“Алтан гөрөөс”-д дэлхийн яруу найрагчид чууллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

“Алтан гөрөөс”-д дэлхийн яруу найрагчид чууллаа

“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестиваль Монголд анх удаа болж байна. Тус наадмын зохион байгуулах хорооны гишүүн, “Шинэ Монгол радио”-гийн орлогч захирал Г.Сонинбаяртай уулзан наадмын талаар ярилцлаа.

-“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн наадам болж байгаа шүү дээ. Яагаад энэ наадмыг зохион байгуулах болов?

-“Алтан гөрөөс” олон улсын яруу найргийн фестиваль есдүгээр сарын 8-нд нээлтээ хийн эхэлсэн. Энэ наадмыг Бельгид ажиллаж, амьдарч байгаа яруу найрагч Сэрээнэнгийн Билэгсайхан гэж залуу анх санаачилсан. Мөн Бельги, Монголын соёлын харилцааны нийгэмлэг, Бельги дахь Монголын өргөмжит консул Паул гэж эрхмүүдийн санаачлагаар наадам маань болж байна. Энэ фестивалийн гол зорилго нь Олон улсын яруу найрагчид Монголд цугларч, байгаль эх дэлхийгээ хамгаалах үзлийн дор нэгдэж, уншлага, аялал хийхээр анх удаа Монголд зохиогдож байна.

-Наадмын нэрний тухайд?

-Шашин, ном зохиолд гөрөөсийг бор гөрөөс, бодь гөрөөс хэмээн аливаа сайн үйл, бодь сэтгэлийн гол бэлэгдэл болгон дүрсэлсэн байдаг. Мөн энэ наадмыг санаачилсан яруу найрагч С.Билэгсайхан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул. Тэр сумын нутаг дахь Эргэлийн заам дээр эрт цагт бор гөрөөс элбэг байсан ч одоо ховордоод байгаа юм. Хэрвээ бор гөрөөс үзэгдсэн тохиолдолд нутгийн ард олон тэр зуныг сайхан болж, байгаль дэлхий хур бороогоо хайрладаг гэсэн яриа байдаг учраас энэ бүхнийг бэлэгдэн говийн сайхан байгальд нар хур тэгшрэн бор гөрөөс эргэж ирээсэй гэсэн санаагаар алтан говьтойгоо зүйрлэн “Алтан гөрөөс” хэмээн нэрлэсэн.

-Монголоос арван зохиолч, гадаадаас арван зохиолч оролцож байгаа гэсэн шүү дээ?

-Оролцогчдын хувьд Турк, Бельги, Нидерланд, Япон, БНСУ, БНХАУ, ӨМӨЗО, Монголын яруу найрагчид ирж шүлгээ уншиж байгаа. Зохион байгуулагчид өөрсдийн боломж, бололцооноосоо болоод эхний удаад 20 яруу найрагч урин оролцуулья гэж төлөвлөсөн.

-Оролцож байгаа яруу найрагчдын сонголтыг хэрхэн хийсэн бэ?

-Ер нь оролцогчдын хувьд залуу яруу найрагчдыг түлхүү сонгосон. Гадаадын 10 яруу найрагч гэхэд л ид туурвиж бүтээж яваа Европдоо танил болж байгаа залуу яруу найрагчид. Белгийн зохиолч гэхэд 1982 онд төрсөн залуу, Туркийн эмэгтэй яруу найрагч бас 1983 оных гээд ерөөсөө залуу үеийн төлөөлөл багтсан. Нидерландаас оролцож байгаа яруу найрагчийн тухайд орчин үеийн чиглэлээр бичиж туурвиж яваа нутагтаа алдартай яруу найрагч төдийгүй зураач хүн байх жишээтэй. Мөн Нидерландын уран зохиолын сангийн тэргүүн ирсэн. Энэ хүн яруу найрагч, зохиолч хүн. Тэрбээр яруу найргийн олон улсын фестивалийг тогтмол зохион байгуулдаг, яруу найргийн том сайт ажиллуулдаг хүн. БНСУ-аас ирсэн яруу найрагч бол философич, жүжгийн зохиолч, Монголд бас ном нь хэвлэгдчихсэн. Мэдээж зохион байгуулж байгаа орны хувьд өөрсдийн яруу найргийг Европын уран зохиолчдод таниулан сурталчлах нь гол учраас аль болохоор Монголын яруу найргийн үе үеийн төлөөллийг багтаахыг хичээсэн. Үүнд, яруу найрагч Д.Урианхай гуай, Болор цомын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, залуу үеэс яруу найрагч Г.Сүхзориг гэж залуу оролцож байгаа. Гол шаардлага нь англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй, бүтээл нь хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй гэж үзсэн л дээ.

-Наадмын хүрээнд хаана, хаана ямар хөтөлбөрийн дагуу яруу найргийн  уншлагууд болж байна?

-Энэхүү наадмын гол хөтөлбөр нь Улаанбаатар, Сайншанд, Дорноговь аймгийн Хатанбулаг гэсэн чиглэлээр аялж, байгалийн сайханд шүлэг найргаа унших төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү аяллын явцад яруу найргийн гурван удаагийн томоохон уншлага болно. Эхнийх нь ноён догшин хутагт Дулдуйтын Данзанравжаагийн байгуулсан Дорноговь аймгийн Хамарын хийд Шамбалын орон дээр энэ сарын 10-нд нээлтийн уншлага болсон бол дараа нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэлийн зоо гэж говийн хайрхан дээр хоёр дахь уншлагаа хийсэн. Харин хаалтын уншлагаа энэ сарын 15-нд Заан Тэрэлжид хийнэ.

-Бусад яруу найргийн наадмаас юугаараа онцлог вэ?

-Гол онцлог нь яруу найргийн наадмын хүрээнд байгаль дээр сайхан уншлага хийнэ. Ямар нэгэн уралдаан биш. Тийм болохоор хэн нэгэн хүнд цом гардуулах ч юм уу, өндөр шагналаар байлахгүй. Олон улс орны яруу найрагчид хоорондоо танилцан бичиг соёлын солилцоо явагдана. Яруу найргийн уншлагийн гол онцлог нь эх хэлээрээ бүтээлээ туурвин Монголд зохион байгуулагдаж байгаа учраас монгол хэлээр орчуулагдана. Мөн энэ фестивалиас гол үлдэх зүйл нь оролцсон бүх яруу найрагчдын бүтээлийг эх хэл дээр нь давхар хэвлээд уран зохиолын өнөөгийн чиг хандалагыг харуулсан ном болгон гаргана. Ер нь Европ, Азид гарч бий болгоод олон улсын фестивалиудад харилцан яруу найрагчдаа солилцох гээд олон зүйлийг төлөвлөөд байна. Дорны их яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн хэлсэнээр дэлхийн дэмжээ хэрэгтэй гэдэг шиг Монголын яруу найргийг дэлхийд гаргах бодлого бол бидний гол зорилго.

-Яруу найрагчдын оролцож байгаа бүтээлүүдэд ямар сэдвээр зонхилж байна?

-Сэдэв заахаар баригдмал болчихдог. Ерөөсөө л яруу найраг гэдэг цаад оюун сэтгэлгээрээ байгаль эх дэлхийгээс ундаргатай учраас яруу найргийн бүх төрлөөр чөлөөт сэдвийн дор явагдаж байна. Жишээ нь манай яруу найрагчдаас Б.Галсансүх модернист бүтээлүүдээ толилуулах бол А.Эрдэнэ-Очир найрагч Монголын яруу найргийн онцлогийг харуулсан монгол сайхан шүлгүүдээ уншина. Сүхзориг болохоор орчин үеийн пост модернист чиглэлээр, Д.Урианхай гуайн гүн ухааны шүлгүүд гээд Монголын утга зохиолын үе үеийн төлөөллүүд өөрсдийн бүтээлээ дэлгэнэ.

-Яруу найргийн орчуулга хэн хүний хийчих амархан ажил биш шүү дээ. Энэ номын орчуулга дээр ямар хүмүүсийг сонгосон бэ?

-Наадмын бэлтгэл хийж байхад энэ бол том асуудал байсан. Азаар манай залуучууд дунд хэлтэй хүмүүс олон байна. Яруу найрагч Б.Баясгалан гэж бүсгүй бий. Сая дэлхийн хүүхдийн уран зохиолын 108 боть дээр ажилласан яруу найргийн орчуулгаар нэлээн мэргэжсэн хүн. Тэрбээр гол орчуулгуудыг нугалж байгаа. Мөн турк хэлтэй Д.Мөнхтөр гэж яруу найрагч байгаа. Ер нь шүлгийг шүлэгч хүн л орчуулбал арай ойртоно. Түүнээс биш гадаадад сургууль төгссөн, тэнд амьдарч байсан гээд бизнесийн англи хэлтэй хүн байлаа ч тухайн шүлгийг мэдрэхгүй хэцүү л дээ. Тийм болохоор дандаа яруу найрагч, уран зохиолын орчуулгаар мэргэшсэн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа. 

-Дараагийн яруу найргийн наадмыг хэзээ гэж товлоод байна?

-Энэ наадмаа жил бүр зохион байгуулна. Зохион байгуулагчид дараа жил Хэнтий аймагт хийхээр ярилцаж байгаа. Энэ жил догшин хутагт Дулдуйтын Данзанравжаагийнхаа нутгаас наадмаа эхлүүлж байгаа нь бас их бэлэгдэлтэй. Тийм их эрчим хүчтэй газарт бид яруу найргийн энергийг олон нийтдээ түгээж байна. Дараагийн удаа эзэн Чингис хааныхаа өлгий нутагт хийнэ. Дээр нь Хан Хэнтийн яруу найраг гэж маш том зүйл бий. Төрийн соёрхолт яруу найрагч Н.Нямдорж, С.Эрдэнэ, Р.Чойном, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Цэдэндамбаа гээд Хэнтийн яруу найрагчдын том голомт байгаа учраас тэнд наадмаа хийнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж