“Монгол өөрийн гэсэн брэндтэй болох хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

“Монгол өөрийн гэсэн брэндтэй болох хэрэгтэй”

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний найман сард 1788 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь жилийн өмнөхөөс 444.5 сая ам.доллар буюу 33.1 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүнд импортын худалдааны өсөлт экспортынхоос 10.4 пунктээр илүү өссөн нь нөлөөлсөн ажээ. Ийнхүү уул уурхайн салбар эрчимжиж, гадаад худалдааг хөдөлгөөнд оруулж буй гэдэг ч  тэнцэл алдагдалтай байсаар байна. Энэ талаар Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч Ц.Батсүхээс тодрууллаа.

-Гадаад худалдааны тэнцлийн алдагдал ямар үед гардаг вэ?

-Гадаад худалдаа нь хоёр талтай. Нэгдүгээрт, бүтээгдэхүүн гаргах буюу экспорт, гадны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдаж авч, хилээрээ оруулж ирэх буюу импортоос бүрдэнэ. Тэгэхээр гадаад худалдааны тэнцэл гэдэг бол бидний гадагш гаргасан үнийн дүнгээс  дотогш нь оруулж ирж байгаа импортын үнийн дүнг хассан зөрүүг хэлж байгаа. Тэнцэл алдагдалтай гарч байна гэдэг нь бид бага юм үйлдвэрлэж,  доллараар гадагш зарсан бол түүнээсээ их доллараар гаднаас юм авсан байна. 

-Худалдааны тэнцлийг хангахад экспортын чухал үүрэгтэй гэж байна. Манай улсын экспортыг ямар бүтээгдэхүүн дийлэнхээр бүрдүүлж байна вэ?

-Манай улсын хувьд, үйлдвэрлэл муутай шүү дээ. Хувцас, техник, хүнс, шатахуунаа бүгдийг нь гаднаас авдаг.  Гадагш нь бид юу гаргаж байна вэ гэхээр, уул уурхайн олборлосон бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай зарим жаахан бүтээгдэхүүн гаргаж байна. Ингээд л манай экспорт болж байх шиг байна. Тэгэхээр манай экспортын голлох бүтээгдэхүүн болох уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлээс хамааралтай байдаг юм.  Өнөөгийн байдлаар дэлхийн эдийн засаг хямралтай байгаа учраас уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч байна. Жишээ нь,  Хятадын эдийн засаг  зогсонги байдалтай байгаа учраас манай улсын нүүрс экспортлох нь шууд хамааралтайгаар багасч байна. Ингэхдээ нүүрсний үнэ болон нийлүүлэлтийн хэмжээ буурч байгаа юм.

-Нөгөө талаар худалдааны тэнцлийн “сөрөг дүр” гэж хэлж болохоор импортын тухайд?

-Монгол Улс голлох  салбар гээд байгаа уул уурхайн тоног төхөөрөмж, машин, сэлбэг хэрэгслийг гаднаас л авсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт, хайгуул ихэссэнээс энийгээ ажиллуулах, хэрэгтэй тоног төхөөрөмжөө гаднаас ихээр авч байна. Энэ чинь л импортыг нэмэгдүүлж,гаднах доторх хоёр худалдааны тэнцвэрийг алдагдуулж байгаа юм.

-Тэгэхээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй болох нь?

-Тийм ээ. Дотоодын буюу сүүлийн жилд уг нь ихээр ярих болсон үндэсний үйлдвэрлэлээ сайжруулах, тэр дундаа дотоодын бараа бүтээгдэхүүнийхээ нэр, төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Нөгөө талаараа импортын бүтээгдэхүүнээ багасгах замаар гадны бүтээгдэхүүнийг орлохуйц аргаар хэрэгцээгээ шийдэх хэрэгтэй юм. Жишээ нь, импортоор орж ирж буй бүтээгдэхүүний 20-30 хувийг шатахуун эзэлдэг. Үүний оронд манайх дотооддоо шатахуунаа үйлдвэрлээд хэрэгцээгээ хангах нь чухал цаг үе ирж байна.

-Гадаад худалдааны салбар хэзээ ашигтай болох бол?

-Одоо уул уурхайн том бүтээн байгуулалт өрнөж байна шүү дээ. Үүндээ хэрэгтэй тоног төхөөрөмж гээд асар ихийг оруулж ирж байна. Ингэж татах нь магадгүй хоёр жилийн дараа дуусах байх. Түүний дараа эд үйлдвэрлэлээ явуулаад, гадагшаа бүтээгдэхүүнээ гаргаад эхлэх үеэс манай гадаад худалдаа сайжрах байх.

-Худалдааны салбарт гадаад худалдаа ашигтай гарч байсан тохиолдол бий юу?

-Ер нь социализмын үед ч тэр, ардчиллын цагт ч тэр, гадаад худалдаа дандаа алдагдалтай гарч байсан гэж хэлж болно. Учир нь анхнаасаа л хэрэгтэй бүх зүйлээ үйлдвэрлэх биш, социализмын үед бол хөршөөсөө авчихдаг байсан. Одоо ч заавал ойрын хөрш гэлтгүй өөр орнуудаас авч л байна.

 -Уул уурхайн салбараас хараат байхгүйгээр ашиг хүртэх боломжтой юм бол?

-Бид уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн экспортоллоо л гэдэг, үнэндээ шороо л гаргаж байна. Жишээ нь, зэсийн баяжмал гэхээр маш их шороон дунд зэс нь таван хувийн агууламжтай ч юм уу гарч байна. Үндсэндээ хамаг л хар ажлыг нь хийгээд, хамгийн хямд бүтээгдэхүүн л гаргаад байна. Бидний гаргасан анхны бүтээгдэхүүнийг гадаадынхан боловсруулаад, тав дахин үнэтэй болгоод ашиг олоод байх юм. Тэрийг нь бид өөрсдөө худалдаж аваад л.

-Тэгэхээр ашигтай үйлдвэрлэл гэж юуг хэлж байна вэ?

-Энэ чинь бол ерөөсөө л уул уурхай ашигтай гээд байгаа салбараасаа эцсийн бүтээгдэхүүнийг гаргаад зарах хэрэгтэй л дээ. Тухайлбал, зэсийн баяжмал гаргах биш, компьютерийн чип гэдэг эд анги гаргачихвал анхдагч түүхий эдээсээ тав дахин үнэтэй, ашигтай бүтээгдэхүүн болох юм.

-Гадаад худалдаагаа зөв тэнцүүлдэг өөр орнуудын туршлага хэр байдаг юм бол?

-Жишээ нь, Тайвань гэхэд онцын байгалийн баялаг, нөөцгүй. Газар нутгийн хувьд ч төдийлөн ашигтай биш. Гэтэл тэд нар ганц нэрийн бүтээгдэхүүнтэй, түүгээрээ дэхийд танигдсан. Тэр нь чипс бөгөөд гадаад худалдааныхаа ихэнх орлогыг чипсээсээ олдог. Монгол ч гэсэн өөрийн гэсэн томоохон брэндтэй болчих хэрэгтэй. Монгол хүний ур ухаан шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийд үнэтэй гаргавал худалдааны орлогыг олж, хөрөнгийн хувьд баталгаатай эх үүсвэртэй болно гэсэн үг.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж