Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Намар ирчихэж. Танил өнгө, танил аялгуу, нэг л танил мэдрэмж. Намар цагийн эгшиглэн яагаад хавраас өөр, зунтай бүр ч харьцуулшгүй хачин гоё хэрнээ уйтгартай байдаг юм бол. Яагаад намраас хүмүүс ухаарлыг, дурсамжийг олж авдаг юм бол. Тал нутагт намар ирэхэд тариа будаа шаргалтан халиурч, тракторын дуу царцаан дуутай хоршин, хадлан тариагаа бэлтгэх, хадамд охиноо гаргах гээд хөдөөгийнхөн хөөрцөглөж байгаа даа. Үнээн зэлэн дээр мөөрөх тугал, адуугаа хураах залуу, айрагны хамар сэтлэм үнэр, алсхан ганганах ангирын дуу намрын хөдөөг чимдэг. Харин хотод намрын тухай дурсахын завгүй л намар буцчихдаг. Хаашаа л харна, будрах навчис, зэллэх шувуудыг анзаарах сөхөөгүй амьдралд дунд яаран алхах хүмүүс. Би ч гэсэндээ тэр л хүмүүстэй хамт бас л яаран алхаж байгаа шүү дээ.  Хаашаа ингэтлээ яарч, юуны төлөө тэгтлээ хурдлаа  юм бол гэж гайхмаар. Машины сигнаал, ууртай жолоочийн хараал, замын түгжрэл, автобусанд яваа эмгэний бухимдал, замаар гүйлдэх хүүхдүүд, овоолсон шороо, ухсан нүх.

Өглөө ирээд сонин гарчиглахаас ч эмзэглэмээр. Үхэл хагацал, нус нулимс, хов хэрүүл, хоосон, утга учиргүй мэдэгдлүүд, улс төрийн алиа шог явдлууд.  Ирж буцах цагийн өнгийг мэдрэхгүйгээр, модод гөлөглөж навчис будрахыг анзаарахгүйгээр хотын түм түжигнэж, бум бужигнасан амьдралд гэгээн сайхнаас нь илүү бараан зүйлд анхаарлаа хандуулах их болжээ. 

Дарсны ширээний ард нөгөө л хоосон яриа, цэцэрхэл, улс төр.  Зах дэлгүүрт үнийн өсөлт, бухимдал, бас улс төр. Зурагтаа асаах, сонин гарчиглах, радио сонсох, автобусаар зорчих бүрийд нөгөө л улс төр. Улс төрд хүмүүс намраас илүү, хайраас илүү яагаад дурлана вэ.

Охид шохоорхож, хөвгүүдтэй захидал шидэлцэх насныхан хүртэл улстөрийн шог явдлыг сонирхож, дурлаж, дурлуулж явах насандаа залуус хэн нэгэн даргын цүнхийг бариад албан тушаалын мөрөөсөл болж гүйж явах нь өрөвдмөөр. Албан тушаал амьдралынх нь гэгээн сайхан үеэс нь илүү юм гэж үү.  Сэгсэр жаахан хүү том болоод цэргийн дарга эсвэл онгоцны нисгэгч болно гэхээсээ илүү баян хүн болохыг мөрөөдөж, баян болчихвол дарга болоход амархан гэдэгт бат итгэчихэж. Залуус хайрлах завгүй суралцаж, залуус хайрлах завгүй ажиллаж, залуус хайрлах завгүй улс төржиж… Энэ гоё гэж үү.

“Халаас хоосон ч  надад эрх чөлөө байна
Хамгийн гоё нь би залуу байна” гэж нэг хэсэгтээ л Монголын залуусыг байлдан дагуулсан “BX”-ын дуу хэдийнэ мартагдаж, харин өдгөө саарал ордны салаавч ба нударгын асуудал салхинд туугдсан хамхуул мэт залуусын твиттерээр жиргэж, ном уншдаг залуус интернэтийн ховоор амьсгалж, хавархан л номын ширээнээс салсан залуу улстөрийн томоохон зүтгэлтэн болчихсон гүйж явах нэгэн намрын хөнгөн гуниглалууд.

Намар яагаад улс төр өрнөж, намар яагаад улс төр сэргэдэг юм бол. Намрыг улс төргүйгээр, намрыг намраар нь мэдрэхсэн. Ц.Хулангийн шүлэглэснээр “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдрахсан”. Улстөржилгүйгээр, улстөрчдийн хэрүүлд стресстэлгүйгээр шүү дээ.

Н.ХҮСЛЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж