-Ирэх дөрвөн жилд хэрэгжих Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Сөрөг хүчний зүгээс нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Хамгийн эхэнд л гэхэд мөрийн хөтөлбөрийн төсөлтэй танилцах боломжоор хангаагүй гэж байсан. Эсвэл танилцуулах шаардлагагүй юм уу?
-Мэдээж УИХ-аар хэлэлцэгдэх төслүүд УИХ дахь намууд, гишүүдэд цаасан хэлбэрээр очсон байх журамтай. Тэр дагуу л явсан. Танилцах боломж ч хангалттай байгаа. Ингэж шүүмжилж байгаа хүмүүс ямар өнцгөөс нь харчихаад ингээд байгааг ойлгохгүй юм. Цаашдын хэлэлцүүлгийн үеэр ч үзэж танилцах боломжууд нь бий.
-Мөрийн хөтөлбөрийг мөн тодорхой зүйл заалтгүй, хэрэгжих хугацаа, хариуцах эзэнгүй байна гэсэн?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь эвслийн Засгийн газарт орж ажиллаж буй намуудын мөрийн хөтөлбөрийн дэвшилттэй, хэрэгжих боломжтой заалтуудыг авч боловсруулагдсан. Улс төрийн намуудыг сонгуульд оролцох үед үүнийг нь аудитын байгууллага мөн хянасан тул хэрэгжих үндэслэл байгаа гэдгийг баталж буй юм. Засгийн газар ч тухай тухайн жилд нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хариуцах эзэн зэргийг тодорхой болгоод цааш нь нарийвлаад явна. Миний бодлоор мөрийн хөтөлбөр нь товчхон, цэгцтэй байх ёстой.
-МАН-ын гишүүд “өнгөрсөн дөрвөн жил нийт 250 мянган ажлын байр бий болгох зорилт тавьж байсан. Гэтэл засгийн хөтөлбөрт дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгоно гэж хөтөлбөртөө тусгасан байна. Энэ нь шинээр хөдөлмөрийн зах зээлд орж ирж байгаа ажлын байрны тоог ч гүйцэж давж чадахгүй байна” гэсэн тоо танилцуулж байна?
-Үнэхээр бодит амьдрал дээр 250 мянган хүн ажилтай болсон уу гэдгийг өнөөдөр нотолж чадахгүй байна. “Ажилгүйдэл улам нэмэгдэж байна” гэсэн тоо л Статистикийн газраас байнга орж ирдэг. Зар гаргасныгаа ажилд авсан гэж үзвэл нэг өөр тоо гарах байх. Бодитойгоор ажилд ороод ямар орлоготой болов гэвэл бас өөр тоо гарна.
-Та ч гэсэн МАН-ын гишүүдийг УИХ-д бүлэгтэй гэж үзэхгүй байгаа юу?
-Би хувьдаа сул гишүүд л гэж харж байна. Хуулийнхны хэлж буй тайлбарууд ч ийм байгаа. Өөрсдөө анх тэр хуулийг гаргаж байсан нөхдийн өөрсдийнх нь л алдаа. Бүлэг байгуулах боломжийг нь хангах хуулийн төслөө санаачлаад оруулаад ирвэл хэлэлцээд л явья гэж байгаа шүү дээ.
-Таны намынхан Байнгын хорооны хуваарилалтаа тэгш биш хийчихсэн юм биш үү. Өнөөдөр нэг байнгын хороо 19 гишүүнтэй байна гээд өөрсдөө 16 гишүүнийг нь бүрдүүлчихсэн. Тэгэхээр МАН-ын 27 гишүүн нэг л байнгын хороонд харьялагдах эрхтэй болж байгаа юм уу?
-Ямартай ч хуучин байсан байнгын хороод дээр Өргөдлийн байнгын хороо гэж нэмэгдсэн. УИХ-ын гишүүдийн тоо мэдээж өөрчлөгдөөгүй. УИХ-ын бүтэц ажлаа хийх зайлшгүй шаардлага байсан. Тэр утгаар нь хуульд өөрчлөлт оруулж тийм зохицуулалт хийсэн. Гомдоод байгаа улсуудын хувьд тухайн үед ямар ч байнгын хороонд орох эрх нь нээлттэй байсан. Аль байнгын хороонд харьяалагдах гэдгээ өөрсдийнхөө гишүүний нэр бүхий бланкан дээр бичээд өгчихөд л болох байсан. Хүсэл байвал аль ч хороонд орох нь одоо ч гэсэн нээлттэй шүү дээ.
-Хугацаагүй завсарлагыг болиулах хуулийн төслийг мөн л эсрэг намынхан чинь хүлээн зөвшөөрөхгүй нь дээ?
-Завсарлага авах эрх нь аль ч намын бүлгийн хувьд байх ёстой зүйл. Гэхдээ өмнөх парламентын түүхүүдийг сөхөөд харвал завсарлагаар ажлыг хойш нь тавих, цаг хугацаанд нь багтаахгүй байх асуудал гардаг байсан. Ардчилсан нам өмнө нь цөөнх байсан. Тухайн үед завсарлага авч асуудлыг цэгцлэх, энэ аргаар нөгөө намын гишүүдийн анхаарлыг хандуулдаг байсан. Завсарлага байх ёстой. Гэхдээ хугацаагүй завсарлага нь улс орны эрх ашигт хор нөлөөтэй нь тодорхой. Анх энэ хуулийг санаачилсан гол улсууд нь одоо биднийг шүүмжлээд байгаа улсууд шүү дээ. Тэд “хугацаагүй завсарлага” байж болохгүй нь гэж хууль санаачлаад бид хамтдаа хэлэлцүүлгийг нь эхлүүлээд л явж байсан. Энэ хуулийн төсөл чинь шинээр гэнэт гаргаад ирчихсэн зүйл биш, өмнө хэлэлцэж байсан асуудлын л үргэлжлэл гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Өнөөдрийн чуулган яагаад хуралдсангүй вэ, цаг гаруй гишүүдээ хүлээгээд, сүүлдээ тарчихлаа?
-Ирц хүрсэнгүй.
-МАН-ын гишүүд орж ирээгүй юм биш үү?
-Тийм, тэд орж ирсэнгүй. Өвчтэй чөлөөтэй, гадаад дотоод явж буй гишүүд байгаа учраас тоонд нөлөөлөөд байна. Ингээд л өнөөдрийн чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
-Нийт сонгогчдын 40 орчим хувийн дэмжлэг хүлээсэн намыг асуудал шийдэх боломжийн гадна үлдээгээд байж боломгүй юм. Тэдэнд ямар боломжийг санал болгох гээд байна?
-Өнөөдөр бүтэн өөрчлөлт явагдаж байна. Нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилжиж байна. Үзэл бодол ялгаатай намын бодлого өөрчлөгдөж байна. Магадгүй энэ өөрчлөлт хатуу байж болох юм. Ийм үед нөгөө талдаа найр тавина гэсэн зүйл байж болохгүй. Бид олон жил ингэж явсан. Улс орныг хөгжүүлэх зарчмын ялгаа гарч байна. Хэдийгээр намуудыг ялгаагүй гэж шүүмжилдэг ч бид огт өөр үзэл бодол, баримтлалтай. Өнөөдөр тэр улсуудыг оруулж ирснээр гоё сайхан харагдахдаа биш. Бид хийх ёстойгоо л хийнэ. Тэд биднийг дэмжих үедээ дэмжиж, шүүмжлэх үедээ шүүмжлээд л явна. Хүмүүст сайхан харагдах гэж шийд гаргаад байвал ажил урагшаа явахгүй. Хатуурхах юман дээр хатуурхах л ёстой. Ардын намынхан өөрсдөө гуйлгах гээд байгаа ч юм шиг, хүмүүсээр өрөвдүүлэх гээд байгаа ч юм шиг авир гаргаж байна. Гэвч өмнө нь тэд өөрсдөө яаж байснаа санах хэрэгтэй. Ардчилсан намыг үргэлж доош нь хийж, дарамталж явсан түүх бий шүү дээ.
-Аль аль нь мөнгө амлаад, халамжийн бодлого хэрэгжүүлээд явдаг болохоор олон нийтийн хувьд бол намууд ялгаагүй л гэж дүгнэдэг шүү дээ?
-Халамжлах хүмүүсээ л халамжлах ёстой. Ардчилсан нам тийм бодлогыг л баримталдаг. Ардчилсан нам ард иргэдийг ажилтай болгож өөрөө өөрийгөө сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлэх л зорилготой.
-Ингэхэд дэд сайдын хэрэг байна уу. Ёстой жинхэнэ утгаар нь найр тавьсан бүтэц юм биш үү?
-Хэрэв Ардчилсан нам олонх болсон бол дэд сайдын суудал байхгүй. Эвслийн засгийн газрын үед зайлшгүй зохицуулалт хийхийн тулд байх ёстой болж байх шиг байна. Уг нь олонх болсон бол асуудлыг огт өөр өнцгөөс хийх байсан юм.
-Гишүүд дангаараа байр сууриа илэрхийлэх үед нэг зүйл ярьдаг хэрнээ санал өгөх болохоороо өөр зүйлийг шийддэг. Жишээ нь өчигдөрхөн байнгын хороон дээр Оюутолгойн 51 хувийг төрийн мэдэлд өгөх тухай санал гарахад ганц хоёр гишүүн л дэмжиж, бусад нь дэмжихээс татгалзлаа?
-Бүгд л Оюутолгой гэж буй болохоос биш түүний дайны олон орд Монголд бий. Мэдээж гэрээнд дутагдалтай зүйлс бий. Үүнийг хэн ч үгүйсгэх арга байхгүй. Тухайн гэрээг анх хийхээс эхлээд алдаатай үйлдлүүд нь гарсан. Тэр үед гэрээ хийхийг зөвшөөрсөн УИХ, Засгийн газрын алдаа л яваад байгаа юм. Засч засруулах ёстой. Гэхдээ хэзээ, хэдийд вэ гэдэг цаг хугацааны асуудал бас бий. Оюутолгойг ашигласнаар Монгол улсад том хувь нэмэр оруулах ёстой. Гэхдээ тэр нь монгол хүнд ашигтай, хүртээлтэй байх ёстой. Харин 51 хувийг төр эзэмшсэнээр ашигтай болох уу, үгүй юу гэдгийг сайн тооцох ёстой. Та нарт 49-өөс доош л өгнө гэвэл тэр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийж чадах эсэх. 51 хувийг эзэмшигчдэд хөрөнгө оруулагчид итгэх эсэх гээд олон зүйл нөлөөлөх тул бид их болгоомжтой, тооцоотой хандах ёстой.
Бид хүнээр юмаа хийлгэхдээ хэзээ ямар үед нь өөрсөддөө ашиг хүртэх вэ гэдгээ их сайн бодох хэрэгтэй. Үе шаттай гэрээ хэлцлийн явцад хэзээ 50 хувь болох, хэдийд 51 хувьд хүргэх вэ зэрэг тохиролцооны боломжууд байх хэрэгтэй. Гол нь тухайн үеийн Засгийн газар танхимаараа сууж байгаад л гэрээ хийх зөвшөөрөл өгсөн. Зөв зүйтэй гэж үзээд л ийн шийдсэн. Иймд өнөөдөр тэр Рио Тинто зэрэг байгууллагуудыг нэг буруутгах шаардлага байхгүй. Олон улсын гэрээний дэг жаяг гэж бий. Гэрээний талуудын хэн нь ч өөртөө аль болох давуу тал авахыг олж авахыг зорих нь тодорхой.
-Ирэх дөрвөн жилд эдгээр орд газруудыг хэрхэн ашиглах гээд байна. Үүнээс иргэдийн гар дээр очих зүйл нь юу байна?
-Хүмүүс хэтэрхий төрийн гар харж байна. Монгол нь газар доороо асар их баялагтай. Тэр баялаг нь ард нийтийн өмч. Ашиглах, олборлох, боловсруулах, бүтээгдэхүүнийг гаргаад олох ашигнаас иргэдэд хувь ногдол өгөх нь Засгийн газар, ажил хариуцсан хүмүүсийн үүрэг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч энэ талаар тодорхой заалтууд орсон байгаа. Тухайлбал, ашигт малтмалын лицензийг хэрхэн зохицуулах, гаднын хөрөнгө оруулалтанд ямар хязгаарлалт байх гээд зүйлс бий. Ардчилсан намын хувьд монгол улсын иргэдийн оролцоотой үндэсний компанийг дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх тухай санал ч байгаа. Өнөөдөр бид хэтэрхий уул уурхайгаас хараат болж байна. Дэлхийн хэмжээний циклээр энэ салбар уналтад ороод байна. Гэтэл тухайн уналтын үед нь улс орноо яаж хямралгүй байлгах боломжийг нээгээгүй нь алдаа болж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн Засгийн газрын үед гаргаж байсан тооцоонууд худлаа байсан нь нотлогдоод байгаа юм. Байнгын өндөр байх ёстой зүйл гэж төсөөлөөд үүн дээрээ иргэдийн тархийг угаасан нь Монголыг хүнд байдалд оруулж байна. Магадгүй үүн дээр улс төрийн бодлого байхыг үгүйсгэж чадахгүй нь. Бид өөрсдөө боловсруулах үйлдвэрээ байгуулсангүй, зөвхөн түүхийгээр нь гаргаж байна. Боловсруулах үйлдвэр байгуулах боломж ч өнөөдрийн хувьд бүрдээгүй байна.