Ийнхүү Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн төсөв хэмнэх гэсэн бүтэлгүй оролдлогоос нь болж сургуулийн цэцэрлэгийн удирдлагууд хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг хүнд байдалд оржээ. Учир нь багш, ажилчдын олонхи нь 36 сар хүртэлх банкны зээлтэй бөгөөд ажлаасаа чөлөөлөгдвөл түүнийгээ төлөх боломжгүй болно. Дээр нь өрх гэр бүлээ ямар орлогоор тэжээж амьдралаа залгуулах вэ гэсэн олон бэрхшээлтэй тулж буй аж. Энэ бол зөвхөн багш, ажилчдын амьдралд нь тулгарч байгаа бэрхшээл. Харин ажилдаа үлдэж байгаа хэсгийнхний хувьд цомхотголд өртөлгүй үлдэх нь яамай гэж бодох ч дор хаяж хоёр хүний хийх ажлыг ганцаараа нугалж байж гэмээнэ ажлаа амжуулна. Цааш яривал цэцэрлэгийн бяцхан жаалууд, сургуулийн сурагчид ямар орчин нөхцөлд сурч боловсрох болж байна вэ гэдэг асуудал ч хөндөгдөнө.
Сайдын тушаалыг биелүүлэхгүй бол торгоно гэжээ
Сангийн сайд асан Д.Хаянхарваагийн 156 дугаар тушаалаас болж боловсролын салбарынхан бужигнаж эхэлжээ. Нэг хэсэг нь лааз өшиглөх дээрээ тулсандаа нойргүй хонох шахам байгаа бол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт аймгийн Боловсрол, соёлын газраас сумдад хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө буюу өнгөрсөн наймдугаар сарын 25-нд албан бичиг хүргүүлсэн аж. Түүнд 2012 оны долдугаар сарын 16-нд гаргасан тушаалыг мөрдөх тухай юм. Хэрвээ тэрхүү тушаалыг мөрдөж норм нормативаа барилгүй орон тоогоо хуучнаар нь хадгалсан байх юм бол сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцож, торгох хүртэл арга хэмжээ авна гэжээ. Ингэхдээ ирэх аравдугаар сарын 1-н хүртэл хугацаа өгсөн юм байна. Энэ хооронд цомхотголоо хийх ёстой. Хэрвээ заасан хугацаанд хүмүүсээ ажлаас чөлөөлөлгүй цалин өгсөн байх юм бол удирдлагууд хариуцлага хүлээх аж.
Г.Дарь