Н.Золжаргал төв банкны ерөнхийлөгч боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Н.Золжаргал төв банкны ерөнхийлөгч боллоо

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар төв банкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг
томилуулах тухай УИХ-ын даргаас өргөн мэдүүлсэн хүсэлтийг хэлэлцээд
гишүүдийн 80 хувийн саналаар дэмжин баталлаа. Чуулганы нэгдсэн
хуралдаанд 55 гишүүн оролцсоноос 44 нь дэмжсэн юм. Н.Золжаргалыг
Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохын өмнө УИХ-ын гишүүн Н.Батцэрэг алт
тушаалт ямар байдалтай байгаа, худалдааных нь зохицуулалтыг хэрхэх
шаардлагатай талаар хариулт өгөхийг хүссэн юм. Н.Золжаргал “Гэнэтийн
ашгийн буюу 68 хувийн татвар бий болохоос өмнө Монголбанкинд жилдээ 25
тонн алт тушаагддаг байсан, уг хууль хэрэгжиж эхэлсэнээр огцом буурсан.
Хэдийгээр эл хууль үйлчлэхээ больсон ч одоо хэр нь төв банкинд тушаагдах
алтны хэмжээ өсөхгүй байгаа. Цаашдаа Монголбанкны алт худалдаж авах үйл
ажиллагааг дэмжих шаардлагатай, Засгийн газрын агентлагуудтай хамтарч
хил гаалиар хууль бусаар алт гарахаас сэргийлэх чиглэлээр нэлээд
ажилласан” гэлээ. Мөн гишүүд арилжааны банкуудын зээлийн хүү, инфляци
хоёрыг нэг оронтой тоо руу зэрэг буулгах боломж хомс ч түүн рүү тэмүүлэх
ёстой гэж байв.

Харин Н.Золжаргал “Инфляци буурах ёстой, олон
жил өндөр инфляцитай явсан. Инфляци өндөр байснаас зээлийн хүү ч өндөр
тогтоогдож ирсэн. Ирэх жилээс төсвийн Тогтвортой байдлын тухай хууль
хэрэгжинэ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инфляцийг нэг оронтой тоо руу
буулгаж, зээлийн хүүг бууруулна гэж заасан. Тиймээс хоёр жилийн
хугацаанд инфлцийг бууруулна, дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүү нэг
оронтой тоонд орох бодитой шаардлага бий” гэж мэдэгдсэн юм.

Төв банкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал томилогдсонтой холбоотойгоор Л.Пүрэвдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.

УИХ-ын
чуулганы нэгдсэн хуралдаанаар төв банкны ерөнхийлөгчийг томилсны дараа
2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэх гэсэн боловч гишүүдийн ирц хуульд
заасан хэмжээнд хүрэхгүйгээс бүлгийн дарга нарыг гишүүдийн ирцээ
бүрдүүлэх даалгаврыг УИХ-ын даргын зүгээс өглөө. Нэгэнтээ хуульд заасан
хэмжээнд гишүүдийн ирц хүрэхгүй байгаа тул түр хуулийн хэлэлцүүлгээ
завсарлуулан Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар МАН-ын
гишүүдэд хандан картуудаа шургуулан саналаа өгөөд төсвийн тодотголыг
яаралтай баталж өгөхийг хүслээ. Харин МАН-ын дарга, УИХ-ын гишүүн
Ө.Энхтүвшин “Бүлэг байгуулах асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэн
шийдвэрлэж өгөх ёстой. Ардчилсан намын бүлэг хуралдаад “МАН-ынхныг
бүлэггүй явуулах нь  тэнгэрийн хишиг” гэж ярьсан байсан. Ард түмний
төлөөллөөс 40 шахам хувийн санал авсан намын төлөөллийг бүлэггүй явуулж
болохгүй” гэж байлаа. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж