Л.Гансүх сайдыг адал явдалт спорт аялагчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ | News.MN

Л.Гансүх сайдыг адал явдалт спорт аялагчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Л.Гансүх сайдыг адал явдалт спорт аялагчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ

Монголын адал явдалт спорт аялдагчдын холбооны их хурал 2-р сарын 26-нд болж, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэн, шинэ ерөнхийлөгчөө сонгосон. Тус холбооны ерөнхийлөгчөөр БОАЖ-ын сайд Л.Гансүх сонгогджээ. Шинэхэн ерөнхийлөгч маргааш өглөө нь нийслэлийн төв талбайгаас аялагчдаа адал явдалт аялалд үдэн гаргаж өглөө. Явган аяллын төрөлд гэхэд л жил бүр доод тал нь 1000 км зам туулдаг Адал явдалт спорт аялагчдын энэ оны анхны аялал энэ сарын 27-ны өдөр Бурхан Халдун уулыг зорив. Тэд Багануур дүүргээс гараагаа эхлэн Мөнгөнморьт, Хан Хэнтийн нуруу-Бурхан Халдун гэсэн маршрутаар 200 км зам туулах юм.

Энэ удаагийн аялалд Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын спортын холбоод, клубуудын 35 спорт аялагч оролцож байна. 73 настай ахмад, есөн эмэгтэй тамирчин аялагчдын бүрэлдэхүүнд багтжээ. Энэ аялалд Мянганы замаар 1000 км аялсан туршлагатай аялагч н.Баатарчулуун оролцож, аяллын багийг Адал явдалт спорт аяллын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын хэмжээний мастер Б.Жияандорж ахалж байна.

Аялагчид Бурхан Халдун хүрэх замдаа зудад нэрвэгдсэн зэрлэг ан амьтдад өвс тэжээл тараах ажилд хүчин мөхөсдөж байгаа орон нутгийн байгаль хамгаалагчдад туслах юм. Энэ аялал ирэх хавар Сэлэнгэ аймгаас Байгаль нуур хүртэл зохион байгуулагдах Орос-Монголын хамтарсан том хэмжээний аяллыг угтсан сорилт болж байгаагаараа ач холбогдол өндөртэй юм.

Б.ГАЛ /2010.03.01/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж