Москвад амьдардаг гүрж үндэстэн бизнес эрхлэгч найзаасаа захидал хүлээн авлаа.
Эдийн засгийн хувьд монголоос дээр гараад байх юмгүй, байгалийн баялаг багатай, ОХУ-тай харилцаагаа бүрэн зогсоосон энэ улсын сүүлийн 5 жилд хийгдэж буй өөрчлөлт, залуу ерөнхийлөгч Сакашвилигийн улс орноо эрс хөгжүүлж буй туршлагыг хаа сайгүй ярьж бичих болсон билээ. Манай гүрж найзыг маань Отар Маркозашвили гэдэг бөгөөд монгол улсад 2 удаа зочилж мэргэжлийн фото зурагчны хувиар Өмнийн говиос Хөвсгөл хүртэл аялж олон сайхан кадрыг хальснаа буулгасан юм. Үүний дараа намайг Гүржид урьж бид 2009 онд бүтэн 7 хоног Гүржийн нутгаар фото зураг авах аялал хийсэн билээ. Тэр үед Гүржид дөнгөж дайн дуусаад их бүтээн байгуулалт, шинэчлэл ид явагдаж байсныг өөрийн нүдээр харж явлаа. Монгол улсад хурдан хугацаанд маш олон өөрчлөлт шинэчлэлтийг хийх шаардлагатай байгаа болохоор Гүржийн туршлагаас судлахаар найздаа захидал илгээв.
Ингээд Отар Маркозашвилигээс ирсэн захидлыг та бүхэндээ хүргэе.
Сайн уу? Анд минь. Эх орны минь талаар эргэн дурссанд сэтгэл минь маш их хөдөлж байна. Миний эх оронд маш олон сонирхолтой үйл явдлууд өрнөж байгаа болохоор хэрэв хэн нэгэнд хэрэг болох зүйл эх оронд минь байгаа бол би ямагт туслахад бэлэн байх болно. Сүүлийн хагас жилийн хугацаанд би байнга л Тбилиси Москвагийн хооронд ирж очиж байна. Тбилисид байдаг орон сууцныхаа засварыг бараг дууслаа, машин худалдаж авсан, офис түрээслэсэн, багаа бүрдүүлж эхлээд байна. Шинэ оноос машины худалдаа болон жуулчны бизнес эрхлэхээр зэхэж байна даа. Москвад өдөр ирэх тусам бүх зүйл улам л муудсаар байна. Тэнд амьдрахад надад хэцүү болсон. Ялангуяа гүрж үндэстэнгүүдэд ямар халтай вэ гэдгийг гадарлаж байгаа биз дээ. Тэндхийн улс төрийн цаг агаар яг л аянга ниргэхийн өмнөх мэт байна.
Одоо реформын талаар … Би улс төрч биш, төрийн албан хаагч биш гэдгийг чи мэднэ, тийм болохоор жирийн иргэн хүний хувьд сэтгэгдлээ бичье.
2005 оны үед Авилга, хээл хахуульд нэвт идэгдэж, хүнд суртал нүүрлэсэн Гүрж улсад реформ хэд хэдэн гол шугам баримтлан хийгдсэн. Хамгийн том өөрчлөлт авилгатай тэмцэх тэмцэл байлаа. Хамгийн түрүүнд өдөр тутмын амьдрал ахуйд нүүрлэсэн авилга, хүнд суртлаас салахын тулд төр болон жирийн иргэн 2 нүүр тулан харилцдаг анхан шатны хүнд сурталт үйлчилгээг маш хурдан, энгийн болгосон. Өөрийнхөө харсан үзсэнээс жишээ болговол :
Машины гаалийн бүрдүүлэлт хийж, өөрийн нэр дээр болгоод улсын дугаар авах үйл явцад би 45 минут зарцуулсан. Ямар ч дараалал байхгүй. 2003 оны Субару Форестер машины гаалийн татвар 800 доллар, хэрэв машин 6 жилээс шинэ, 12 жилээс хуучин бол татвар нэмэгдэнэ. Гүрж улс нь Кавказ болон дундад Азийн орнуудын автотехникийн гол төв болж хувирсан.
Би хуучин жолооны үнэмлэхээ шинээр солиход 15 минут л зарцуулав .10 доллар төлсөн, бас л ямар ч дараалал байсангүй. Иргэний үнэмлэх байхад л хангалттай. Шинэ иргэний үнэмлэх авахад 20 доллар төлөөд 2 долоо хоног хүлээнэ. Хэрэв хурдан авахыг хүсвэл экспресс үйлчилгээний тарифаар мөнгөө нэмж төлнө. Иргэний үнэмлэх маань банкны карт, паспорт, зарим оронд зорчиж болох гадаад паспортыг ч орлоно. Иргэний үнэмлэх байгаа бол машины бичиг баримт, байрны болон газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ огт хэрэггүй. ИРгэний үнэмлэхэд энэ бүх мэдээлэл хадгалаатай байдаг. Үйлчилгээний байгууллагын ажилтанд гар цайлгах мөнгө өгөх хориотой. Хэрэв дэлгүүрт хариулт мөнгийг өгөөгүй болон үнийн саналаас илүү мөнгө авсан бол хуулийг ноцтой зөрчсөнд тооцдог тул хэн ч танаас илүү мөнгө авахгүй.
Үл хөдлөх хөрөнгөтэй холбогдолтой бүх хөдөлгөөн Улсын бүртгэлийн газар дээр явагдах бөгөөд тэнд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгөх баг, нотариат байрлана. Бүх зүйл автоматчилагдсан ба ажиллагсад нь уриалгахан. Хэдхэн өдөрт багтаан таны хүсэлтийг гүйцэтгэх бөгөөд таны бичиг баримт бэлэн болсон талаар гар утсанд тань месеж ирнэ.
Бүх төлбөрт үйлчилгээ тэр л танхимдаа хийгдэх бөгөөд та мөнгөө төлөх гэж банк эрж гүйх шаардлага байхгүй. Миний найз Улсын бүртгэлийн албанд ажилладаг тул чамайг ирэхээр танилцуулж болно. Тэр өөрөө бүгдийг ярьж өгнөө.
Бас нэг сонирхолтой үйлдэл – хэрэв өөрөө нотариус дээр очоод хамтран эзэмшигч тань өөр хотод байгаа бол Скайп ашиглан дүрс бичлэгээр харилцаж хамтран эзэмшигчээ татан оролцуулж болно. Ингэснээр тэр хүн холоос заавал ирэх шаардлагагүй. Замын дүрэм болон татварын хууль зөрчсөн бол таны хөрөнгө чинээтэй холбоотой шийтгэл онооно. Хэрэв олон хүүхэдтэй эх хүн бол 50 доллар, харин банкны захирал бол 10000 доллар ч байж болно. Үүнийг шүүх шийдвэрлэх ба гол санаа нь торгууль нь тухайн иргэнд мэдрэгдэх ёстой.
Мэдээж банкны эзэн, ажилгүй эх хүн 2 адил торгууль хүртвэл нэгэнд нь хэтэрхий хатуу, нөгөөд нь харин дэндүү хөнгөднө шүү дээ.
Хот маань маш цэвэрхэн. Гудамж болгоны аман дээр том том хогийн савуудыг байрлуулж, цэвэрлэгчид тогтмол ажилладаг.
Цагдаагийн байгууллагын шинэчлэл.
Хуучин системд ажиллаж байсан бүх цагдаа, замын цагдаа, хүчний байгууллагынхныг бүгдийг ажлаас нь халсан. Оронд нь маш нарийн шалгалт авч, өмнөх засагтай ямар нэг байдлаар огт холбоогүй шинэ залуусыг ажилд авсан. Урд байснаас 4 дахин цөөн хүн ажилд авч, харин урд авч байсан цалингаас 4 дахин өндөр цалинтай болгосон. Доод тал нь 800 долларын цалинтай. Гэр бүлээрээ нийгмийн хамгаалалтанд хамрагдаж, нийгмийн өндөр статус эдлэнэ.
Шинэ залуус маань маш өөдрөг сэтгэлээр идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа. Хот маань айх аюулгүй тайван болсон. Хоёрхон төрлийн цагдаагийн тасагтай. Эргүүлийн цагдаа –түгшүүрийн дохио өгсөнөөс хойш 3-5 минутанд хэргийн газар ирдэг. Аюулгүй байдлын цагдаа буюу эрүүгийн цагдаа. Замын цагдаа гэх мэт тусгай албадууд огт байхгүй болсон. Жижүүрийн хяналтын алба байгуулагдсан ба утасны дуудлагын дагуу холбогдох албадад мэдэгдэнэ. Модны оройд гацсан муурын зулзага аврахаас авахуулаад үер усны аюул хүртэл бүх дуудлагыг зохицуулах үүрэгтэй. Миний найзууд тэнд ажилладаг тул ирэхээр чинь танилцуулья, тэд өөрсдөө ярьж өгөх биз.
Цагдаагийн байгууллагын шинэчлэлтэй зэрэгцэн олны танил гэмт хэргийн ертөнцийн төлөөлөгчдийг баривчлах, хорих ажил хийгдсэн. Тэднийг хурдан хугацаанд баривчилж, урт хугацаагаар хорьж шийтгэж чадсан.
Өнөөдрийн хувьд энэ байгууллага ажил үүргээ онц гүйцэтгэж байна. Хуучин элитүүд, ажлаас халагдсан хүчний байгууллагынхан, эрүүгийн элементүүд зэрэг хэдэн зуун мянган хүн нэгдэн өнөөдрийн төр засгийн сөрөг хүчин болон зогсож байгаа болохоор ачаа хүнд байгаа. Арми- том биш, маш сайн бэлтгэгдсэн, өндөр цалинтай, мэргэшсэн дотоод хэргийн цагдаагийн арми болж хувирсан. Бид хэнтэй ч байлдахгүй тул улс орны доторх дэг журмыг сахиулах болон хилээ хамгаалах үндсэн үүрэгтэй.
Шинэчлэлийн бас нэг томоохон ажил нь орчин үеийн зам барих ажил дээр хийгдэж байна. Энэ ажил маш хурдацтайгаар хийгдэж хотуудыг орчин үеийн өндөр хурдны замаар холбож байна. Бизнес цэцэглэж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал сэргэж, улс орны аюулгүй байдал сайжирч, ажлын байр бий болж байна. Эмнэлэгүүд баригдаж, хуучин байшингуудаа засаж, хүмүүс ажилтай болж байна. Би хэд хэдэн удаа улс орноороо тойрон аялсан болохоор энэ бүхнийг өөрийн нүдээр харсан юм.
Хүүхдийн хүмүүжил, боловсролд их анхаарч байна. Манай энд хүүхдүүд сайхан өсөж торниж байна. Төрөл бүрийн уралдаан, тэмцээн, олимпиад зохион байгуулж, шагнаж урамшуулж, гадаадад аялуулж байна. Миний найз 5 хүүхэдтэй, гэр дүүрэн баярын бичиг өлгөсөн байна лээ. Манай улсын хамгийн авилгажсан газар гаалийн байгууллага байсан. Англичуудад менежментийг нь өгчихсөн. Харин одоо тэнд бүх юм цэгцтэй, хуулийн дагуу явагдаж байна.
Анхан шат болон дундаж түвшиндээ авилга аль хэдийн байхгүй болсон. Дээд түвшиндээ ямар байгааг би мэдэхгүй л дээ. Байж магадгүй л юм. Гэхдээ энэ улсаас хэн ч гадагшаа мөнгө гаргахаа больсон болохоор улс орныг бүхэлд нь авч үзвэл энэ асуудал тийм ч чухал биш болсон байх.
Байгалийн хий, бензин, цахилгаан урдахаасаа хамаагүй үнэтэй болсоон, тэгсэн мөртлөө шинэ үйлдвэрүүд тогтмол нээгдэж байна. Ойр зуурын бараа бүтээгдэхүүнээс гадна өөрсдийн вагон, цахилгаан галт тэрэг, хуягт машин хүртэл хийж байна шүү дээ. Дундаж цалин 300 доллар байгаа ч хоол хүнс маш хямд. Ер нь гэртээ хоол хийхгүй байж болно. Гудамжаар дүүрэн хоолны газар, кафенууд нээгдсэн. 2009 онд ирж байснаас чинь хойш амьдрал хамаагүй сайжирсан шүү.
Өөр сонирхож байгаа зүйл байвал бичээрэй, гэхдээ хүрч ирээд нүдээр харвал илүү шүү дээ.
2012 оны 9 дугаар сар 5
Холбоотой мэдээ