Нээлтээ хийсэнд баяр хүргэе, санасан түвшиндээ зохион байгуулж чадсан уу?
Баярлалаа. Aмжилттай зохион байгуулагдлаа.200 гаруй хүний баг бүрэлдэхүүн зохион байгуулалтанд оролцлоо. Мөн Монголын загварын салбарынхан маань цаг зав, хүн хүчээ харамгүй хайрлалаа. Энэ өдөр бол Монголчуудын загварын салбарын түүхэнд бичигдэх онцгой өдөр байлаа.
Хэзээнээс цацалтаа хийх талаар хүн болгон сонирхож, зарим нь нэхэж, шаардаж байна?
Aрга хэмжээ маань өөрөө бүхэл бүтэн загварын шоу байсан. Энэ нээлтийн арга хэмжээний тухай контентоор бид эфирээ цацаж эхэлнэ. Дээрээс нь хувцас загвар, гоо зүйн салбарынхан маань өөрсдийн контентоо бэлдүүлэх, цацалтын цагаа хүлээж авахаас эхлээд олон ажил явагдаж байна. Энэ сард эдгээр ажлууд цэгцэрч, цацаж эхэлнэ.
Нээлтийнхээ өдрөө цацалтаа эхэлж болоогүй юм уу?
Яг одоо цацсан ч болно, гэхдээ төлөвлөгөөний дагуу ажил явагдаж байна.Яарч нээхдээ гол нь биш нэвтрүүлгийн чанартаа анхаарал, цаг зарцуулж байна. Төрөлжсөн чиглэлээрээ 100% дагнасан суваг Монголд урд өмнө нь байсангүй, яаран сандран юу ч хамаагүй үзэгдэд хүргэх нь гол биш. Зарим сувгууд шиг олон ангит солонгос кино, улс төр, шар мэдээгээр эфирээ бөглөж, тв чатаар хэдэн клип явуулах ажил биш юм, бид төлөвлөсний дагуу ажлаа явуулж байна.
Дахиад хэд хэдэн гадаадын загварын сувгууд Монголд салбараа нээлээ гэсэн мэдээлэл байна?Зарим нь танайхтай өрсөлдөх гээд байгаа юм шиг харагдлаа?
Гадаадын аль ч загварын суваг орж ирсэн бид инээд алдан угтах болно. Гэхдээ гадаадын суваг цацалтаа хийх, салбараа нээх 2 чинь огт тусдаа асуудал. Салбараа нээнэ гэдэг маань тусгай зөвшөөрөл авна, Улаанбаатар хотод дахиад бүхэл бүтэн суваг байгуулахыг хэлнэ. Байр сав, тоног төхөөрөмж, хүн хүч гээд л Монголд хөрөнгө оруулалт хийгдэж, ажлын байр бий болгоно, татвар төлнө гэсэн үг. Үүнийг салбараа нээнэ гэж хэлнэ. Харин сард ганц 2 минутийн контент бэлдэж гадаадын сувгаар гаргуулсныгаа олон улсад танигдсан телевизийн салбарыг нээж байна, Монголын загварыг дэлхийд гаргана энэ тэр гэж хөөрцөглөх нь ичмээр зүйл. Монголын загварыг дэлхийд гаргана гэдэг үгэнд манайхан хошгордог цаг өнгөрсөн. Дээрхи нөхцлүүдийн аль нь ч байхгүй байхад бидэнтэй өрсөлдөх ямар ч боломжгүй. Манайх чинь Монголын загварын суваг шүү дээ.
Танай сувгийн 09.08-нд болох нээлтийг “хойшилсон” гэсэн ташаа мэдээлэл цацаж, өөрсдийн шоугаа танай арга хэмжээний нэг хэсэг хэмээн ухуулж, танай Фейсбүүк хуудсан дээр сурталчилгаагаа байн байн постлох зэргээр бяцхан шоглоод байгаа нөхдүүдийн талаар юу гэж бодож байна?
Жижигхэн сэтгэдэг, өчүүхэн бодолтой хүмүүс байдаг шүү дээ. Тийм зүйлтэй зууралдах зав алга.
Тэгэхээр Монголд салбараа нээсэн гадаадын загварын суваг байна уу?
Чиглэлээрээ 100% дагнасан манай суваг олон уран бүтээлч, загварын салбарынхны хөлс хүчээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Кабелиар хэдэн ч гадны суваг гарч болно, тэглээ гээд манайхтай харьцуулах шаардлагагүй. Eagle телевиз CNN телевиз хоёрыг өрсөлдүүлж, харьцуулах гээд байгаатай адилхан зүйл болоод байна.
Азийн томоохон хотуудад цацалт хийх асуудал ямар шатанд явж байна?
Холбогдох газруудаар нь шалгагдаад, шүүгдээд явж байна, мэдээж нааштай шийдэгдэнэ. Үүнээс өмнө АНУ төвтэй, Хонг Конг салбартай, Франц төвтэй Сингапур салбартай зэрэг загварын хоёр сувагт Монголын загварын контент бэлтгэн нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Мөн энэ хоёр суваг Монголд сувгаа цацах сонирхолоо илэрхийлсэн байгаа. Манай “Fashion Channel” Монголын загварыг олон улсад сурталчилж болох бүх сувагчилал, арга замыг эрж хайсаар байх болно.Нэгдүгээрт Азийн улс орнуудад “Fashion Channel” сувгийнхаа цацалтыг хийх болно, хоёрдугаарт гадны загварын сувгуудад Монгол загварын контент бэлтгэн нийлүүлнэ.
Дараагийн загварын шоу хэзээ болох вэ? Ер нь Монголд уламжлал болгон зохион байгуулагддаг загварын үйл ажиллагаануудад ямар байдлаар оролцох вэ?
Том хэмжээний загварын шоу гэвэл энэ жилийн 10-11 сарын хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээнүүдийг бид сурвалжилна. Зохион байгуулалтыг ч хариуцах боломжтой. Мөн Япон улсад загварын шоу зохион байгуулах төслийг хэрэгжүүлнэ.
Япон улсад Монголын “Fashion Channel” загварын шоу зохион байгуулна гэсэн үг үү?
Тийм ээ, Монголын хувцас загвар, гоо зүйн салбарын шилдэгүүд очиж ур чадвараа харуулна.
Гоёл наадам, Урлах эрдмээс зохион байгуулдаг загварын долоо хоног зэрэг үйл ажиллагааны талаар хувийн бодол?
Уламжлал болсон сайхан үйл ажиллагаанууд болдог. Одоо цоо шинээр зохион байгуулах цаг болсон гэж боддог.
Танайх Гоёл наадмыг зохион байгуулах сонирхолтой гэсэн үг үү?
Мэдээж, уламжлал болсон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, тэсрэлт хийхийг манай уран бүтээлчид хүсэж байгаа.
Хэрэв та бүхний оролцоо шаардлагагүй бол? Өөрсдийн нэрэмжит наадам гаргаж ирэх үү?
Хамаагүй ээ, бид бүх боломжоороо дэмжиж сурвалжилж, сурталчилах болно. Гоёл наадмыг “Гоё” байгаасай л гэж хүсдэг. Энэ удаагын Гоёл наадам гоё байж чадахгүй бол бид Монголын загварын цоо шинэ наадмын төсөл хэрэгжүүлж, уламжлал болгон зохион байгуулах нь тодорхой.
Нээлтийн урилга гайхалтай байлаа, цаашид зохион байгуулагдах үйл ажиллагааны урилга бас ийм байх уу? Нууц биш бол хаана хийлгэсэн бэ?
Нээлтэнд зориулсан урилгыг Бээжингийн олимпын медаль хийсэн үйлдвэрт захиалсан. 41 шигтгээгээр урласан нээлтийн урилгаа хадгалж чадвал цаашдын үйл ажиллагаанд саадгүй оролцох боломжтой.
Нээлтийн үйл ажиллагаан дээр үзүүлсэн видео артууд их таалагдсан?
“FSM” group загварын сувгаас гадна мэргэжлийн видео студи “Xac media entertainment”, загварын сэтгүүл “Fashion magazine”, фото студизэрэг үйл ажиллагаа явуулдаг. Нээлтэн дээр тавигдсан видео арт бол манай видео студийн уран бүтээл. Ерөнхий Графикч Энхтайван тэргүүтэй видео эдиторууд, зураач Орхонтуул болон дизайнер Ариунаа сүри, нүүр будагч Энхжин, Рюбисалон, Модель Сүгий, залуу Модель Хонгорзул нарын хамтарсан бүтээлүүд юм.
Цаашид энэ чиглэлийн уран бүтээлүүд хэр их гаргах бол?
Манай Ерөнхий продюсер Сүхбаатар энэ талаар удахгүй хийх хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулна.
Аварга 4м өндөртэй туфль хийсэн байсан, одоо хаана байгаа вэ?
Зураач Орхонтуул ба түүний багийнхны бүтээл. Нүхтэд байрлах Corprate hotel & resort-ийн гадаа байгаа. Тэнд очиж үйлчлүүлэхдээ сонирхох боломжтой.
Fashion сэтгүүлийн дараагийн дугаар хэзээ гарах вэ?
“Fashion” сэтгүүл маань сая 09.08-ны өдөр анхны дугаараа уншигчдын гарт хүргэсэн.Уг сэтгүүл он гартал сард 1 дугаар гарна. Цаашид 14 хоногт 1 дугаар гарна. Алтанзагас захиралтай уг сэтгүүлийн анхны дугаарт модель Пүрэвдулам зураг авалтанд орсон. Энэ сэтгүүл зөвхөн манай харилцагчдын гар дээр очих юм. ОХУ, Энэтхэг, БНХАУ дахь модель менежментийн компаниудруу манай сэтгүүл сар болгон хүргэгдэж Монголын загварын талаар мэдээллийг хүргэж байх болно.
Худалдаанд гарахгүй юм уу?
Худалдаанд гарахгүй, хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүл манай сэтгүүлээс загварын ертөнцийн мэдээллийг шууд авч ашиглах боломжтой. Энэ бол бидний загварын мэдээллийг Монголд хүртээмжтэй байлгахын төлөө хүлээсэн үүрэг.
“Fashion Channel” сувгаар 100% загвар гарна гэж ойлгож болох уу? Гадаадын загварын тухай мөн гаргана биз дээ?
100% хувцас загвар, гоо зүй, entertainment контент хүргэх болно.“Fashion Channel” бол Монголын загварын мэдээллийн эх сурвалж учир дэлхий дахины загварын мэдээ, мэдээллийг цоо шинээр нь, газар дээрээс нь мэдээллэх болно.
Удахгүй хийх хэвлэлийн бага хурал хаана зохион байгуулагдаж ямар мэдээллүүд өгөх вэ?
9 сарын 20-ны өдөр болох хэвлэлийн бага хурлаар “Fashion Channel” сувгаар гарах 20 гаран буланг тус бүрээр нь задалж танилцуулна. Энэ улирлын хөтөлбөр, хамтран контент бэлдэх дизайнер, модель, модель агентлаг, үйлдвэрлэгчид, зурагчид, фото студиуд, зураач, гээд бүх хамтран ажиллагч хувь хүн, албан байгууллага, уран бүтээлчдээ танилцуулна. Мөн 10-11 сард зохион байгуулагдах загварын шоуны талаар танилцуулга хийнэ.
Нийт үзэгчиддээ хандаж юу гэж хэлэх вэ?
Монголын загварын салбар хүчтэй гэдгээ харууллаа. Бид тэсрэлтийг үргэлжлүүлнэ.
Баярлалаа.
Нээлтийн арга хэмжээн дээр үзүүлсэн видео арт 1.
Нээлтийн арга хэмжээн дээр үзүүлсэн видео арт 2.