Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн нүүрсний ордод олборлолт явуулдаг “Mongolian Energy Corporation”(HKG:0276)-ийн бүрэн эзэмшлийн “Мон Эн Ко” компанид энэ сарын 11-нд гэрээлэгч “LeightonAsia” компаниас эхний мэдэлдлийг явуулжээ. Мэдэгдэлд “Мон Эн Ко” компаниас 28 хоногийн дотор нүүрс олборлох гэрээний төлбөрийг төлөхийг шаардаж, үйл ажиллагааг зогсоосон тухай дурджээ. “LeightonAsia”-гийн мэдэгдэлд дурдсанаар Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Мон Эн Ко” компани гэрээлэгч компанид төлөх 12.212 сая ам.доллар буюу 16.962 тэрбум төгрөгийн төлбөрөөс үүдэн хоёр компанийн хооронд маргаан гарсан аж. Chinesestock.org сайтад мэдээлснээр хоёр компани маргаантай асуудлаа шийдэж, тохиролцоонд хүрэхээр хэлэлцээ хийж байгаа юм байна. “Мон Эн Ко” “LeightonAsia” компанийн хайгуул шинжилгээ явуулж, нөөцийг тогтоосон Хөшөөтийн ордод нүүрс олборлох 206 сая ам.долларын гэрээг өнгөрсөн 2009 оны арваннэгдүгээр сард байгуулсан аж. “Mongolia Energy Corporation” нь Хятадын 100 хувь хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ховд аймгийн Хөшөөт, Дарви, Ганц мод, Олон булаг зэрэг сумд болон Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нутагт 330.000 га газарт нүүрс, төмрийн хүдрийн олборлолт явуулдаг. Хөшөөтийн уурхайд олборлолт явуулдаг “Мон Эн Ко” компани нь ховдчуудын толгойны өвчин бөгөөд монгол ажилчдаа халж, хятад ажилчдын тоог нэмэгдүүлсэн, малчдын өвөлжөө, хаваржааны газрыг худалдаж авсан, Хөшөөт голын сав газарт багтдаг нутгийг лицензийн талбай болгосон зэрэг мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байсан юм.
Н.Энх