НИТХ дахь МАН-ын бүлэг 14 хоногийн завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

НИТХ дахь МАН-ын бүлэг 14 хоногийн завсарлага авлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн
хурлын ээлжит бус гуравдугаар  хуралдаан өчигдөр болж газрын харилцаа,
хот төлөвлөлт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг таслан зогсоох талаар
хэлэлцэх байсан ч НИТХ дахь МАН-ын бүлгээс завсарлага авсан. Учир нь
МАН-ын бүлгийн гишүүд “Нийслэлийн Засаг дарга мөрийн хөтөлбөрөө
боловсруулаагүй, төсөв батлуулаагүй байхад дараагийн ажлаа шийдье гэлээ.
Төсөв мөнгөө батлуулаагүй, мөрийн хөтөлбөрөө боловсруулж батлуулаагүй
байхад дараагийн ажлаа ярих болоогүй” гэж завсарлага авах хүсэлт
гаргасан. Ингээд НИТХ дахь МАН-ын бүлэг 14 хоногийн хугацаатай
завсарлага авч, НИТХ-ын ээлжит бус гуравдугаар хуралдааныг хойшлуулсан.
Яг үүнтэй зэрэгцэн УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй
гэдгээ илэрхийлсэн нь бусад нам, эвслийн бүлгүүд асуудлыг МАН-ынхан
санаатай гацаанд оруулж байна гэж дүгнэхэд хүргэж байгаагаа ч
илэрхийлсэн юм.

НИТХ дэх МАН-ын бүлгийн зүгээс тав хоногийн өмнө
НИТХ-ын даргад Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хуралд танилцуулж,
батлуулах тухай бичиг хүргүүлсэн ч өдий хүртэл Засаг дарга мөрийн
хөтөлбөрөө батлуулаагүй гэж шүүмжилсэн. Гэвч Засаг дарга Э.Бат-Үүл
“НИТХ-аар хэлэлцэх асуудал бол нийслэлчүүдийн хамгийн их хүлээсэн,
шийдвэр харсан чухал сэдэв байсан. Хэрэв МАН-ын бүлэг завсарлага авна
гэвэл бид дэгийн дагуу олонхиороо хурлыг үргэлжлүүлж болно” гэсэн
тайлбар өгсөн юм.

Өнгөрсөн есдүгээр сарын 1-нд зөвшөөрөлгүй
барилга дээр зөвшөөрөлгүй ажиллуулж байсан зуурагч машин 12 настай охины
дээрээс унаж, эрдэнэт хүний амь эрсэдсэн хэрэг гарснаас хойш Нийслэлийн
Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлд баригдаж буй зөвшөөрөлгүй барилгын тоог
гаргаж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарсан. Одоогоор 74 барилга
зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагааг нь
зогсоох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг үүргийг Мэргэжлийн
хяналтын ерөнхий, Нийслэлийн мэргжлийн хяналтын газарт тус тус үүрэг
болгосон юм. Дээрхи асуудалтай холбогдуулан “Газрын харилцаа хот
төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах
арга хэмжээний тухай тогтоол”-ыг өчигдөр НИТХ-аар хэлэлцэх байсан юм.

“МАН
14 хоногоор завсарлага авч байгаа нь Газрын харилцаа, хот төлөвлөлт,
барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох нийслэлийн Засаг даргын
санаачилсан хөтөлбөрийг дэмжихгүй байгаагийн илэрхийлэл” гэх төлөөлөгчид
байлаа.  “Нийслэлчүүдийн хувьд газар, барилгажилт, хот төлөвлөлтийн
асуудал нэг тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудал болоод байгаа. Гэтэл
МАН-ын бүлэг санаатайгаар завсарлага авч байгаа нь энэ асуудлыг
дэмжихгүй байгаа гэсэн ойлголтыг төрүүлж байгаа” гэсэн байр суурийг ч
мөн бусад намын төлөөлөл илэрхийлж байсан.

НИТХ-ын Дэгийн тухай
хуулинд “НИТХ дахь намын бүлэг хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан,
завсарлага авах санал өгөх эрхтэй” гэж заасан байдаг аж. Завсарлага авах
санал өгөхдөө хугацааг өөсрдөө тохиролцоно гэсний дагуу МАН-ын бүлэг 14
хоног завсарлага авахаар болсон юм байна. НИТХ-ын Дэгийн тухай хуулинд
нам, эвслээс хэдий хугацааны завсарлага талаар тодорхой хугацаа
заагаагүй байдаг юм байна. НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсантай холбогдуулан бусад намын бүлэг, эвслийн байр суурийг сонслоо.

МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан:Бид завсарлага авах эрхтэй

-Засгийн
газар мөрийн хөтөлбөрөө боловсруулж Байнгын хороонд өргөн барьсан.  УИХ
төсвийн тодотголыг хэлэлцэж  байна. Харин бид хоцроод байна. УИХ
төсвийн тодотгол хийхээс өмнө бид нийслэлийн төсвийн асуудлыг хэлэлцсэн
байх ёстой. Нийслэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг энэ Засгийн газарт
оруулсан байх ёстой. Нийслэлчүүд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг
дэмжсэн. МАН-ын ч мөрийн хөтөлбөрийг 30 гаруй хувийн саналаар дэмжсэн.
Тэр ч утгаараа бид мөрийн хөтөлбөрт санал хэлэх эрхтэй. Засаг даргын
нөөц хөрөнгөөс төлөвлөөгүй зардал гаргаж байгаа нь хохиролтой гэж 
МАН-ын бүлэг үзэж байна.  Тиймээс 14 хоногийн дотор Засаг дарга мөрийн
хөтөлбөрөө НИТХ-д оруулж батлуулахыг шаардаж, 14 хоногийн завсарлага авч
байгаа.

 МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Баяраа:Завсарлага авсан үндэслэл нь буруу

-Хотын
булан тохой бүрт замбараагүй барилга барьж байна. НИТХ-аас
барилгажилттай холбоотой тогтоол гаргах ажлын хэсэг гарч ажилласан. Энэ
ажлын хэсэгт манай бүлгээс мэргэжлийн хүн орж ажилласан. Маш сайн
тогтоол болсон. Гэтэл өнөөдөр энэ талаар ярихгүй өөр асуудлаар МАН-ын
бүлэг завсарлага авч байгаад харамсч байна. НИТХ-ын төлөөлөгчөөр
сонгогдсон хэн ч бай нийслэлийн эрх ашгийг хөндсөн тулгамдсан асуудлыг
шийдвэрлэх эрхтэй. Засаг даргад эрх байгаа гээд хаях ёсгүй.

Ардчилсан намын бүлгийн дарга Н.Батаа :МАН-ын бүлэг иргэдийнхээ төлөө ажиллах ёстой

-НИТХ
дахь МАН-ын бүлэг завсарлага авч өмнөх Засаг дарга нарын хийсэн хууль
бус газрын наймаа, хууль бус тогтоолыг хамгаалж, ноцтойгоор саад хийлээ.
Өнгөрсөн оны сонгуулиар баталсан МАН-ын төсвийн үйл ажиллагааг
хэрэгжүүлж байгаад МАН-ын бүлэг харин ч баярлах ёстой. НИТХ дахь МАН
хууль бусаар барилга барьсан компаниудыг дэмжиж байна. Нийслэлийн Засаг
дарга мөрийн хөтөлбөр болон төсвийн хөрөнгө батлуулалгүй үйл ажиллагаа
явуулж байгаа гэдэг нь шалтаг юм.   Ер нь Ардчилсан нам баталсан байна
уу, МАН  баталсан төсөв байна уу, хамаагүй. Хүний амь нас эрсэдсэн
томоохон ослууд гарсан учраас энэ асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй.
МАН-ын бүлгийн завсарлага нь нийслэлчүүдийн эсрэг зогссон үйл ажиллагаа
боллоо гэж бодож байна. 14 хоногийн завсарлага гэдэг нь зөвшөөрөлгүй үйл
ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудад үйл ажиллагаагаа улам
өргөжүүлэх хугацаа боллоо. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлгийг ажилдаа
орохыг хүсч байна.

Мөн Хотын дарга Э.Бат-Үүлээс МАН-ын завсарлага авсан талаар тодрууллаа.

Э.Бат-Үүл: МАН маш чухал асуудлыг гацаалаа

-МАН-ын бүлэг завсарлага авчихлаа. Газрын асуудлыг Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой юу?

-Засаг
даргад зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураах бүрэн эрх байхгүй. Энэ
хуралдаанаар Засаг даргад НИТХ-аас газар олгох, хэмжээг зааж, тогтоол
батлах байсан. Засаг даргад эрхзүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд энэ
тогтоолыг батлах байсныг зориудаар гацааж байна. Нийслэлийн мэргэжлийн
хяналтын газрын дарга зөвшөөрөлгүй барилгын асуудлыг шийдэх ёстой.
Мэргэжлийн хяналтын газрын дарга, Улсын ахлах байцаагч акт гаргах ёстой.
Үүнийг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэж хэрэгжүүлдэг. Газрын харилцаа
бол нийслэлчүүдэд хүлээлт үүсгэж байсан чухал асуудал. Харамсалтай нь,
МАН-ын бүлэг гацаачихлаа.

-НМХГ-ын даргыг томилох байсан нь яагаад хойшлоод байна вэ?

-НМХГ-ын
даргыг ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг долоо хоногийн өмнө Мэргэжлийн
хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн. Одоо болтол шийдээгүй байна. Энэ
долоо хоногт зөвшөөрөлгүй барилгууд ажилласаар байгаа. Өнөөдөр
зөвшөөрөлгүй байгаа компаниуд өдөр, шөнөгүй, зарим нь бол өдөр нь
ажиллахгүй, шөнө нь ажиллаж байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэтэл
үүнийг зогсоохын тулд бид их ажил хийх ёстой байдаг. Завсарлага авах 14
хоногийн хугацаанд зөвшөөрөлгүй барилгын компаниуд ч маш их ажил хийж
амжина.  Тиймээс МАН завсарлага авч, НМХГ-ын даргыг томилохгүй байгаа
нь  хугацаа хожих гэсэн нэг арга.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж