өдөржин хайжээ. Гэтэл шөнийн 00.30 цагийн үед тамхи, бэлэн гоймонгийн
эвгүй үнэр ханхалсан, оготнын нүхнээс ч дор гэмээр газраас олж ирсэн
байна. Сүүлийн үед энэ үзэгдэл байдаг л нэг зүйл мэт болж хувирчээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард МУИС-ийн ойролцоо орших нэгэн PC тоглоомын
газарт хоёр залуу тоглож байгаад муудалцан, нэгнийхээ аминд хүрсэн
аймшигтай хэрэг гарсан. Компьютерийн программист болон график
дизайнерийн зохиосон хийсвэр орчинд толгойгоо мэдүүлэн донтож,
тоглоомондоо хожигдсоноос нэгнийхээ аминд хүрнэ гэдэг үнэхээр
гутамшигтай. Үүнийг сонссон хүмүүсийн сэтгэл хирдхийж, зарим эцэг, эх
хүүхдээ гэрийн хорионд хүртэл байлгасан. Гэтэл компьютер тоглоом гэх энэ
аюулт тахалд автаж, түүний гүнд нэвчсэн хүүхэд, залуус энэ мэдээг
сонсоод огтхон ч цочрохгүй байна гэхэд хилсдэхгүй.
Үнэнийг хэлэхэд, холбогдох газрууд ч энэ үйл явдалд нэг их ач холбогдол
өгөөгүй. Ихэнх хүмүүс гэмт хэргийн бас нэгэн үүр болж байгаа эдгээр PC
тоглоомын газрыг хааж, тэдний үйл ажиллагааг эмхэлж цэгцлэх байх хэмээн
горьдож байсан. Гэтэл аймшигт хэрэг гарсан тэр газрыг эс тооцвол, PC
тоглоомын газрууд хүрээгээ тэлэн ажиллаж, гэмт хэрэг өссөөр байна.
Ер нь PC тоглоомтой холбоотой гарсан гэмт хэргүүд цөөнгүй байдаг.
Өнгөрсөн жил «22 хүүхдийн хэрэг» гэх тодотголтой нэгэн хэрэг нийслэлийн
Сонгинохайрхан дүүргийн шүүхээр таслагдсан. Тэдгээр хүүхдийн ихэнх нь
PC тоглоомын газарт тоглож байхдаа зодоон, цохион хийсэн, бие биенийхээ
гар утас болон хувцсыг дээрэмдсэн хэргээр ялтны эгнээнд шилжицгээсэн
байдаг.
Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд, залуусын ихэнх хэсэг энэ аюулд
тун ойрхон явна. Өнөөдөр PC тоглоом тоглодоггүй, түүнд донтож, PC
тоглоомын газарт хонож үзээгүй «эрэгтэй» оюутан, сурагч байхгүй гэж
хэлэхэд хилсдэхгүй.
Зарим нэгэн интернэт кафед орвол ёс бус хараалын үгээр хоорондоо
хэрэлдэж, эрэгтэй хүүхдүүдтэй эн тэнцүүхэн буудаж байгаа охидтой ч
тааралдана. Бурхан тэднийг хэзээ ч ингэж зураагүй байхад хүчээр ийн
авирлаж байгаа нь дэндүү гутмаар бөгөөд харамсалтай. Энэ бүгдийг эртхэн
зохицуулахгүй бол эх орны маань ирээдүй хойч үеийнхэн PC тоглоомонд
донтсон сэтгэцийн өвчтэй хүмүүс бас гэмт хэрэгтнүүд болж хувирах вий гэх
эмзэглэл төрж байна.
Харин эдгээр PC тоглоомын газруудыг эмхэлж цэгцлэх, үйл ажиллагаанд нь
анхаарал тавих, хянаж шалгах тухай чихэнд чимэгтэй мэдээлэл саяхнаас
сонсогдлоо. Энэ нь хотын шинэ даргын хийхээр төлөвлөсөн ажлын жагсаалтад
багтсан юм байна. Тиймээс удахгүй энэ эмх замбараагүй газруудад үүсдэг
элдэв асуудлыг нэг тийш нь зохицуулах байх гэсэн найдвар эцэг, эхчүүдэд
төрж байна.
Эх сурвалж: "Өглөөний сонин"