УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “Б” танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Тус хуралдаанаар эрхэм гишүүд өнгөрсөн долдугаар сарын 16-нд батлагдсан Сангийн сайдын 156 дугаар тогтоолтой холбогдуулж мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Дээрх тогтоолын хүрээнд хөдөө дэх дунд сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид цомхотголд орох болж байгаа аж. Улсын хэмжээнд 3000 орчим багш, ажилчид халагдах болж буй юм байна. Зарим нэг жишээ татвал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн дотуур байранд хөдөөний 130 гаруй сурагч амьдардаг байна. Сургуулийнх нь гал тогоо нэг ахлах, хоёр туслах тогооч, нэг цэвэрлэгч гээд дөрвөн орон тоотойгоор ажилладаг аж. Харин Сангийн сайдын дээрх тушаалын дагуу нэг хүн нь цомхотголд орох юм байна. Гэтэл дөрвүүлээ ажиллаж байхад ажил нь дийлддэггүй, өглөө 05.00 цагт боссон тогооч үдээс хойш 17.00 цагт ажлаасаа буудаг. Өглөө 09.00 цагт ажилдаа очсон бол оройн 21.00 цаг хүртэл ажиллаж байж ажлынхаа ард гардаг гэнэ. Тэдний хувьд зөвхөн хоол хийх биш усаа зөөнө, түлээгээ бэлтгэнэ гээд бүхий л ажил нь гар ажиллагаа шаарддаг. Ийм нөхцөл байдал дунд ажилладаг тэдний хувьд Сангийн сайдын 156 дугаар тогтоолоор нэг хүн нь халагдахаар гурвуулаа үлдэнэ, харин хэрхэн яаж ажлаа дийлж, долоо хоногийн нэг өдөр амрах вэ гэдгээс эхлээд олон бэрхшээлтэй тулж буй юм. Нэг багшид 35 хүүхэд ногдоход ажлынх нь ачаалал ихэдлээ гэдэг бол дотуур байрны нэг тогоочид дор хаяж 40 хүүхэд ногдох болж байгааг эргэж нэг харахгүй бол нэг талаасаа ажлынх нь ачаалалд хүндрэл учруулсан нөгөө талаасаа ажилгүй болох гэсэн сорилтуудтай хөдөөгийн дунд сургуулийн ажилчид ийнхүү нүүр тулаад байна.
Г.ДАРЬ