Австралийн орчин үеийн бүжгийн “Bangarra” театрын уран бүтээлчид монголчуудад зориулан анх удаа “Амин сүлд” тоглолтоо хүргэх гэж байна. 2000 оны Сиднейн зуны олимпийн нээлт, хаалтад оролцсон дэлхий дахинаа нэр хүндтэй тус хамтлагийнхан энэ сарын 22, 23-нд 17.00 цагт ердөө хоёрхон удаа ДБЭТ-ын тайзнаа уугуул үндэснийхээ ахуй соёлыг орчин үеийн бүжгээр харуулах гэж байна. Хорь гаруй жил Австралийн уугуул нутгийнхан болох аборигенчүүдийн аж амьдрал, соёлыг бүжгийн хэлээр дамжуулан сурталчилсаар ирсэн тэд Монголын үзэгчдэд ийнхүү өөрийн орны соёлын өвийг орчин үеийн урлагтай хэрхэн хослуулснаа тоглолтоороо дамжуулан мэдрүүлэх нь ээ. Аливаа улс, үндэстний хөгжим, бүжиг нь хил хязгааргүйгээр зорчин хүний сэтгэл оюуныг эзэмддэгээрээ гайхалтай урлаг юм. Тиймдээ ч тэд уугуул нутаг, үндэстэн, хүн төрөлхтөн байгалийн холбоог “Амин сүлд” тоглолтдоо тусгажээ.
Г.ДАША