![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/3efd2ed562ac8f70/c03b0ebbdf2b1162big.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гацаанд ороод байна, энэ нь гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм. Уг хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч ийн гацаанд орлоо. Арга нь барагдсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хуучин төсөв чинь будаа болчихсон ш дээ. Төсвийнхний цалинг өгмөөр байна, хүүхдийн мөнгө, хөгшдийн тэтгэврээр барьцаалж болохгүй. Нөхцөл байдал хүнд байна, татварын орлого 1.2 тэрбум төгрөгөөр тасарчихсан, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ бид Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгох ёстой ч энэ бүхэн болохгүй болчихоод байна. Тийм учраас та бүхэн төсвөөр бойкот хийж болохгүй, төсвийн тодотголыг дэмжихгүй байгаа бол дэмжихгүй гэдгээрээ саналаа өг” гэсэн юм. Харин УИХ-ын дарга “Өглөө 54 гишүүн ирцэнд орж бүртгүүлсэн. Одоо байхгүй гараад явчихсаныг ажил тасалснаар тооцно. Хурал зохион байгуулагчид гишүүдийн картыг хий, хийхгүй бол ажлаас чинь хална” гэж мэдэгдлээ. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдүүлэхтэй холбоотойгоор ширүүн уур амьсгалд шилжиж, зарим нэг хүмүүсийг ажлаас халах хүртэл нь арга хэмжээ авна шүү гэсэн хатуу сануулгатайгаар үргэлжлэв. Энэ хооронд хурал зохион байгуулагчид эзгүй байгаа гишүүдийн картыг буцаан хийх гэсэн боловч, техник талаасаа ийм боломж байхгүй байгаа тул тэр бүх техникийн боломжийг хангах үүднээс чуулганы нэгдсэн хуралдааныг 1 цагийн хугацаатай түр завсарлууллаа. Энэ хооронд техникийн албаныхан ажиллаж карт сугалж аваад дараа нь дахиад хийхэд ирцэнд ордог байхаар зохицуулахаар ажиллах болж байна. Чуулганы нэгдсэн хуралдааныг 13.00 цагт үргэлжлүүлэх үүргийг УИХ-ын дарга гишүүдэд өгч энэ хугацаанд үдийн цайндаа орж, бэлтгэлээ хангахыг хүсэв.
Г.ДАРЬ