Д.Медведев “Pussy Riot”-ыг суллах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Д.Медведев “Pussy Riot”-ыг суллах хэрэгтэй гэв

В.Путиныг эсэргүүцсэн утгатай дуу дуулснаас болж шоронд хоригдож буй Оросын панк рок хамтлаг “Pussy Riot”-ын гишүүдийг суллах хэрэгтэй хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Нэгдсэн Орос намын бүсийн уулзалт дээр хэлсэн гэнэ.

ОХУ-ын Ерөнхий сайд хамтлагийн гишүүдэд оноосон ялыг хатуудсан гэж үзэж байгаа аж. Д.Медведев "Тэдэнд маш хатуу ял оноосон. Би үүнийг аймшигтай шийтгэл гэж хэлэх байсан. Би шүүгчийн шийдвэрийг өөрчилж чадахгүй. Гэвч тэд өөрсдөөсөө болж, эсвэл өөр шалтгаанаар тэнэг үйлдэл хийсэн байлаа ч үүнийг ойлгож ухаарахад хангалттай удаан хоригдсон” хэмээн ярьжээ. ОХУ-ын Ерөнхий сайд хамтлагийн гишүүдэд торны цааны зургаан сар илүү хоригдсон нь хангалттай гэж үзэж байгаа юм.

2011 онд Москвад байгуулагдсан “Pussy Riot” хамтлаг анхнаасаа л шуугиан тарьж эхэлсэн аж. ОХУ-ын улс төрийг шүүмжилсэн дуу дуулж гарч ирсэн тэдгээр 12 бүсгүй ярилцлагын үеэр нэрээ огт хэлдэггүй, тод өнгийн баг зүүж, Москвагийн метро, Улаан талбай, троллейбусанд юмуу эсвэл үнэн алдартны шашны цогчин дуганы өмнө тоглож, дүрсгүйтдэг байжээ. Удалгүй тэдний тоглолтын бичлэг, дуунууд интернэтээр тарж эхэлсэн юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард Москвагийн үнэн алдартны шашны нэгэн цогчин дуганд баг зүүж, этгээд хувцасласан “Pussy Riot” хамтлагийн гишүүд  мөргөл дууссаны дараа гэнэт дуулж, бүжиглэж эхлэхэд нь  хамгаалалтын ажилтнууд тараасан юм.

Харин орой нь хамтлагийн “Панк мөргөлчин: Гэгээн эх В.Путиныг хөөж гарга” хэмээх нэртэй клипийг интернэтээр цацсан юм. Сарын дараа хамтлагийн гурван гишүүнийг танхайн хэргээр баривчлан хорьсон билээ.Харин хамтлагийн бусад гишүүд баривчлагдахаас айж, Оросоос дүрвэн гарсан.  Гэвч “Pussy Riot” хамтлагтай холбоотой шуугиан, эмх замбараагүй байдал үүгээр зогсоогүй бөгөөд хамтлагийг дэмжигч залуус Оросын үнэн алдартны шашны сүм, дуганыг гутаан доромжилж, санваартнууд руу халдан, Москвагийн Александр Пушкин, Михаил Ломоносов болон эх орны дайны партизануудын хөшөө дургалуудад баг өмсгөсөн байсан аж.

Мөн Болгарын Софи хотод зөвлөлтийн дайчдын хөшөөг гутаан доромжилж, Киев хотын төв дэх хэлмэгдэгсдийн хөшөөний загалмайг хөрөөдөж,  Псковд үнэн алдартны шашны сүмийн ханыг эрээчсэн хэргүүд гарах болсон аж. Гэвч “Pussy Riot” хамтлагийн гишүүдийг баривчлан хорьсон хэрэг нь өрнөдөд  ОХУ-ын эрх баригчдын нэр хүндийг унагасан бөгөөд хамтлагийн гишүүд баатар болсон билээ. Хөгжмийн ертөнцийн алдартнуудаас дуучин Мадонна, Пол МакКартни болон “Green Day”, “the Red Hot Chili Peppers” зэрэг хамтлагууд В.Путиныг буруутгаж, “Pussy Riot”-ын гишүүдийг суллахыг уриалж байсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж