Хуульд дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хатуулагтай гэж ангилж байсныг 25 хүртэл болон 25-40 хүртэл, 40 ба түүнээс дээш хатуулагтай болгож, 25-аас дээш хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна. Онцгой албан татварын хувь хэмжээг ингэж нэмснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Монголд архины тусгай зөвшөөрөлтэй 91 аж ахуй нэгж байдаг бөгөөд онцгой албан татварын орлогын дийлэнх буюу 90 гаруй хувийг эдгээр байгууллагууд бүрдүүлдэг юм байна. Энэхүү хуулийн төсөл батлагдснаар нийгэм болон иргэдийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэж санаачлагчид нь үзэж байгаа. 2012 оны аравдугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлж эхэлснээр 2012 оны төсвийн орлого 21,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх гэнэ лээ.
Ер нь Монголын зах зээл дэх үнийг манай ченжүүд сургаар л тогтоочихдог. Талхны үнэ нэмэгдэж магадгүй гэсэн яриа гарвал маргааш нь шууд л гурилан бүтээгдэхүүний үнийг нэмчих жишээтэй. Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргалаа гэдгээ зарлангуут барилгын салбарынхан орон сууцныхаа метр квадратыг шууд 100-200 мянган төгрөгөөр нэмчихсэн шүү дээ. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт үнийн хөөсрөл үүсэх болсон гол шалтгаан нь Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарласан дөрвөн мянга, 40 мянга, 100 мянга гэсэн тодотголтой бага, дунд орлоготой болон төрийн албан хаагчдын орон сууцжуулах хөтөлбөрөөс болсон гэдгийг эдийн засагчид дуу нэгтэйгээр баталдаг. Анх 2006 онд 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон сууцны метр квадрат нь 300-350 мянган төгрөг байсан энэхүү хөтөлбөрийн сургаар 550-650 мянган төгрөг болж нэмэгдсэн. Дараа нь 2010 онд төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хэрэгжингүүт орон сууцны үнэ 950 мянган төгрөг, өдгөө хамгийн хямдхандаа нэг сая 500 мянган төгрөг болчихоод байна.
Өнгөрсөн өвөл нэгдүгээр сард валютын үнэ өслөө гээд шатахууны үнийг, шатахууны үнэ нэмэгдлээ гээд такси болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ бүгд нэмэгдчихсэн. Эргээд шатахууны үнэ буурлаа гээд сургаар өссөн бараа бүтээгдэхүүний үнэ хямдраагүй юм.
Хоёр жилийн өмнө авто машины татварт өөрчлөлт оруулахтай зэрэгцэн машины үнэ өссөн. Парламентээр хэлэлцэгдээгүй, сураг төдийхөн байхад шүү дээ. Магадгүй хэн нэгэн бизнесийнхний явуулгаар үнийг өсгөнөө гээд нэг нь зарладаг, нөгөө нь нэмдэг ченж маягийн зах зээл л Монголд хөгжөөд байх шиг. Үүнтэй тэмцэх, үнийг тооцоо судалгаагаар өсгөж байна уу, эсвэл сургаар нэмж байна уу гэдгийн хянах ёстой хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ёстой төрийн болоод төрийн бус байгууллагууднь ингэхэд яг ямар ажил хийдэг юм бол. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж том нэртэй, төсвийн мөнгөөр цалинждаг нэг газар бий. Өнгөрсөн өвөл үгсэн хуйвалдаж, үнийг шалтгаангүйгээр нэмсэн байна хэмээн шатахуун импортлогчдыг 17 тэрбумаар торгож байгаагаа сүр дуулиантайхан хэвлэлийнхэнд мэдэгдэж байснаа сарын дараахан гаргасан шийдвэрээ цуцалчихсан. Нэг даргынхаа шийдвэрийг нөгөө дарга нь ирээд цуцалдаг, хэрэглэгчийн төлөө биш “баавгай”-н талд ажилладаг ийм байгууллагыг төсвөөс цалинжуулж, төр тэжээх хэрэг байна уу. Нөөцийн мах худалдаанд гарангуут махны үнэ буурах биш харин ч 1000 төгрөгөөр нэмэгдчихдэг. Ийм л сургаар өсдөг үнэ, сургаар үнийг нэмдэг ченжүүдээс Монголын зах зээл хэзээ салах бол. Тэгсэн цагт л Монголын зах зээлд үнийн хөөсрөл үүсэхгүй, инфляцид идүүлэхгүй байх байсан биз.