“Бүлгийн асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэнэ”

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

“Бүлгийн асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэнэ”

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга С.Баярцогт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намаас голчлон анхаарч ажилласан хуулийн төсөл болон бусад хуулийн хэлэлцүүлэг дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ардчилсан намаас гол төлөв анхаарч байгаа ажил бол 2012 оны Төсвийн тодотголын төсөлтэй холбоотой хуулийн төслүүд гэлээ. МАН, “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтран ойлголцлын зөрүүтэй саналууд дээр харилцан санал солилцох зэрэг ажлуудыг хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Орон нутгийн сонгууль, 2012 оны Төсвийн тодотгол, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэрэг асуудалд анхаарал хандуулсан гэв.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдсан. Зарчмын зөрүүтэй саналууд дээр нэг байр сууринд хүрсэн үү?

-Орон нутгийн сонгуулийн хуулийн ажлын хэсэгт МАН, “Шударга ёс” эвслийнхэнтэй хамтран ажилласан. Нийт таван асуудал дээр зарчмын зөрүүтэй байсныг нэг байр сууринд очсон. Харин нэг санал дээр зөрүүтэй байгаа. Суманд мажоритор тойрогт нэр дэвших гэсэн санал дээр зөрөлдөж байгаа.

-УИХ-ын чуулганы хуралдаанд ирц хүрэхгүй байгаагаас МАН бүлэг байгуулахгүй бол чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурь илэрхийлж байна. Зөвшилцөлд хүрээд цааш явах боломж байхгүй юу?

-УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу 24 цагийн дотор шинээр сонгогдсон УИХ-ын даргад бүлэг байгуулах хүсэлтээ ирүүлэх ёстой. МАН-ын хувьд өгч чадаагүй. Хэрэв бүлэг байгуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөвөл хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс энэ гацаанаас гарахын тулд хууль санаачлах шаардлагатай байгаа юм. УИХ-ын дэгийн тухай хууль нь өөрөө Үндсэн хуультай зөрчилдөж байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандах хэрэгтэй. Өөр нэг хувилбар байдаг. Нэг нам нь олонхи болоогүй, эвслийн Засгийн газар байгуулсан, шинэ парламент байгуулагдах бүрт УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байхаар ярилцаж байгаа. Энэ мэт хууль санаачлахад зөвхөн ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломжтой болж байгаа юм. Одоо ээлжит бус чуулганаар зөвхөн УИХ-ын даргын захирамжаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэнэ гэж заасны дагуу дээрх асуудлыг хэлэлцэх  боломжгүй болоод байгаа юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж