Хөвсгөлийн төв боржин талбайтай болно

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн төв боржин талбайтай болно

Энэ зун Хөвсгөл аймгийнхан Манжийн эсрэг тусгаар тогтнолын төлөө тэмцэгч хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Ойд бэлтгэх ажлыг тус аймгийнхан эхлүүлжээ. Юуны өмнө аймгийн төв Мөрөн сумын төв талбайг боржингоор бүрж Чингүнжавын есөн метр өндөр морьт хөшөөг сүндэрлүүлэхээр болсон байна. Боржин чулууг аймгийн төвөөс холгүй орших Эрхэл нуурын орчмоос татах аж. Мөн баатруудын цогцолбор, аваргуудын цогцолбор гэсэн байгууламжуудыг барихаар болжээ. Тэнд өдгөө аймгийн төвийн төв талбайд оршдог БНМАУ-ын баатар Л.Даваадоржийн хөшөөг шилжүүлэх юм байна. Хөвсгөл аймаг 120 мянган хүн амтай, аймгийн төв Мөрөн сум 40 мянган оршин суугчтай Монгол Улсын хамгийн өнөр өтгөн аймаг юм. Тус аймгаас БНМАУ-ын баатар Л.Гэлэгбаатар, Л.Даваадорж, Ж.Гунгаа, эмэгтэй баатар Л.Цэнд нарын дөрвөн баатар төржээ. Мөн үндэсний бөхийн их аварга Д.Дамдин, Б. Бээжин, Л. Цэвээнравдан нар төрсөн юм. Тэдэндээ зориулж хүндэтгэлийн цогцолбор байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж