Р.Дэлгэрмаа: Р.Энхбаяр ах их баярласан

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Р.Дэлгэрмаа: Р.Энхбаяр ах их баярласан

Энэ удаа дуучин Р.Дэлгэрмааг урьж ярилцлаа. Түүний дуучин, гавьяат жүжигчин Х.Болормаа, дуучин Э.Оюумаа нартай хамтран дуулсан “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууны клип үзэгчдэд ихэд таалагджээ. Дуучинтай энэ талаар ярилцлаа.

-Өглөөний мэнд, Дэлгэрмаа. Гадаа яваа юм уу даа. Хаа яваа юм?

-Энхтайваны гүүрээр гарах гэж явна.

-Зам бөглөрөөтэй байна уу?

-Үгүй. Сайхан сэлүүхэн байна.

-Нээрэн хотын замын түгжрэлийг сааруулахаар авч байгаа арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна гэж бодож байна уу?

-Их нэмэр болж байна гэж бодож байгаа шүү. Заримдаа 10 гаруйхан минут яваад хотын төв орчихдог болсон. Урьд нь хэзээ тэгж байлаа.

-Танайх Зайсанд байдаг юм уу?

-Тийм ээ. Би нэг дэх өдөр машин унах эрхгүй (инээв). Гэхдээ болж л байна. Хэдийгээр ажлын эхний өдөр ачаалал их байдаг ч болгоод л байгаа. Хааяа хөнгөн хувцаслаад явган гүйсэн ч яадаг юм. Заримдаа ч гэсэн бусдыгаа бодож байх хэрэгтэй биз дээ. Хүн бүр боломжоороо сэтгэл гаргаад байвал болохгүй, бүтэхгүй зүйл гайгүй.

-Тийм шүү. Ямар ажил амжуулах гэж явааг нь сонирхож болох уу?

-Зохиолын дуучид долуул нийлж Бөхийн өргөөнд тоглолт хийх гэж байгаа юм, энэ сарын 19-нд. Үүгээр эх орны сэдэвтэй нэг аятайхан дуу дуулах гэж байгаа. Хөөцөлдөх ажил их болохоор өглөө эртлэн бослоо.

-Нээрэн дуучин Х.Болормаа, Э.Оюумаа та гурав “Ээжийн бүүвэйтэй хорвоо”-г гоё дуулжээ. Намуухан, сэтгэл татам өнгө аястай сайхан бүтээл болж. Өнгөрсөн зуны ажил бололтой. Клип төрсөн түүхээс сонирхуулаач?

-Өмнөговь, Дундговийн зааг нутаг. Дундговь аймгийн Өлзийт сумын Цагаан суварга гэдэг газарт зураг авахуулсан. Энэ дуу бол яруу найрагч Г.Мэнд-Ооёо гуайн шүлэг, хөгжмийн зохиолч Р.Энхбазарын хөгжим. Хавар Оюумаагийн тоглолтоор бид гурав “Эхийн ариун сэтгэл” гэдэг дуу дуулсан маань Р.Энхбазар ахад таалагдсан шиг байна билээ. Дараахан нь Оюумаад миний энэ дууг дуулаач гэсэн байсан. Тэгэхэд нь Оюумаа хэдүүлээ хамтарч дуулбал гоё бүтээл гарах юм биш үү гээд хэлээд. Хүн тийм сайхан санал гаргаж байхад Болороо эгч бид хоёр хүлээж авалгүй яах вэ. Ингээд л бид ажилдаа шамдаж орсон. Клипээ бэлэн болгоод Энхбазар ахад аваачиж үзүүлэхэд их баярласан. Сайхан дуулжээ, ямар гоё газар очиж зураг авахуулаа вэ, их сэтгэл, хөдөлмөр гаргасан байна гэж үнэлсэн. Харин яруу найрагч Мэнд-Ооёо гуайтай уулзаагүй л байна. Хөгжмийн зохиолч нь дуулах санал тавьсан болохоор бүтээл зөвшөөрөлгүй дууллаа гэж үзэхгүй болов уу гэж найдаж байна. Аравдугаар сарын сүүлээр бид гурав хамтарсан тоглолт хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа. Тэр үед бүхий л дууныхаа уран бүтээлчдийг тоглолтдоо урьж хүндэтгэл үзүүлэх юм. Төлөвлөгөөндөө тусгаад байна.

-Хуучны дуунууд үг, аялгуу сайтай байх юм аа. Нууц нь юунд байна?

-Уран бүтээлчид нь ухаантай, ур чадвартайнх байх.

Р.Оюунаа

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж