Одоогоор “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “МАК”, “Саусгоби сэндс”-ийн урд хил рүү нүүрс тээвэрлэсэн хүнд даацын автомашинуудын тасралтгүй урсдаг хөдөлгөөн бүрэн зогсч, төмрийн хүдэр олборлогчид үүдээ бариад байгаа гэнэ. Урд хил рүү ганцхан “Энержи Ресурс” компанийн том машинууд явж байгаа боловч нүүрсээ хилээр гаргаж чадахгүй байгаа аж. Учир нь Хятадууд нүүрс, төмрийн хүдэр худалдаж авахгүй байгаа учраас Эрээн хотод таван сая тонн төмрийн хүдэр гацаанд оржээ. Түүхий эдээр цангасан Хятадууд Монголоос нүүрс, төмрийн хүдэр худалдан авахаа больсныг эрэлт багасч, үйлдвэрлэлийн хэмжээ буурсан гэдгээр тайлбарлаж байна. Гэвч үүний цаана Монголын нүүрсийг үнэгүйдүүлэх хятад бодлого ч бий гэнэ.
Хятадууд Монголын нүүрсийг байсхийгээд авахаа больчихдог нь гэм биш зан. Үүнийг Монголын нүүрсийг үнэгүйдүүлж, хямд, бүр хямд, хамгийн хямд үнээр худалдан авч түүхий эдийн бааз болгох гэсэн бодлогоор тайлбарлаж болно. Хятадууд гэнэт ингэж хачин зан гаргаж буй нь анхны тохиолдол биш аж. Өнөөдөр сонины 2011 оны арванхоёрдугаар сарын 1-ний дугаарт бичсэнээр “2011 он гараад хэдхэн хонож байхад Шивээхүрэн-Цэхэ боомтоор Хятадын тал тав хоног хилээ хааж” байжээ. Тэр үед МАК зэрэг хэд хэдэн компанийн нүүрс хил дээр боогдож, зургаан сая ам.долларын урсгал нам зогссон гэдэг.
Мөн тус сонинд бичсэнээр 2012 оны эхээр Өвөрмонголын Баяннуур аймгийн Урд дунд хошууны удирдлага, Нүүрсний нийгэмлэгийнхэн Монголын нүүрснээс тонн тутамд 60-120 юанийн хураамж авах шийдвэр гаргаж, Монголын экспортлогчдыг түншиж байсан аж. Аж үйлдвэрийн индекс нь 50 хувиас доош гарсан Хятадын түүхий эдийн эрэлт багасч, эдийн засгийн хурд удааширсан тухай мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн гол сэдэв болоод байна. Гэвч Хятадын эдийн засгийн хурд удааширсан гэдэг нь Европын өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн доройтолтой ямар ч хамаагүй аж.
Эдийн засгийн үсрэнгүй хөгжил, техникжилт нь эргээд олон сая хүнийг ажилгүй болгож, гудамжинд гаргахад хүргэж буй учраас Бээжингийн эрх баригчид 2009 оны хямралын үед 20 сая цагаач ажилчныг цомхотгосон шиг алдаагаа давтахгүйг хичээж, эдийн засгийн хурдаас илүү хүмүүсээ ажилтай байлгахыг хүсч байгаа гэнэ.
Хятадын Ерөнхий сайд Вэн Жябао саяхан “Ажилгүйдэл маш ээдрээтэй, ноцтой асуудал болоод буй” хэмээн мэдэгдсэнийг “The Telegraph” сэтгүүл онцолсон юм. Хятадад их сургууль дөнгөж төгссөн мэргэжилтэй, чадвартай залууст ч ажил олох туйлын хүнд байгаа гэнэ. Хятадын Засгийн газар 2012 оны эдийн засгийн өсөлтөө буурч, 7.5 хувьтай гарна гэдгийг эртнээс таамаглаж байжээ. Харин эдийн засгийн өсөлт нь таамаглаж байснаар 7.6 хувьтай гарсан юм. Энэ бүхнийг Хятадын төрийн “нэг Хятад, нэг бодлого”-оор тайлбарлаж болно. Одоогоос хорин жилийн өмнө нэг ам.доллар долоон юаньтай тэнцдэг байсан бол одоо ч тэр хэвээр байна. Харин 1993 онд Монголд нэг ам.доллар 390 төгрөгтэй тэнцэж байсан бол Монгол банкны ханшаар нэг ам.долларыг 1394.13 төгрөгөөр худалдан авч байна. 2008-2010 оны дэлхийн санхүүгийн хямралаас Хятад гайгүй өнгөрсөн нь эдийн засагтаа дөрвөн их наяд юанийн хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой. ОУВС-гийн тэргүүн К.Лагард үүнийг царцчихаад байсан дэлхийн худалдааг Хятад аварсан хэмээн ярьсан юм. Хятадын эдийн засагт гурван давуу тал байна гэж ОВУС-ийн тэргүүн Лагард үнэлсэн аж. Түүний хэлснээр бол эхний давуу тал нь Хятад эдийн засгийн өсөлтийг дэмжиж байгаатай холбоотой гэнэ. Хоёрдахь нь Хятад улс эдийн засгийнхаа өсөлтийн чиглэлийг өөрчилж зөвхөн экспортоос хамаардаг байсныг нь өөрчлөн дотоодын хэрэглээний өсөлттэй уялдуулах болсноороо бас нэгэн чухал давуу талтай болж байгааг тэмдэглэжээ. Мөн гурав дахь чухал давуу тал нь ашиг орлогын харьцангуй тэгш хуваарилалтыг хийж чадаж байгаа явдал гэж үзсэн байна.
Монгол Улс 2005 оноос нүүрсээ экспортолж эхэлсэн бөгөөд дотоодын худалдаалагч компаниуд нүүрсийг зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр худалдаалж ирсэн нь Хятадын жинхэнэ зах зээлд хүргэлгүй, наана нь худалдчихдагтай холбоотой. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ чанараасаа хамаарч 150-300 ам.долларын ханштай байхад Монголын нүүрс экспортлогч компаниуд нэг тонн нүүрсийг дээд тал нь 117 ам.доллараар худалдаалж байгаа аж. Гэвч 117 ам.доллар нь Монголын экспортын нүүрсний хамгийн өндөр ханш бөгөөд нэг тонныг 33 ам.доллараар худалдаалж буй компани ч бий гэж “Монгол нүүрс” ассоциацийн захирал Т.Наран News.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурьджээ. “Энержи ресурс” компани нэг тонн нүүрсийг 117 ам.доллараар, “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг 94 ам.доллараар, “Саутгоби сэндс” 40 ам.доллараар, “Тавантолгой” ХХК ердөө 33 ам.доллараар Хятад руу экспортолдог гэнэ. Монголын нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байсан бөгөөд үнэ нь ч дагаад өсөх хандлагатай болж ирсэн билээ. Статистик судалгаанаас харахад Монгол Улс 2010 онд 18.3 сая тонн, 2011 онд 22.5 сая тонн нүүрс Хятад руу эксптортолсон аж. Харин энэ онд 41.6 сая тонн нүүрс экспортлох прогноз гарч, эрх баригчид тэр мөнгийг хэрхэн зарцуулахаа хэдийн тооцсон ч энэ оны эхний долоон сарын байдлаар дөнгөж 10 сая тонн нүүрс л экспортолжээ. Он гарсны дараа нэг тонн нь 120 ам.долларт хүрч байсан нүүрсний үнэ одоогийн байдлаар 50-60 ам.доллар болтлоо буурчихаад байгаа бөгөөд шинжээчдийн хэлж буйгаар нүүрсний үнэ 2016 он хүртэл сэргэхгүй гэнэ.