Зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг нураая

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг нураая

Хотын дарга зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүү­­сийн дураараа авирлах явдлыг таслан зогсоож, төр төмөр нүүрээ харуулахгүйгээр нийслэлчүүдийн амьд явах эрх баталгаажиж чадахгүй  болчихоод байгаа юм.   Есдүгээр сар гарсаар   хөдөлмөр хамгаа­лалт хангаагүй барилгын үйл ажиллагаанаас болж хоёр хүн амиа алдаж, нэг хүн хүндээр бэртээд буй.  Энэ нь барилгын салбарын үйл ажиллагаа чинь болохгүй байна гэсэн эцсийн дохио бөгөөд энэ асуудлыг цэгцлэхгүй бол газар хөдлөлт ч гэлтгүй нэг л өдөр хэврэгхэн барьсан барилгууд нь нурж олон хүнийг дарж алах эрсдэл нүүрлэчихээд байхад зарим хүмүүс барилга барихад заавал зөвшөөрөл хэрэгтэй юм уу даа гэсэн тайлбарыг хэвлэлээр хийх болж.  Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар “Зөвшөөрөл авна гэж хэдэн жил хөөцөлдөж байхын оронд шууд  барилга барь­чихвал барилгын ком­па­ниудад ашигтай байж болох юм.  Бид таван төгрөг олоод барилга барих гээд зүтгэж байгаа хувийн хэвшлийнхнийг буруутгах биш. Барилгын зөвшөөрлийг өгдөг­гүй төрийн албаных-ны хүнд суртал хэвээрээ байгаатай холбож үзэх хэрэгтэй” гэдэг тайлбарыг сониноор дайж.  Нэг талаар бодоход  бас оргүй ч тайлбар биш байна лээ. Хоёр жилийн өмнө гэхэд барилга барих зөвшөөрөл авахын тулд өмнө  нь 252 хүний гарын үсэг авдаг байсан бол 54 болгож бууруулсан. Гэхдээ энэ 54 хүний гарын үсгийг авахын тулд бас л багагүй цаг авах нь тодорхой. Гэлээ гээд зөвшөөрөлгүй барилга барьж, түүнээс нь болоод хүний амь нас хохирсны бурууг тэд өөрсдөө л үүрэхээс өөр арга байхгүй.

Улаанбаатар хотын замын түгжрэл, бөглөрөл, утаа униар, хог тоосноос дутахааргүйгээр нийслэлчүүдийн аюулгүй амьдрах баталгаанд халдаж буй асуудал бол замбараагүй, зөвшөөрөлгүй баригдаж буй барилгууд. Нийслэлд алга дарамхан газар харагдах юм бол кран “сойгоод”, блок өрөөд эхэлдэг нь  Монголын барилгын салбарт ердийн үзэгдэл болчих­сон. Хэдэн жилийн өмнө ашиг­лалтад авахаар очсон улсын комисс нь барьж дуусан барил­гын шат нь нурснаас амиа алдаж байсан хэрэг ч гарч л байсан. Гэхдээ зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудыг цэгцлэх, тэдний үйл ажиллагааг зогсоох асуудал өнөөдрийг хүртэл яриа төдий байснаас албан ёсоор хэрэгждэггүй байлаа.

Мэдээж, хэн гэсэн гудамжаар зүгээр алхаж байгаад дээрээс нурж ойчсон кранд даруулж, зуурдаар амиа алдахыг хүсэх билээ.  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барьж буй барилга угсралтын ажил эрхлэх үндсэн зөвшөөрөл (БУАЭҮЗ)-гүй 79 барилгын жагсаалт гарсан байна. Тодруулбал, “Гацуур”, “Авзага трейд”, “Орчлон констракшн”, “Өндөр буян”, “Жугамт өргөө”, “Наран урт”, “Эдшил”, “Бат трейд”, “Саруул шилтгээн”, “Гандирс од” зэрэг олон компани зөвшөөрөлгүй, хууль бусаар барилга барьж байсан аж. 

Тухайлбал, МАН-ын том санхүүжүүлэгч гэгддэг Л.Чинбатын “Гацуурт” компани гэхэд л Сүхбаатар дүүрийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр 12 давхар барилга барьж байсан, Хүүхдийн урлан бүтээх төвийн дэргэдэх оффис, үйл­чилгээний зориулалттай “Саруул шилтгээн” ХХК-ийн 12 давхар барилгыг  “Журамт өргөө”, “Аганист” ХХК ямар ч зөвшөөрөлгүйгээр бариад бараг дуусч байгаа аж.  Нийс­лэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан судалгаагаар Сүхбаатар дүүрэгт 16 барилга, Сонгинохайрхан дүүрэгт 17 барилга, Баянзүрх дүүрэгт 18 барилга, Чингэлтэйд тав, Баянголд 12, Налайхад нэг барилга зөвшөөрөлгүй баригдаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  эдгээр барилгыг барьж буй болон захиалагч компаниудад хууль бус үйлдлээ таслан зогсоох шүүхийн албадан албан бичгийг хүргүүлсэн байна.

Түүнчлэн зөвшөөрөлгүй барьж буй  барилгыг ус, дулаан цахилгаанаар хангахгүй байхыг  Ус сувгын удирдах газар, УБДС  ХХК-д  мэргэжлийн байгууллагаас даалгасан байна. Албан шаардлага хүргүүлсээр байтал хууль зөрчин үйл ажиллагаа явуулбал хуулийн дагуу  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас   2-10 сая хүртэл мөнгөн торгууль оног­дуулах бөгөөд зохих арга хэм­жээг авч ажиллахаар болжээ. Нэг метр квадрат талбайгаа  1.500.000-2.500.000-аар үнэлж байгаа барилгынханд 2-10 саяын торгууль гэдэг ёстой л үдийн будаа байлгүй. Тиймдээ ч их л сайндаа торгуулиад л өнгөрнө биз хэмээн дүлий царайлсан, ар талдаа бардсан нөхдүүдэд өнөөдөр л хууль дүрэм гэж юу байдгийг ойлгуулахгүй бол энэ явдал өөгшсөн хэвээр л байх болно. Зөвшөөрлийг нь дараа авчихья, тэгж байгаадл болно биз, мөнгө өгөөд аргалчихна гэсэн ойлголттой нөхдүүдийн зөвшөөрөлгүй баригдсан барил­гыг нураах хэрэгтэй. Тэгж байж л  энэ нь хууль зөрчдөг, барилгын салбарыг зоосны нүхээр харж, мөнгө олох талбар болгодог хүмүүст том сургамж болж чадах юм. Үнэндээ зөвшөөрөлгүйгээр барилга барьж байсан тэдний том хөрөнгөтэй нь ярихгүйгээр нэг нь шийтгэсэн, нөгөө нь шийтгүүлсэн болоод л өнгөрдөг болохоор барилгын салбар дахь хууль бус үйл ажиллагаа дээд цэгтээ хүртэл “хөгжсөн” биз.  Бид бүтээн байгуулалт хийж байна гээд хэзээ мөдгүй нураад унах байшин барих бүр утгагүй. Бүтээн байгуулалт гэж болсон болоогүй барилгуудыг хэлдэг ч юм биш байх л даа. Ямар байсан, хотын мэр шийдвэртээ үнэнч, барилгын салбарт хууль дүрэм гэж юу байдгийг мэдрүүлээсэй гэж нийслэлийн ихэнх иргэн хүсч байгаа. Болсон болоогүй зөвшөөрөлгүй барилгуудыг нураахыг нь нурааж, хураахыг нь хурааж хууль дүрэм ямар байдгийг яс маханд нь шингэтэл ойлгуулаасай гэж иргэд хүлээж байна. Нэг хүний эрх ашгаас нийтийн эрх ашиг ямагт дээ­гүүрт тавигддаг гэдэг шүү  дээ.

Ж.ЭРХЭС


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж