”Судалгааны төв нь хууль тогтоох байгууллагын тархи”

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

”Судалгааны төв нь хууль тогтоох байгууллагын тархи”

Өнөөдөр 2012.09.14 УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн ажилтнуудад сургалт явуулж, туршлага солилцсон АНУ-ын Конгрессын Судалгааны албаны сургагч багш нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын Тамгын газар болон АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Ардчиллын түншлэлийн байгууллагын урилгаар энэ сарын 10-14-ний өдрүүдэд АНУ-ын Конгрессын Судалгааны албаны сургагч багш Фрэнсис Мико, Билл Робинсон нар УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн судлаач, шинжээчдэд зориулан тав хоногийн сургалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтын үеэр ноён Билл Робинсон хэлэхдээ, Би дэлхийн 40 гаруй улсын парламентын үйл ажиллагааг чадавхижуулах чиглэлээр олон сургалт, семинарыг зохион байгуулж байсан. Монголын хууль тогтоох байгууллагын дэргэдэх Судалгааны төвийн ажилчдын ур чадвар, мэдээлэл боловсруулж байгаа арга барил үнэхээр сайн гэдгийг хэлмээр байна. Бүтэц, зохион байгуулалт, арга зүй зэрэг нь бидний санал болгож, танилцуулдаг загвартай адил байна. Энэ нь нөгөө талаараа удирдлагын зөв дэмжлэгтэй холбоотой юм. Судалгааны төвийг хууль тогтоох байгууллагатайгаа нэг дор байлгаж, өдөр тутамд гишүүдтэй харилцаж, мэдээлэл түгээх боломжоор хангасан байгаа нь маш том давуу тал. Олон улсын жишигт ч нотлогдсон зүйл. Академик судалгаа, парламентын судалгаа хоёр эрс ялгаатай гэдгийг онцоллоо.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хариулахдаа, УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн боловсон хүчнийхээ чадварын талаар ийм сайхан зүйл сонсож байгаадаа таатай байна. Судалгааны төв парламенттайгаа ойр байх ёстой гэдэгтээ байр суурь адил байгаа. Өмнө нь хууль тогтоох байгууллагаасаа ангид байж, хэд хэдэн төрлийн арга барилыг хэрэглэж үзсэн. 2008 оноос дэргэдээ авч нилээд анхаарал хандуулсан нь олон талаараа ололт болж байна. Өнгөрсөн дөрвөн жил урьдах 12 жилтэй тэнцэхүйц бүр илүү гарахуйц хэмжээнд ажиллаж, 300 гаруй судалгааны ажил хийсэн. Нийгмийн хөгжил, цаг үеэ дагаад гишүүдээс ирэх судалгааны ажлын захиалга, сэдвийн цар хүрээ өргөжин нэмэгдэж байгаагийн хирээр цаг хугацаа, хүч хөдөлмөр ихээр зарцуулахыг шаардах болжээ. Парламентын судалгааны байгууллага бол хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны тархи байх ёстой юм. Бид ч  Судалгааны төвөө бэхжүүлэх тал дээр УИХ-ын гишүүддээ хэлэх, ярих асуудал багагүй бий. Цаашдаа УИХ-ын Тамгын газрын удирдлагын зүгээс анхаарах ямар асуудал байгаа талаар та бүгдийн саналыг сонсмоор байна гэлээ.
Үр өгөөжтэй судалгааны төв байхын тулд ур чадвартай ажилтнууд хамгийн чухал юм. Орон тоог ихэсгэх боломж тэр бүр байдаггүй учир сайн судлаачдын цалингын хэмжээг анхаарах нь зүйтэй. Мөн орчин үеийн тоног төхөөрөмж, өндөр хурдны интернет ашиглах, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцож, туршлага судлаж, гадаад харилцаагаа өргөжүүлэх зэрэг олон арга бий. Дашрамд дурьдахад, Жил бүр зохион байгууллагддаг Парламентын номын санчдын болон Парламентын судлаачдын ассиоссацийн ээлжит хурал ирэх жил Сингапур улсад болно гэдгийг АНУ-ын Судалгааны төвийн сургагч багш нар тэмдэглэлээ.

 
Редактор Л.ЖАРГАЛМАА

Эх сурвалж: www.open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж