энэ оны эхний найман сард 1788 сая ам.долларын алдагдалтай гарсан гэж
Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь жилийн өмнөхөөс 444.5
сая ам.доллар буюу 33.1 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүнд импорт
экспортынхоос 10.4 хувиар илүү өссөн нь нөлөөлсөн ажээ. Уул уурхайн
салбар эрчимжиж, гадаад худалдааг хөдөлгөөнд оруулж буй гэдэг ч Монгол
Улсын гадаад тэнцэл алдагдалтай байсаар байна. Энэ талаар Санхүү, эдийн
засгийн дээд сургуулийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч Ц.Батсүхээс
тодрууллаа.
-Гадаад худалдааны тэнцэл дандаа л алдагдалтай
гардаг, социализмын үед ч ийм л байсан гэдэг. Гэхдээ монголчууд уул
уурхайгаасаа ашиг олно гээд байгаа өнөө үед энэ нөхцөл ч өөрчлөгдөхгүй
байгаагийн учир юу вэ. Яг өнөөдрийн хувьд үүнийг зөвхөн уул, уурхайн
бүтээгдэхүүн тухайлбал, нүүрсний үнэ буурч байгаатай холбон тайлбарлах
нь хэр үндэслэлтэй вэ?
-Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарч
байна гэдэг нь бид бага юм үйлдвэрлэж, гадагш зарж, түүнээсээ их зүйл
гаднаас авсан байна л гэсэн үг. Манай улсын хувьд үйлдвэрлэл муу
хөгжсөн. Хувцас, техник, хүнс, шатахуунаа бүгдийг нь гаднаас авдаг, өмнө
нь ч тийм байсан. Өнөөдөр ч гэсэн манайх уул уурхайн болон хөдөө аж
ахуйн гаралтай жаахан бүтээгдэхүүн экспортолж байна. Өнөөдрийн хувьд
дэлхийн эдийн засаг хямралтай, тэр тусмаа манай гол импортлогч болох
Хятадын эдийн засаг зогсонги байдалтай байгаа, уул уурхайн
бүтээгдэхүүний үнэ буурч байгаа гадаад худалдааны тэнцэлд голлон нөлөөлж
байгаа нь үнэн. Хятадын эдийн засаг зогсонги байдалтай байгаа учраас
манай улсын нүүрс экспорт шууд хамааралтайгаар багасч, нүүрсний үнэ
болон нийлүүлэлтийн хэмжээ буурч байгаа. Мөн сүүлийн жилүүдэд уул
уурхайн олборлолт, хайгуул ихэссэний хэрээр гаднаас тоног төхөөрөмж
ихээр авч байна. Энэ нь импортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны
тэнцвэрийг алдагдалд нөлөөлж байгаа тал бас бий.
-Бид дэлхийд баялаг
ордтой, маш их орлого олно л гээд байдаг. Таны бодлоор бол гадаад
худалдааны салбар хэзээ ашигтай болох бол?
-Одоо уул уурхайн том
бүтээн байгуулалт өрнөж байна шүү дээ. Үүндээ хэрэгтэй тоног төхөөрөмж
гээд, асар ихийг оруулж ирж байна. Магадгүй хоёр жил ийм байдал
үргэлжлэх байх. Түүний дараа үйлдвэрлэлээ явуулж, гадагшаа
бүтээгдэхүүнээ гаргаад эхлэх үеэс манай гадаад худалдаа сайжрах байх.
Энд бас нэг гол зүйл нь бид дотоодын үйлдвэрлэл сайжруулах хэрэгтэй.
Жишээ нь, Тайвань гэхэд байгалийн баялаг, нөөцгүй. Газар нутгийн хувьд ч
төдийлөн ашигтай байрлалтай биш. Гэтэл тэд ганц нэрийн бүтээгдэхүүнтэй,
түүгээрээ дэхийд танигдсан нь компьтерийнг чип. Гадаад худалдааныхаа
ихэнх орлогыг чипээсээ олдог. Монгол ч гэсэн өөрийн гэсэн томоохон
брэндтэй болох хэрэгтэй. Монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнээ
дэлхийд үнэтэй гаргавал орлоготой ч бас хөрөнгийн хувьд баталгаатай эх
үүсвэртэй болно гэсэн үг. Үндэсний үйлдвэрлэлээ сайжруулж, тэр дундаа
дотоодын бараа бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй
талаар олон жил ярьж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд бид уул
уурхайн гаралтай бүтээгдэхүүн экспортоллоо л гэдэг, үнэндээ зэсийн
баяжмал гэхэд таван зэсийн агуулгатай шороо л гаргаж байна. Үндсэндээ
хамаг л хар ажлыг нь хийгээд, хамгийн хямд бүтээгдэхүүн л гаргаад байна.
Бидний гаргасан анхны бүтээгдэхүүнийг гадаадынхан боловсруулаад, тав
дахин үнэтэй болгоод ашиг олдог. Түүнийг бид эргүүлээд өөрсдөө худалдаж
авдаг байх жишээтэй. Тиймээс л ашигтай гээд байгаа уул уурхайн
салбараасаа эцсийн бүтээгдэхүүнийг гарган зарах хэрэгтэй гэж яригдаад
байгаа шүү дээ. Тухайлбал, зэсийн баяжмал гаргах биш, компьютерийн чип
гэх мэт эд анги гаргачихвал анхдагч түүхий эдээсээ тав дахин үнэтэй,
ашигтай бүтээгдэхүүн болох юм. Нөгөө талаараа импортын бүтээгдэхүүнээ
багасгах замаар гадны бүтээгдэхүүнийг орлохуйц аргаар хэрэгцээгээ шийдэх
хэрэгтэй юм. Жишээ нь, импортоор орж ирж буй бүтээгдэхүүний 20-30
хувийг шатахуун эзэлдэг. Үүний оронд манайх дотооддоо шатахуунаа
үйлдвэрлээд хэрэгцээгээ хангах нь чухал цаг үе ирж байна.