МАН-ын гишүүд ирэхгүйгээс чуулганыг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүд ирэхгүйгээс чуулганыг цуцаллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан боловч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс цуцлахаас аргагүйд хүрлээ. УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр 71 гишүүнээс 56 нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох боломжтой ч МАН-ын гишүүд танхимд хүрэлцэн ирсэнгүй. Тиймээс УИХ-ын дарга арга буюу чуулганы нэгдсэн хуралдааны оронд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг одоо хуралдуулж, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийг хийх үүргийг гишүүдэд өглөө. Харин МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд орж ирээгүй нь “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас тогтоож, 13 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр оруулж ирсэн ч энэ явцад хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй асуудлыг нэмсэн нь хуралдаанд оролцох боломжгүй болголоо” гэсэн тайлбар хийхэд хүргэж байна. Хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй гэсэн асуудалд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь дэд ерөнхийлөгч Н.Золжаргалыг төв банкны ерөнхийлөгчөөр томилох асуудал багтаж буй аж. Мөн Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх тухай, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор МАН-ын гишүүд УИХ дахь Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлэгт тус бүр зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд дээр зөвшилцөх санал хүргүүлээд буй аж. Тэдгээрийнхээ хариуг сонссон цагт хуралдаанд оролцоно” гэсэн зарчмын байр суурь баримтлаад байна.

Дашрамд нэг зүйлийг онцолход, Ардчилсан намын бүлгийн хувьд УИХ-ын үйл ажиллагааг сааталгүй явуулах зорилгоор намын бүлгүүдийн завсарлага авахтай холбоотой асуудлыг хугацаатай болгох үүднээс хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж эл асуудал эцсийн хэлэлцүүлэгт шилжээд байгаа. Эл хуулийн төсөл УИХ-аар батлагдлаа ч МАН-ын гишүүдэд тэрхүү хуулийн зохицуулалт нэг их үйлчлэхгүй бололтой. Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдээс 10 нь л орон нутаг, гадаад оронд томилолтоор ажиллахаар явангуут МАН-ын гишүүдийн ааш аягийг харж байж, чуулганы нэгдсэн хуралдаанаа зарлахгүй бол ирц бүрдэхгүйгээс  чуулганы хуралдааныг цуцлах байдалд шилжиж мэдэх талтайг өнөөдрийн үйл явдал харууллаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж