Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Талибууд нүцгэн зураг нь хэвлэлээр гарсан дуулиан дэгдээснийхээ дараа Афганистанд эргэн ирсэн Британийн жонон Гаррийг  устгахыг гол зорилгоо болгон зарлав.  Жононг “Ичгүүртэй байдлаа намжаахын тулд” Афганистанд ирсэн гэдэгт нь талибууд итгэлтэй байгаа гэнэ. Дөрвөн жилийн өмнө талибууд жононгийн амь насанд халдахаар заналхийлж байсан юм.

“Талибан” хөдөлгөөн дөрвөн жилийн дараа Афганистанд ирсэн Бри­танийн жонон  Гарригийн амь нас, эрх чөлөөнд халдахаар дахин заналхийлээ. “Манай оронд Америкийн талд байл­даж байгаа хүн бүр бидний дайсан. Аф­ганистанд ирсэн Гарри жонон бидний гол бай мөн. Бид түүнийг баривчлах эсвэл хөнөөхийн төлөө бүх хүчээ дайчилна” гэж талибуудын төлөөлөгч хэлснийг “Opposingviews” мэдээлжээ.

Гэхдээ Гарри жононг баривчлах хувилбарыг талибууд чухалчлахгүй байгаа гэж AFP онцолсон байна. “Гильменд дэх баазад байгаа жонон Гарри болон Британийн цэргийн албан хаагчдыг устгахын тулд бид бүхнийг хийнэ. Бид түүнийг хулгайлахаар оролдохгүй. Түүнийг алах нь манай зорилго” хэмээн талибын төлөөлөгч агентлагт өгсөн утасны яриандаа өгүүлсэн байна. Британийн талаас энэ талаар тайлбар хийгээгүй байна.

Британийн жонон анх удаа 2008 онд Афганистанд томилогдон очиход талибууд түүнийг олзлон авахаар төлөвлөж байсан. Харин бүтэлгүйтвэл түүнийг устгана гэж байсан талаар “Newsweek” сэтгүүлд талибуудын цэргийн командлалын гишүүн мулла Абдель Карим ярьж байсан юм. Тэр үед аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Гильмендэд ирээд 10 долоо хоног болж байсан жононг  яаравчлан нутаг буцаасан юм.

Жононгийн анхны томилгоо нь маш нууц байдлаар хийгдэж,  энэ мэдээлэл хэвлэлд гарсны дараа томилолтыг зогсоож, эх оронд нь буцаасан. Энэ удаа Британийн эрх баригчид жононг дайтахаар явсан талаарх мэдээллийг нууцлаагүй, энэ тухай мэдээлэл түүнд болон хамт алба хааж буй цэргийнхэнд эрсдэл үүсгэнэ гэж тооцоогүй хэмээн ВВС мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 27 настай жонон Гильменд муж дахь Кэмп Бастион баазад 100 хүний бүрэл­дэхүүнтэй бүлэгт орон ирсэн нь тодорхой болсон юм. Тэрээр бусад цэр­гүүдийн хамт ачааны контейнерт амьдран нисдэг тэрэгний жолоочийн хувьд байлдааны ажиллагаанд оролцох ёстой.

Жоногийн шинэ томилолт нь хэв­лэлээр түүний нүцгэн зураг гарс­ны дараа дэгдсэн дуулианыг саар­магжуулах гэсэн хэрэг хэмээн талибын төлөөлөгч хэллээ. “Ичгүүргүй үйлд­лээ нуухын тулд Гарри британи цэргийнхэнтэй мөр зэрэгцэн тулалдаж байна гэж харуулах ёстой болсон” гэж талибын төлөөлөгч хэлжээ.
 
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр Британийн болон дэлхийн хэвлэлээр Гарригийн нүцгэн гэрэл зургууд нийтлэгдэж дуулиан тарьсан. Хаан ширээ залгамжлагч Чарлз ба Уильяам жононгуудын дараах гурав дахь хүн нь жонон Гарри. Түүний нүцгэн зургийг Лас-Вегаст үдэшлэг хийж байх үеэр авсан байна. Жонон баранд танилцсан бүсгүйчүүдтэй нүцгэлэх болзолтойгоор бильярд тоглож байжээ.

Ш.МЯГМАР


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж