Цэцэрлэгийн хүүхэд бэртсэн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхэд бэртсэн хариуцлагыг хэн хүлээх вэ?

Баянзүрх дүүрэг дэх хүүхдийн клиник сувилал буюу 40 дүгээр яслийн
цонхоор хүүхэд унаж, хүнд бэртсэн. Хүүхдийг нь эцэг эхээс нь эрүүл
саруул хүлээж авсан хэрнээ өндрөөс унагаж хүндээр бэртээсэн. Үүнд хэн
хариуцлага хүлээхийг нэхэн сурвалжиллаа. Улмаар Боловсрол шинжлэх ухааны
яамаар орлоо.


Хариуцлагагүй ажилласан мэргэжилтнийг бид халах эрхгүй

Сургуулийн өмнөх боловсролыг хариуцсан тус яамны ажилтан Ж.Мягмар
хэлэхдээ “Энэ сарын 10-нд нийслэлийн эрүүл мэндийн харьяа хүүхдийн
клиник сувилалаас ой арван сартай хүүхэд хоёр давхрын онгорхой цонхноос
унасан талаарх мэдээ манайд ирсэн. Тиймээс бид хөдөө орон нутаг болон
нийслэлийн бүх ясли, цэцэрлэгт анхааруулах сэрэмжлүүлэг хүргүүлсэн
байгаа. Харин бид сонор сэрэмжгүй ажилласан мэргэжилтнийг ажлаас нь
халах эрхгүй.

Ганцхан тухайн хүнийг ажилд авсан тус яслийн захирал Б.Гэрэлмаа л шийдэх
эрхтэй. Учир нь тус ясли нь энгийн нэг ясли цэцэрлэг бус. Дээр нь
ажиллаж байгаа мэргэжилтнүүд нь эмч сувилагч байдаг.

Шалгалтаар тухайн цэцэрлэгээс зөрчил илрээгүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын сургуулийн өмнөх боловсролыг
хариуцсан улсын байцаагч Ц.Нэргүй хэлэхдээ “Есдүгээр сарын 1-нээс өмнө
бүх сургууль, цэцэрлэг, яслийг үйл ажиллагаа явуулахад бэлэн эсэхийг
манайх шалгасан. Энэ үед 40 дүгээр яслиас ноцтой зөрчил тухайн үед
илрээгүй. Тэгээд ч Эрүүл мэндийн харьяа ясли тул бидэнтэй төдийлөн
холбоотой бус.

Ер нь ясли цэцэрлэг хүлээж авсан хүүхдүүдээ сайтар харж хандах
шаардлагатай байдаг. Урьд яг ийм тохиолдол гарч байгаагүй. Харин
хүүхдүүд бие биенээ санаандгүй байдлаар гэмтээх хэрэг гардаг. Энэ
тохиолдолд эцэг эхчүүд хүүхэд нь хэр гэмтэж бэртсэнээс шалтгаалан
хоорондоо тохироод л өнгөрдөг.

Удахгүй өөр эмнэлэгт шилжүүлж магадгүй

Цэцэрлэгийн цонхоор унаж гэмтсэн хүүхэд Гэмтэл согог судлалын үндэсний
төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байв. Эмчтэй нь уулзаж
биеийн байдлыг нь асуув. Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч
Ч.Энхтүвшин хэлэхдээ “Цонхоор унасан хүүхдийн дагзны яс хугаралттай,
нэлэнхүйдээ цус харвалтын байдалтай ухаангүй ирсэн. Одоо ухаан орсон,
цус сэлбэх эмчилгээ хийж байна. Биеийн байдлыг харж байгаад ердийн тасаг
руу шилжүүлэх эсэхээ шийднэ. Удахгүй өөр эмнэлэг рүү шилжүүлж мэдэх юм”
гэлээ.

Энэ үед Эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа хүүхдийн ээж аав нь Гандантэгчинлэн хийд рүү ном уншуулахаар явсан байв.

Ингээд анх осол гарсан Баянзүрх дүүрэг дэх хүүхдийн клиник сувилал буюу
40 дүгээр ясли дээр очив. Тэд хаалгаа нээж өгөхгүй байсан тул цэцэрлэг
тарах үеэр үеэр очсон юм. Эцэг эхчүүд хүүхдээ авахаар тус сувиллын гадаа
ирцгээсэн байв. Тэднээс зарим зүйлийг тодруулав.

Хүүхэд унасныг эцэг эхүүд мэдээгүй байв


Тэдний хэлж буйгаар “Энд хоёр давхрын цонхноос хүүхэд унасан гэж олон
нийтийн мэдээллийн хэрэгслээр л сонссон. Харин багш нар нь энэ тухай юу ч
яриагүй. Тэгээд ч энд биш хажуугийн цэцэрлэгт хүүхэд унасан гэсэн юм
дуулгасан. Энэ цэцэрлэг Баянзүрх дүүргийн харьяатай 13 A маягттай
хүүхдүүдийг хүлээж авдаг. Ямар нэгэн төлбөр мөнгө авдаггүй” гэлээ.

Цэцэрлэг рүү орж багш нараас нь мэдээлэл авах гэсэн боловч тэд “Энэ
талаар мэдээлэл өгөхгүй. Тэгээд ч захирал, хариуцсан багш нь эмнэлэг
дээр байгаа" гэлээ. Харин үүдний жижүүр нь “Манай захирлын бие нь өвдөөд
байгаа. Эмнэлгээр явна гэж байсан” гэв. Мөн тус цэцэрлэгийг нэг тойрч
харлаа. Хоёр давхрын цонх бүр л хамгаалалтын тортой байсан юм. Харин
цэцэрлэгийн гал тогооны цонх нь онгорхой байсан төдийгүй ямар нэгэн
хаалт, хамгаалалтгүй юм. Хүүхэдтэй холбоотой энэ асуудлаар тус дүүргийн
цагдаагийн хэлтэс цэцэрлэгийн захирал Б.Гэрэлмаа, тухайн үед сувилагчаар
ажиллаж байсан Ч.Оюунцэцэг, хүүхэд асрагч А.Оюунцэцэг нарыг шалгаж
байгаа аж.


Л.Алтанхишиг
"Нийслэл таймс" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж