
Энэ тухай УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Манай намын зүгээс Ардчилсан нам болон бусад намын удирдлагуудад зарчмын зөрүүтэй саналууд дээр зөвшилцөх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу зөвшилцөлд хүрсний дараа чуулганы хуралдаанд оролцоно. Мөн ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх ёстой 13 асуудал байгааг ээлжит бус чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд хэлж байсан. Манай намын бүлгийн асуудлыг хэлэлцэх хүсэлт гаргасан ч хэлэлцэх боломжгүй гэсэн. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ Монголбанкны ерөнхийлөгчийг томилох асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр оруулж ирнэ гэсэн. МАН-ын гишүүд бүгд байгаа. Гэхдээ бид зөвшилцөлд хүрэхээс нааш чуулганы хуралдаанд оролцохгүй” гэлээ.
Ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар 2012 оны Төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг дараа дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлж, холбогдох байнгын хороод хэлэлцэх байсан. Мөн “Тогтоолд нэмэлт оруулах тухай”, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх ёстой. Эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийх байсан юм.
Шинэ Засгийн газар энэ сарын 10-нд УИХ-д Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулсан. Үүний дагуу холбогдох байнгын хороод хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэх байсан юм.
Гэвч ээлжит бус чуулган эхэлсний дараа Монголбанкны ерөнхийлөгч ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа тул дараагийн ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь дэд ерөнхийлөгч Н.Золжаргалыг төв банкны ерөнхийлөгчөөр томилох асуудлыг өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн байлаа. Харин МАН-ын гишүүд “Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалд тусгагдаагүй өөр асуудал оруулж ирж байгаа учраас чуулганд оролцохгүй” гэдгээ мэдэгдсэн.
Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ-ын үйл ажиллагааг сааталгүй явуулах зорилгоор намын бүлгүүдийн завсарлага авахтай холбоотой асуудлыг хугацаатай болгохоор хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан. МАН-ын гишүүд завсарлага авах талаар өнгөрсөн парламентын үед ярьж байсан ч УИХ-ын сонгуулийн дараа буюу цөөнх болсны дараа энэ асуудлыг эсэргүүцэж байна гэх шүүмжлэл дагуулаад буй. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс 10 нь л орон нутаг, гадаад оронд томилолтоор ажиллахаар явангуут МАН-ын гишүүдээр чуулганы ирцийг бүрдүүлэхээс өөр аргагүй байдал үүсээд байгаа юм. Бүлэггүй хэмээн хоёр сарын турш дуншиж яваа МАН-ын гишүүд энэхүү сиймхийг ашиглан бүлэг байгуулах хүсэлт, Орон нутгийн сонгууль, Төсвийн тодотголын төсөлд өөрсдийн саналаа оруулах “боломж”-ийг хайж байгаа бололтой.
Чуулганы хуралдаан цуцлагдсаны дараа Ардчилсан намаас ямар нэг байр суурь илэрхийлээгүй ч хэрэв энэ байдлаар чуулган тасалдаад байвал МАН-ын гишүүдтэй зөвшилцлийн ширээнд суух эсвэл чуулганы танхимд суух гишүүдийн ирцийг бүрдүүлэхэд анхаарал хандуулахгүй бол ээлжит бус чуулган хэр хугацаанд завсарлах нь тодорхойгүй болж байна.