Үйлдвэрлэсэн машинаа өөрөө туршдаг ерөнхий захирал

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэсэн машинаа өөрөө туршдаг ерөнхий захирал

Өнөө жил 49 настай Руперт Штадлер дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарт борлуулалтаараа гуравдугаарт ордог “Audi” компанийн ерөнхий захирлаар 2010 оноос хойш ажиллаж байна. Тэрбээр сүүлийн 15 жилийн турш “Volkswagen Group”-ийн үндсэн бүтэц болон охин компаниудын удирдлагын янз бүрийн түвшинд амжилттай ажилласан хүн юм. “Volkswagen Group”-ийн охин компани “Audi” нь салбартаа BMW, “Mercedes”-ийн араас тав дахь жилдээ удаалж байгаа бөгөөд 2010 онд 2.63 тэрбум, 2011 онд 5.3 тэрбум еврогийн цэвэр ашигтай ажилласан байна.    
      
-Дэлхий нийт эдийн засгийн хямралаас дорвитой өндийж чадаагүй л байна. Автомашин үйлдвэрлэлийн салбарын хувьд ирээдүй ямар байна вэ?

-Би энэ салбарт 20-иод жил ажиллаж байгаа хүний хувьд салбартаа төдийгүй эдийн засагт бүхэлд нь сөрөг чиг хандлага үүсээд буйг ажиглаж байсан учраас хямрал миний хувьд лав гэнэтийн зүйл байсангүй. Зах зээлийн тоглогчид ирээдүйгээс юу хүлээх, маргааш юу болохыг төдий л сайн ойлгохгүй байна. Үйлдвэрлэгчид төдийгүй худалдан авагчид ч тэр. Маргааш ажилтай байх эсэхээ сайн мэдэхгүй байгаа хүн юу юугүй машин худалдаж авахгүй нь лав биз. Борлуулалт унасан нь үнэн. Испанид гэхэд л 50 хувиар буурсан. АНУ-д арай дээр байсан юм болов уу. Ер нь хямрал гэдэг нөгөө талаасаа бол том боломж гэдэг. Энэ үнэн л дээ. Гэхдээ энэ боломжийг юм болгохын тулд зөв шийдвэр гаргах хэрэгтэй юм. Миний үзэж байгаагаар бид зөв чиглэл барьж яваа.

-Зах зээлийн энэ уналт хаана хүрээд зогсох бол?

-Бид хүрэх ёстой ёроолдоо хэдийнэ хүрээд авсан. Одоо байдал тогтворжиж, эрэлт өсөөд эхэлчихлээ. Ид хямралын үе 2010 онд манай борлуулалт 10 хувиар унасан нь өрсөлдөгч нартайгаа харьцуулбал сайн үзүүлэлт юм. Ийм байхад урагшаа алхаж бололгүй яах вэ?

-Герман зэрэг оронд автомашин үйлдвэрлэлийн салбарт төр засаг нь тусламж үзүүлсэн. Энэ тусламж өгөөжөө өгөв үү?

-2009 оноос “экологийн урамшуулал” гэж гарч ирсэн юм. Машинаа шинэчилсэн хүнд  хуучин машинд нь бодож тодорхой мөнгө олгож байлаа. Эрэлт тодорхой хэмжээгээр  өссөн нь үнэн. Гэхдээ арай авсаархан загваруудад хамаатай энэ урамшууллыг одоо олгохоо больсон. Цахилгаан хөдөлгүүртэй машин бүтээхэд улс дэмжлэг үзүүлж байгаа, гэхдээ овойж оцойхоор юм биш. Харин Америкт, тартагтаа тулсан “General Motors”-ыг Засгийн газар нь шууд аварч байгааг харахад гунигтай санагдсан шүү. Ийм нөхцөлд шударга өрсөлдөөн яриад яах юм бэ.

-Танай компани ойрын үед хэрэглэгчиддээ юу амлаж чадах вэ?

-Шинээр олон загвар гаргана. Ойрын ирээдүйд 40-өөд шинэ загвар гарах байх. Гараад удаагүй “Audi Q3”, “А7” гээд нэлээд хэдэн загварт хэрэглэгчид ам сайтай байна. Энэ бол манай стратеги төлөвлөгөөний нэг хэсэг, үр өгөөж нь ч гараад эхэлчихлээ. Манай инженерүүд машиныхаа дизайныг сайжруулахын тулд асар их зүйл хийж байна, хөрөнгө ч их хаяж байгаа. Бидний ойрын зорилго угаасаа тодорхой, тэр нь юу вэ гэвэл 2015 он гэхэд дэлхийн зах зээлд тэргүүлэх. Үүнийг томрох гэж байна гэж ойлгож болохгүй. Хэрэглэгчдийнхээ сэтгэлийг татдаг, хийснээ амжилт болгодгоороо дэлхийд тэргүүлнэ гэсэн үг юм. “Том” байна гэдэг борлуулалтдаа хэтэрхий төвлөрнө гэсэн үг. Энэ бол бидний гол зорилго биш, олон зорилгын маань нэг нь л юм.     

-Дэлхийн бүх хотуудад зөвхөн “Audi” л явдаг байгаасай гэж та хүсдэг үү?

-Аль болох олон л “Audi” явдаг бол сайхан байна. Үнэнийг хэлэхэд АНУ шиг том зах зээлд жилд 100 мянган машин зарлаа ч, энэ бол өчүүхэн юм. Манай машин энд тэндхийн замд бүр олон болоход бүр олон жил хэрэгтэй. Ямар ч байсан бид Ойрхи Дорнод, АНУ гээд дэлхийн бүх л зах зээлд идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна. Гэхдээ гол зах зээл маань урьдын адил Европ, улмаар Зүүн Өмнөд Ази, Хятад байх болно. Жижиг мөртлөө манай бүтээгдэхүүнийг хачин сайн шингээдэг зах зээл бий юм шүү. Их Британид гэхэд л жилдээ 100 мянган “Audi” эзнээ олдог гээд бод доо.

-Таны хувьд зах зээлд компанийн тань эзэлж буй хувь хэмжээ томрох нь чухал уу, олж байгаа ашиг өсөх нь чухал уу?

-Худалдан авагчид маань сэтгэл хангалуун байх нь л чухал. Ийм байвал бидний хувь хэмжээ ч томорно, орлого ашиг ч нэмэгдэнэ.

-Та бол санхүүч мэргэжилтэй хүн. Автомашин үйлдвэрлэлд яаж орж ирсэн бэ?

-Өмнө нь би “Philips” компанид цахилгаан хэрэгслийн эд ангийн үйлдвэрлэл хариуцан ажиллаж байсан. Ажил урагштай байсан боловч тэнд надад нэг тийм амьдлаг байдал дутагдаад байлаа. Машин болохоор ондоо юм. Мэдэрч, хурд хүчийг нь сонжиж, өдөр бүр унаж явж болно. Түүнээс гадна би “Audi”-гийн үйлдвэрийн дэргэд өссөн, энэ брэндэд багаасаа дуртай. Гэхдээ “Philips”-т ажиллахдаа их зүйл сурсаан. 3000 хүнтэй жижгэвтэр үйлдвэр хариуцна. Чанар шалгахаас авахуулаад материал худалдаж авах, маркетинг төлөвлөх хүртэл хамаг ажлыг нь хийж байсан. Нэг ёсондоо бизнесмэн хүний ур чадвараа тэнд хөгжүүлж авсан хэрэг.

-“Audi”-гийн түүхэнд ин­женер мэргэжилгүй анхны ерөнхийлөгч нь та. Үүнээс болоод түвэг учирч байв уу?

-Харин ч эсрэгээрээ. Худалдан авагчийн зүгээс асуудалд хандахыг би их чухалчилдаг. Машинаа янз бүрийн зам дээр туршихад би өөрөө оролцох тун дуртай. Ингэж үзээд, юу нь болохгүй юу нь болж байгааг инженер зохион бүтээгчидтэйгээ хэлэлцэх тун чухал байдаг. Инженерүүд маань ч миний санаа оноог сонсох дуртай байх шиг байдаг. Худалдан авагч машиныг өөрийнхөөрөө дүгнэдэг бол инженерүүд мөн өөрийнхөөрөө гэхдээ худалдан авагчийнхаас огт ондоо өнцгөөс хардаг байхгүй юу. Тэгэхлээр хөндлөнгөөс өгч буй миний ч юм уу хэн нэгний дүгнэлт тэдэнд туйлын хэрэгтэй юм. 

-Компанийн ерөнхийлөг­чийн хувьд биш, хэрэглэгчийн хувьд таны дуртай загвар юу вэ?

-Audi ТТ, R8.

-Компанийг ардчилсан арга барилаар, эсвэл арай хатуу буюу төвлөрсөн аргаар удирдах хоёрын аль нь танд нийцтэй байдаг вэ?  

-Тухайн тодорхой нөхцөлөөс л хамаарна. Ер нь холимог хэлбэрийг чухалчилдаг. “Audi” шиг том компанийг удирдахад зарим тодорхой нөхцөлд бие даасан, эрс хатуу ч гэмээр шийдвэр гаргах шаардлагатай үе бий. Ажилтнууд маань ч санаа бодлыг маань тов тодорхой ойлгох үүднээс гол төлөв ийм хандлагыг хүсч байдаг. Ингэлээ гээд би дарангуйлагч болчихгүй шүү дээ. Ер нь сайн удирдагчид байх ёстой нэг чанар бол бусдад ойлгомжтой тодорхой байх явдал юм.

-Амжилтын шалгуур таныхаар юу вэ?  

-Борлуулалтаа нэмэгдүүлэхэд голчлон анхааарахыг би буруу гэж үздэг. Бидний хувьд хэрэглэгчийг нэгдүгээрт тавьдаг. Шинэ сэргэг бүтээгдэхүүн гаргаж хэрэглэгчдээ баярлуулж, сэтгэлийг нь сэргээхийг л бид чухалчилна. Энэ чиг хандлагыг гол болгосноор бид 2015 он гэхэд жилдээ 1.5 сая машин борлуулдаг болж дэлхийд тэргүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ингэхийн тулд аль болох олон шинэ загвар гаргах хэрэгтэй. Шинэ загвар олноор гаргахын тулд оргилсон, чадварлаг мэргэжилтнүүд хэрэгтэй. Ер нь бид бусдын тэмүүллийг туйлын ихээр татсан ажил олгогч байхыг зорьдог. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд нэлээд шаргуу урагшилсан даа. Ашиг орлогыг тээр хойно тавихгүй нь мэдээж л дээ. Ашгийн өсөлт гэдэг, компанийн гол хөдөлгөгч хүч юм. Ашиг өсөөд л байвал үйлдвэрлэлийн хэмжээ; судалгаа, зохион бүтээх чиглэлийн хөрөнгө оруулалт; төсөл хэрэгжүүлэх хурд өсөөд л байна.

-Сүүлчийн асуулт. Таны өмнөх хоёр ч ерөнхийлөгч энэ албанаасаа дэвшиж, эцэг компани болох “Volkswagen” концерны дээд албан тушаалд очсон. Танд ч ийм карьер хийх хүсэл бий биз?      

-Миний хувьд хамгийн хүсүүштэй алба бол Audi-гийн босс. Тэр албаа л би хашиж байна.    

Б.АМГАЛАН

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж