Энэ есдүгээр сарын 12-ноос дэлгэцнээ гарч эхэлсэн “Big fish” киноны найруулагч Б.Батболд буюу реппер B.A.T-тэй ярилцлаа.
-Удаан хүлээлгэсэн “Big Fish” кино дэлгэцнээ гарч эхэллээ. Уг нь кино дэлгэцнээ гарч эхлэнгүүт нээлтийн ёслолоо хийдэг. Харин танайх хэзээ албан ёсны нээлтээ хийх гэж байна даа?
-Мэдээж шинэ кино дэлгэцнээ гарсан эхний өдрөө нээлтээ хийдэг. Харин манай киноныхоо нэгэн гол дүр буюу дуучин Б.Амархүүг ирээгүй байгаа учраас нээлтээ баасан гаригт буюу энэ сарын 14-нд “Өргөө” кино театрт 21.00 цагт хийх гэж байна. Кино маань өөрөө бусад кинотой харьцуулахад өөр болж чадсан учраас нээлтийг арай өөр, онцлог хийх гэж байгаа. Бид хэвлэл мэдээллийнхэнд давуу боломжийг олгохоор кино гарч эхлэж байгаа эхний өдрөө тэдэнд зориулан нээлтээ хийх гэж байна. Харин дуучин Б.Амархүү, Rokit Bay, Gee, гол дүрийн жүжигчид, киноны фэнүүдэд зориулан албан ёсны нээлт, улаан хивсний ёслолын арга хэмжээг ирэх баасан гаригт хийнэ. “Dash film” бол Монголд урлагийн соёлын нэгэн өөр төвшинд авчирья гэж зорьсон кино компани. Энэ бол студи, продакшн биш. Тэд намайг энэхүү бүтээлд ерөнхий найруулагчаар сонгон ажиллуулсан. “Dash film”-ыг энэ удаад зөв сонголт хийсэн гэж би бодож байгаа. Гадны найруулагч, оператор, пост продакшнтай ажиллахын тулд мэдээж өөрсдийн хүч хүрч, зөв харьцаж чадах хүнээ сонгох хэрэгтэй гэдэг дээр “Dash film”-ын захирал Дашка бид хоёр санал нийлж, хамтран бүтээсэн. Киноны санааг Дашка анх гаргасан. “Үйл явдал нь боевик. Үүндээ гадны уран бүтээлчдийг, тэр тусмаа Орос “ах дүү” нараа жаахан харуулмаар байна. Хэдийгээр Монголд олон продакшн кино хийдэг ч гадны өнгө төрхийг харуулья гэдэг үүднээс гадны продакшныг хөлслөе. Надтай хамтраад ажиллаач” гэсэн санал гаргасан. Гэхдээ толгойд байгаа зохиолыг бичих мэргэжлийн хүн хэрэгтэй учраас “Тойм” сэтгүүлийн Д.Энхболдбаатарт хандсан. Өнөөдөр эцсийн байдлаар 11 сарын дараа энэ кино дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болж гарч байна. Бид киноныхоо зураг авалтын 70 хувийг Монголдоо, 20 хувийг АНУ-д, 10 гаруй хувийг нь Хонг-Конгт хийсэн. Манай продакшн дээр ажиллаж байгаа америкчууд “Танай кино “интернэйшнл” кино байна. Олон улсын чанартай, дан ганц Монголын кино ч юм уу, Холливуудын кино гэж хэлэхэд хэцүү. Хүний анхаарал татсан их гоё кино болж байна” гэж дүгнэсэн
-Гаднаас ямар уран бүтээлчид тоглов?
-Бид кинондоо Олег Петелин гэж ОХУ-ын Ардын жүжигчинг тоглуулсан. Тэрээр ихэвчлэн тайзны бүтээл дээр ажилладаг хүн. Та бүхэн киноноос маань Оросын Ардын жүжигчин хүний жүжиглэлтийг олж харах болно. Үнэхээр мундаг жүжиглэлтэй. Мөн Америкт бид шалгаруулалт явуулж хоёр жүжигчин авсан. Нэг нь бол манай киноны гол дүр Гантигийн гар хөл нь болдог, хар тамхи борлуулдаг хар нөхөр байх ёстой. Нөгөө нь FBA-ын цагдаа болж, Монголд ирж манай цагдаагийн байгууллагатай хамтарч хар тамхины хамгийн том, анхны хэргийг илрүүлж байгаа дүр. Манай кинонд Цагдаагийн ерөнхий газар их туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Би энэ ярилцлагаараа дамжуулан Цагдаагийн ерөнхий газар, тусгай хэлтсийнхэн, Эрүүгийн цагдаагийн газрын хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Тэд бидэнд өөрсдийн саналаа хэлэн амьдрал дээр гэмт хэрэг ийм байдаг, үүнийг ингээд эргүүлчих гэх мэтчилэн олон зүйл дээр зөвлөгөө өгч хамтран ажилласан. Үүнийг нь бид кинондоо тусгасан.
-Гол дүрүүддээ яагаад мэргэжлийн жүжигчин гэхээсээ илүүтэй олны танил залуусыг сонгов?
-Киногоо онцлог болгохын тулд олон кинонод давтагдаж байгаагүй дүр төрхийг хайж эхэлсэн. Гэхдээ бас жүжиглэх чадвартай хүмүүсээс сонголт хийсэн. Киноныхоо гол дүрд дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Амгаланбаатарыг сонгосон. Мэдээж бид киноныхоо эмэгтэй гол дүрийг үргэлж цоо шинэ байлгахыг хичээдэг. Яагаад гэвэл манай Монголд сайн жүжиглэдэг эмэгтэй жүжигчин цөөхөн байдаг учраас тэр хүмүүсийг дахин давтагдуулахгүйн тулд шинэ дүр төрхийг хайж ажилласан. Ингээд загвар өмсөгч О.Ариун гол дүрдээ сонгосон. Би түүнийг дүрээ сайн илэрхийлж чадсан гэж дүгнэж байгаа. Дуучин Б.Амархүүгийн хувьд өмнө нь “Татар ажиллагаа” кинонд тоглож, чадвараа харуулчихсан байсан учраас миний эхний сонголт байсан. Хамгийн сүүлд гоё залуу хэрэгтэй байсан нь загвар өмсөгч О.Амгаланбаатар гэдгийг та бүхэн киноноос маань олж харах байх.
-Б.Амархүүг тоглуулсан нь бас л анхаарал татах менежмент үү?
-Мэдээж тэр хүний нэр хүнд асар их хэрэгтэй. Бид киногоо ОХУ-д гаргана гэж төлөвлөсөн. Тэр утгаараа Оросын ардын жүжигчдийг тоглуулсан. Улаан-Үд, Буриад, Казахстан гээд олон газар киногоо гаргах, хүнд хүрэх боломжтой. Киногоо Москвад нээхээр төлөвлөсөн. Нэг кино театрт хоёр хоног гарна. Үүнд Б.Амархүү нүүр царай болж явах юм. Б.Амархүү бол цагдаагийн дүрд үнэхээр сайн нийцэж байсан. Тиймдээ ч энэ дүрийг сайн гаргасан. Өөрөө ч гэсэн цагдаагийн дүрд тоглох сонирхолтой байсан юм. Зохиолоо уншаад маш их таалагдсан гэсэн.
-Бүтэн жилийн турш зураг авалт нь үргэлжлэн өндөр өртөгөөр бүтсэн гэсэн шүү дээ. Энэ кино бусад бүтээлүүдээс юугаараа онцлог вэ?
-Бид киноныхоо туслах найруулагч оператораар Холливуудаас хүн авчирч ажиллуулсан. Тэрээр өнөөдрийн киноны зах зээлийн стандартад номер нэгт жагсдаг “Red One” камераараа зураг авсан. Тухайн камераа эзэмшсэн чаддаг хүнээр нь зураг авахуулахгүй бол Монголд байгаа операторууд ашиглаж чадахааргүй камер гэдгийг би ажлын явцад мэдэрсэн. Би камер болгон адилхан “рек” дараад боллоо гэж ойлгодог байсан. Хэрвээ бид зардал хэмнье гэж бодон зөвхөн камер түрээслэсэн бол их буруу зүйл болох байсан байна лээ. Яг зураг авалтаасаа эхлээд цаашдаа зуун хувь Америкийн продакшны ажил болж чадсан л даа. Эхний зураг авалт дээр “HL Film Works” гэдэг кино компани ажиллаж, пост продакшн дээр “HL Film Works”, “Gimzi” студи хамтран ажилласан. Ямар ч байсан ингэж бүтээсэн кино өөрийн онцлог чанарыг киноныхоо дүр төрхөөр харуулж чадах байх аа гэж найдаж байна.
-Энэ удаагийн уран бүтээлээ түрүүчийн бүтээлтэй зүйрлээд хэлбэл?
-Миний анхны уран бүтээл “Аз ойрхон” кино байсан. Энэ удаагийн киногоо хийхдээ анхны уран бүтээлээ бүх алдаагаа засч чадсан гэж бодож байгаа. Түүнийг би бардам хэлж чадна. Яагаад гэвэл гадны хүмүүсийн туслалцаатай, гадаад туслах найруулагчтай, шал өөр тоног төхөөрөмжтэй, өөр багтайгаар хийсэн учраас. Энэ киногоор өөрийгөө нэг том тамга дарж чадсан гэж бодож байна. Энэ кино Монголын кино урлагт нэг шинэ шат нэмж чадсан гэж хэлнэ. Хамгийн гол нь төрөл жанрын хувьд айхгүйгээр хийж чадсан. Тэгээд ч гадны хүмүүстэй хамтарч уран бүтээл хийх арай өөр байдаг юм билээ. Тэр утгаараа үзэгчдэд сайн хүрэх байх.
-“Dash film” продакшн цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна. Та өөрөө реппер хүн. Уран бүтээл хийж байна уу?
-“Dash film” продакшн дараагийнхаа уран бүтээлийн төлөвлөгөөг гаргачихсан байгаа. Манай киноны продюссер Дашка шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байна. Санаа гээд бүх зүйл тодорхой болоод ирсэн цагт нарийн ширийн асуудалдаа орно. Ямар ч байсан одоо гаргаж байгаа уран бүтээлээ үзэгчдэд зөв хүргээд, маркетингаа аятайхан хийгээд дуусгачихмаар байна. Түүний дараа хоёр дахь ажилдаа орох бодолтой байна. Дууны уран бүтээлийн хувьд киноныхоо дууг би өөрөө дуулсан. Rokit Bay, Тулгат хоёртай хамтраад нэг дуу гаргасан. Маргаашнаас цацаж эхэлнэ. Түүнээс гадна Б.Амархүү, “Киви” хамтлагийн Агийтай хамтраад манай киноны нэг дууг дуулсан. Тэр дуу ч гэсэн маргаашнаас цацагдаж эхлэх байх. Клип нь арай дуусаагүй байгаа юм. Б.Амархүү ирэх баасан гаригт киноныхоо нээлтэд ирээд клипний зураг авахуулах юм.