Өвөрхангай аймгийн Уянга гэх энэ сум Монгол Улсын алтжилтын бүсэд оршдогийг эрдэмтэд тогтоожээ. Анх 1993 онд тус сумын нутагт их хэмжээний алтны нөөц байгааг хайгуулын багийнхан тогтоосны дараа "Эрэл" ХХК энэ оноос эхлэн алтны олборлолт явуулсан байна.
Уг компани эхэндээ "Бид сумын иргэдийн амьжиргааг сайхан болгоно. Танай сум Монгол Улсын хамгийн баян сум байх болно. Төрд төдөн төгрөгийн татвар төлнө" гэх мэтчилэн түмэн сайхан амлалт өгч 2005 он хүртэл үйл ажиллагаа явуулсан байна. Гэвч "Эрэл"-ийн ач буянаар Уянга сум баяжиж, өнгөжин жавхаажих биш харин ч дайнд өртсөн юм шиг алттай гэх уулын хөндий бүрдээ сүйдлүүлсэн өрөвдөлтэй дүр, төрхтэй үлджээ.
Тус компанийн тусгай зөвшөөрлийг 2005 онд төрөөс албан ёсоор цуцалсан гэх боловч үнэн хэрэгтээ өмнө нь олборлолт явуулаад дууссан талбайдаа жижиг компаниудаас татаас авч ажиллуулдаг болсон тухай нутгийн иргэд хэлсэн. Олборлолт явуулах тусгай зөвшөөрлийн хугацаанд дээрх компани албан бус тоогоор нийт 5.2 тонн алт авсан байна. Тухайлбал, 1994 онд 106 килограмм, 1995 онд 502 килограмм, 1997 онд 1660 килограмм алт олборлож байжээ. Өнөөдөр "Эрэл" компанийн ухаж, төнхсөн талбай дээр хэдэн зуун жижиг компани, иргэн том том ухагч машинуудаар болон гар аргаар алт ухаж, сүйдэлж байна.
Найман нуур, Ширээт нуур, хангай, хөндий хослон оршдог байгалийн үзэсгэлэн бүрдсэн Уянга сумын нутгаар гадна, дотны жуулчдын хөл дулааны улиралд ер тасардаггүй. Гэтэл Найман нуур, Ширээт нуур руу явах замд Нарийн, Цагаан голын алттай хөндийнүүд байдаг. Машин зам дагуу уулын энгэр орчмыг газрын гүний усыг нь гартал ухаж, сэндийчсэн газруудыг харсан ямар ч хүний сэтгэл эмзэглэхээр байлаа. Ухсан шороон дээрээ бахдалтайяа тоглох мэт ийш тийш сүлжих, экскаватор, шороо ачих машинууд, тарвага нүхнээсээ цухалзах шиг нинжанууд өдөр, шөнөгүй алтны төлөө улайран зүтгэцгээнэ.
Дээрх алтны хөндийнүүдийн хоёр талаар уулын энгэр даган буусан цагаан гэрүүд олноор ярайна. Тэнд алтнаас олсон орлогоор хоногийн хоолоо залгуулдаг нэн ядуу иргэд, алтыг атга атгаар нь олборлодог том компаниудын боссууд хааяа нийлэн амьдардаг аж. Гэхдээ амьжиргааны төвшний тодорхойлолтоор нэн ядуу гэх бүлэгт багтах авч тэдгээр айлууд бараг бүгдээрээ нэг нэг "яав"-тай /Хятадад үйлдвэрлэсэн мотоцикл/ байдаг гэнэ.
Уянга сумын хувьд энэ онд Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар хүн амын тоогоор 390 гаруй сумаас хоёрдугаар байранд шалгарсан. 10 мянга гаруй хүн амтай эл сумын нийт газар нутгийн 21 мянга 902 га талбайд хайгуулын, 2015 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг аж.
Уг сумын нутагт хамгийн их сэндийчсэн газар бол "Эрэл" компанийн олборлолт явуулдаг байсан Өлтийн хөндий юм. Мөн дээр нэр дурьдсан Цагаан гол, Нарийны хөндий, Буянт голын хөндий. Эдгээр хөндий гэхэд 10 гаруй жижиг уурхай, нинжанууд гар аргаар олборлолт явуулж байгаа. Одоогийн байдлаар тус сумын уурхайд өртсөн нийт талбай 257.6 га байгаагаас "Эрэл" компанийн эвдсэн талбай 242.6 га буюу 94 хувь нь гэнэ. Мөн "Росса" ХХК 314 га, "Хаангарьд" ХХК 26 га газарт ямар ч нөхөн сэргээлт хийлгүй орхиж явсан байна. Ингэснээрээ энэ хүмүүс Уянга сумыг устгачихжээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин