УБ явган хүний замгүй хотоор тодорвол бүү гайхаарай

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

УБ явган хүний замгүй хотоор тодорвол бүү гайхаарай

Өнөөдөр хаа сайгүй л эвдэрхий зам байна. Засч сэлбэж байгааг нь буруутгах аргагүй. Машин замаасаа илүүтэй явган хүнийх нь ундуй сундуй хэвээрээ. Яагаад гэхээр явган хүний зам дараагийн асуудал учраас хойш тавьж болно гэж ханддаг. Гүйцэтгэгч компаниудын хувьд ийм байхаас ч аргагүй бололтой юм. Тухайн замын засварыг хийсэн автозамын компани бас явган хүний зам болон зам дагуух гэрэлтүүлгийг хамтад нь хийж гүйцэтгэх учиртай.

Ийм ном журам гараад хэдэн жилийг үджээ. Тийм болохоор автозамаа эхэлж хүлээлгэж өгөөд дараа нь явган хүний зам, гэрэлтүүлэг тэргүүтэй тохижилтын ажлыг эхлүүлдэг аж. Нэгэнт айдаггүйгээ авдартаа хийсэн замын компани явган хүний зам тавих гэж яарч сандрахгүй. Энэ ажлыг гүйцэтгэх хүмүүсээ гаднаас хөлслөн авах нь олон. Хажуугаар нь кабель шугам, траншей гээд ажилд төвөг удах зүйлс бий. Бэлтгэл ажил, хуучныг нь хуулах, шинийг зөөж хураах, элсээ буулгах энэ тэр гээд шат дамжлага мундахгүй.

Хотын төвийн бус болох Монгол бөхийн өргөөнөөс уруудах явган хүний зам бүтэн зуны турш овоолсон шороо, цөмөрч эмтэрсэн хавтантай өнжиж өнөөг хүргэлээ.

Наашлаад 64-ийн буудлын зам дагуух явган хүний зам овоо товон, онож гишгэхгүй бол хааш нь ч холбируулж мэдэхээр болсон. Энэ мэт энхэл донхолтой, эвдэрч хэмхэрсэн зам хаа сайгүй байна. Явган гэж ялгаварлаагүй бол ийм замуудыг эхний ээлжинд засч тохижуулмаар санагддаг. Холынх нь байг гэхэд хотын төвийн явган хүний замаа янзалчих боломж байж л таарна. Явган хүний замтай хамт яригдах нэг асуудал бол стандарт чанарын тухай байх учиртай.биз. Монгол орны өвөл цас мөсөөр бүрхмэл. Иймийг нь мэддэг хэрнээ ихэнх замын хавтан нь гялгар, хальтирамтгай өнгөлгөөтэй байдаг. Заримдаа бүр өнгөлсөн чулуун хавтан ч тавьдаг. Өвөл байтугай зун тэнгэр харуулчих гээд байдаг ийм гулсамтгай хавтангуудаар явган хүний зам тавьж байгааг бодоход энд стандарт гэсэн юм огт байдаггүй юм байна гэж ойлгогддог. Энэ бүхнийг хотын шинэ удирдлагууд маань хоёр чихнийхээ хажуугаар битгий өнгөрөөгөөрэй. Явган хүний замгүй хот гэсэн үг үе үехэн сонсогдоод байдаг юм шүү.

Нийслэлийн Иргэний танхимын анхны хэлэлцүүлгээр дугуйн, явган хүний гэх мэт тус тусдаа замтай болох тухай ярьсан. Ярьсан нь сайн хэрэг, ажил хэрэг болбол бүр ч сайн үйлс болно. Өнгөрсөн онд зам засварт 76 тэрбум төгрөг төсөвлөж байсан аж. Харин өнөө жил нийслэлийн төсвөөс 114 тэрбум төгрөг, хөгжлийн банкнаас 118 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх. Үүнд явган хүний зам засах багтсан байж таарна. Гагцхүү чанар чансаа талаасаа хэр болсныг хэлж мэдэхгүй. Ямартай ч эвдэрч цөмөрсөн явган хүний замаараа нийслэл баян болж. Гэхдээ тэд бүгд буух эзэн, буцах мөртэй. Хэний хийсэн зам хэр удаан тэссэн бэ. Үүнийг нягталж, “нүд хуурсан” компаниудын нүглийг нь арилгуулбал дээргүй юу.

Зам засварын ажлыг нийтэд нь нэг тендер зарлаж хийдэг нь зөв хувилбар биш юм байна. Хэрэв тус тусдаа компани гүйцэтгэх байсан бол нэг ажил нь дууссан байхад нөгөө нь хүлээгдэх нөхцөл бүрдэхгүй биз ээ. Эңэ асуудалд мэргэжлийн хүнээс тайлбар авахад ирэх оноос хоёр тендер зарлаж тус тусад нь хийнэ гэдгийг хэлсэн. Харин явган хүний замыг сэндийчиж хаячхаад өдийг хүртэл засахгүй байгаа нь ямар учиртайг асуувал ажил хийгдэж байгаа гэхээс өөр тайлбар хэлсэнгүй. Мэргэжлийн хүний хэлсэн үг ийм хэнэггүй байхад ажлын явцын байдалд анхаарах хэн байх билээ. Нийслэлчүүдийн толгойны өвчин буурахгүй нэмэгдсээр байгаагийн нэг илрэл энэ байлаа.

О.МӨРӨН

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж