Евро мөнгийг аврах нь Германы Үндсэн хуульд харшлах эсэхийг есдүгээр сарын 12-нд эхэлсэн Холбооны Үндсэн хуулийн шүүх шийдэж байна. Европын тогтворжуулалтын санг (ESM) байгуулах нь хууль дүрэм зөрчиж байгаа эсэх талаар ХБНГУ-ын 37 мянган иргэн гомдол гарган шалгуулж байгаа юм. Германы Үндсэн хуулийн шүүх Европын бодлогод нөлөөлсөн шийдвэрийг анхлан гаргаж байгаа нь энэ биш юм.
Евро мөнгийг аврах нь Үндсэн хуулийн ардчилсан зарчмуудыг зөрчив үү? Иргэдэд олон тэрбумын дарамт авчирч болзошгүй үүргийг парламентад тулгах эрх Засгийн газарт байна уу гэх мэтийн олон асуудлыг иргэд гаргасан байгаа. Хэрэв цэц Европын тогтворжуулах механизм бий болгох нь Германы Үндсэн хуулийг зөрчлөө гэсэн шийдвэр гаргавал Европын холбоо ба дэлхийн эдийн засагт таамаглах аргагүй сөрөг үр дагавар гарч болзошгүй гэж ажиглагчид сануулсаар байгаа юм.
Европын тогтворжуулах механизм нь евро бүсийн хямралтай орнуудад туслах байнгын сан маягаар байгуулагдсан. Нийт хуримтлал нь 700 тэрбум евро болж байгаагийн 80 тэрбум нь гишүүн 17 орны шууд татвар. Герман дангаараа бүгдээс илүү буюу 23 тэрбумын татвар төлдөг учраас сангийн зарцуулалтад хориг тавих эрхтэй гэсэн үг. Тогтворжуулах сан ажилдаа ч орж амжаагүй байхад эрх мэдлийнх нь талаар маргаан ид өрнөж байна. Энэ их мөнгө евро бүсийн зарим нэг улсад санхүүгийн дамчдын довтолгооныг няцаахад хангалттай юу? ESM-д сангийн ерөнхий хэмжээг өсгөх зорилгоор банкны лиценз өгөх үү?
Холбооны Үндсэн хуулийн шүүхэд өргөдөл гаргаж, Тогтворжуулалтын санг байгуулах гэрээг батлуулахыг эсэргүүцэж байгаа германчууд ямар хүмүүс байна вэ? Гомдол гаргагчид Германы бүх улс төрийн давхрагийг төлөөлсөн байна. Зүүний намаас эхлээд Баварийн христийн нийгмийн холбооны дарга хүртэл энд нэгдэж байгаа. Шүүхэд гомдол гаргагчид хөрөнгийн шилжилтийн гэрээ болон тогтворжуулалтын сан нь Германы парламентын эрхийг хязгаарлаж байна хэмээн үзсэн. Парламент нь Германы татвар төлөгчдийн мөнгийг хуваарилах гол эрхтэй атал Германы бие даасан төсвийн хэсгийг ESM-ийн хуваарилагч, нэг үгээр евро бүсийн орнуудын Сангийн сайд нар зарцуулан хуваарилах болно гэдэг парламентын эрхэнд халдаж байгаа асуудал гэж гомдол гаргагчид мэдүүлж буй.
Бас тэдний гаргаж байгаа нэг болгоомжлол нь Европын холбоо нь өрийг нийтэд хавтгайруулан хамаатуулж байна гэсэн асуудал болж байна. Европын нэгдсэн валют бий болгохдоо улс тус бүр нь өөрсдийн өрийг төлөх зарчим батлагдсан. Харин одоо Герман еврог аврах арга хэмжээнд өртэй орнуудад туслан өөртөө олон тэрбумын ачаалал үүсгэлээ гэж тэд үзжээ.
Харин Германы Үндсэн хуулийн шүүх Европын тогтворжуулалтын механизмд (European Stability Mechanism, ESM) ХБНГУ оролцохыг зөвшөөрч гомдол гаргагчдын гомдлыг хэрэгсэж үзсэнгүй. Герман энэ механизмын гэрээг батлаагүй евро бүсийн цорын ганц орон байсан юм. Үндсэн хуулийн шүүхийн шүүгчид шийдвэрээ гаргахдаа Герман тогтворжуулалтын санд өгөх санхүүгийн үүргийн дээд хэмжээ нь 190 тэрбум еврогоос хэтрэхгүй байх нөхцлийг үндэслэл болгожээ. Харин энэхүү хэмжээг давахаар бол сангийн дэргэдэх Германы төлөөлөгчид болон парламентын зөвшөөрөл хэрэгтэй гэж цэц үзжээ.
ESM тогтворжуулалтын байнгын сан Германы Үндсэн хуулинд харшлахгүй гэсэн нь Германы болон Европын хувьд сайн мэдээ гэж ХБНГУ-ын канцлер Ангела Меркель үзэж байгаагаа бундестагт үг хэлэхдээ мэдэгдэв. “Герман томоохон эдийн засаг, найдвартай түншийн хувьд хариуцлагыг шийдвэртэйгээр хүлээн авч байна” гэж канцлер хэлжээ. Германы Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр Меркельд хэрэгтэй үед гарлаа. Одоо тус улсын парламентаар 2013 оны төслийн хуулийг хэлэлцэж байгаа юм.