл, бэлгэдэл адилхан юм байна. Харин ч буриадууд гал, нар, сараа хүртэл бэлгэдэлдээ оруулжээ. Та нар хадгалагдаж ирсэн энэ уламжлалаа хөгжөөж явах учиртай юм шүү” гэж захиж зөвлөсөн нь их холч мэргэн ухаан байж дээ. Тэгэхдээ Чингис, Алунгоо гэж нэг ч үг цухуйлгаагүй юмдаг. Бодвол үндэсний үзэлтэн болохоос болгоомжилсон хэрэг биз ээ.