Арно минь, зугтаад бай

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Арно минь, зугтаад бай

“Moet Hennessy Louis Vuitton” (LVMH) концерний тэргүүн, Францын хамгийн баян бизнес эрхлэгч Бернар Арно Бельгийн эрх баригчдад хандан тус улсын иргэншилтэй болох хүсэлтээ илэрхийлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үйлдлийг татварыг эрс өсгөх болсонтой холбон тайлбарлаж байгаа ч олон түмэн түүний шийдвэрийг шүүмжилж байна. Харин Арно өөрөө “татварын цагаачлагч” болох гэж буйгаа няцаасан юм.

Хаана амьдарвал зүгээр вэ

Бернар Арно Бельгийн иргэншил авах хүсэлтээ илэрхийлсэн талаарх анхны мэдээг “La Libre Belgique” сонин энэ сарын 8-нд нийтэлсэн юм. Сэтгүүлч нь уг мэдээндээ Арног хөрөнгийн хэмжээгээрээ Францдаа бүү хэл Европтоо тэргүүлдэг гэдгийг дурдахаа мартсангүй (“Forbes” сэтгүүл түүнийг 41 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн таамагладаг). Бернар Арно дэлхийд Карлос Слим (Мексик, 69 тэрбум доллар), Билл Гейтс (АНУ, 61 тэрбум доллар) болон Уоррен Баффет (АНУ, 44 тэрбум доллар) нарын дараа дөрөвт бичигддэг. Хэрэв Арно Бельгийн иргэншил авч чадвал энэ улсдаа ч бас хамгийн баян хүн болох нь дамжиггүй.

Цагаачлалын хүсэлтийг хүлээн авах хорооны дарга Жорж Даллемань (Georges Dallemagne) мэдэгдэхдээ, Бельгийн иргэншилтэй болохыг хүсэгчид холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхийн зэрэгцээ энэ улсад урт хугацаанд тогтвортой аж төрнө гэдгээ ямар нэгэн зүйлээр нотлох ёстой байдаг гэв. Тэгвэл Арно энэ шаардлагад нь бүрэн нийцэж байгаа. Тэрбээр Парист суурин амьдардаг хэдий ч Брюссельд бас байртай нэгэн.

Мэдээж хэрэг, хөрөнгийн хэмжээ болон бусад хүчин зүйл нь түүний хүсэлтийг хэлэлцэж үзэх хугацаанд нөлөөлөхгүй. Даллеманий хэлснээр, түүний хүсэлтийг бусдаас онцгойлон үзэж “оочерийн урдуур” оруулахгүй гэв. Тэгвэл Бельгийн иргэншил авах хүсэлтээ 47 орчим мянган хүн илэрхийлээд байгаа гэдгийг дашрамд дуулгая.

Энэ зуур хэвлэлийнхэн Арногийн үйлдлийг саяхан батлагдсан шийдвэртэй холбон тайлбарлаж эхлэв. Францын Засгийн газар жилд сая еврогоос давсан орлогод 75 хувийн татвар ногдуулж байх шийдвэр гаргажээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “баячуудад дургүй”-гээ илэрхийлж тэдэнд ногдож буй ачааллыг улам нэмнэ гэж амалж байсан удаатай. Тэгвэл энэ сарын 7-нд Францын Сангийн сайд Пьер Московиси (Pierre Moscovici) баячуудад өндөр татвар ногдуулах гэж байгаагаа батлан хэлсэн. Харьцуулалт хийж үзэхэд, Бельгид ашгийн татварын дээд хязгаар нь дөнгөж 50 хувьд хүрдэг байна.

“LVMH” компаниас Арног Бельгийн иргэншил хүссэн гэдгийг баталсан хэдий ч Францын татвар төлөгч хэвээрээ байх болно хэмээн онцлон дурджээ.

“The Daily Telegraph”сонин дээрх явдлыг эрэн сурвалжилсныхаа дүнд хөрөнгө оруулалтын нэгэн “нууц” төслийн нь талаар олж мэдсэн бөгөөд Арно хоёр иргэншилтэй болбол үүнийгээ хэрэгжүүлэхэд илүү дөхөм болно гэсэн яриа тархсан байна хэмээв. Үүнийг үндэслэн нэгэн шинжээч, яригдаад байгаа төсөл нь Арнотой олон жилийн турш нөхөрлөж байгаа Бельгийн тэрбумтан Альбер Фрер (Albert Frere)-тэй холбоотой байх гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.

Арног Францдаа татвараа төлсөөр байх болно гэж мэдэгдээд байхад л хүмүүс түүн рүү тал талаас нь давшлан шүүмжилж эхлэв. Тухайлбал, “Үндэсний фронт” хэмээх хэт барууны намын удирдагч Марин Ле Пен түүний үйлдлийг “гутамшигтай” хэмээв. Арногийн нэгэн адилаар өмнөх Ерөнхийлөгч Николя Саркозид зүтгэж байсан бизнесмен Бернар Тапи (Bernard Tapie) Франц улсыг олон зүйлээрээ Арнод өртэй хэдий ч хямралтай хүнд үедээ түүнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж байсан тул Арно ч бас эх орондоо олон талаараа өртэй гэж мэдэгджээ. Харин “Зүүн фронт” хэмээх коммунист намын нууц удирдагч Жан-Люк Меленшон (Jean-Luc Melenchon) яриан дундаа “Арно шиг шулаачдыг” гэсэн үгсийг хавчуулаад авав.

Тэгтэл “Liberation” сонин тэргүүн нүүрэндээ гартаа тээш барьсан Арногийн зургийг тавиад “Баян мулгуу минь, зайл аа” гэсэн тайлбарыг бичсэн байв. 2008 онд Ерөнхийлөгч Николя Саркози нэгэн фермерийг доромжилсон хэрэг нэлээд шуугиан дэгдээснийг эдгээр үгсээр дээрх сонин эргэж сануулав. Парист болсон нэгэн үзэсгэлэн яармагийн үеэр Францын хөдөө аж ахуйн бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх үүднээс нэгэн фермер Саркозитэй гар барихаас татгалзжээ. Харин Саркози инээмсэглэсэн чигтээ “Гуйлгачин минь, зайл аа” гээд хэлчихсэн гэдэг.

Илүү ихийг төл

Амжилттай яваа бизнес эрхлэгчдэд ногдуулах татварын төслийг 2013 оны төсөвт тусгахаар болсноо Ерөнхийлөгч Олланд өөрийн биеэр энэ сарын 9-нд мэдэгдлээ. Засгийн газар энэ сарын сүүлчээр ирэх оны төсвийн тооцоог гаргаж дуусах ажээ. Татвар төлөлтийн хэмжээг нэмэгдүүлснээр Францын төсөвт 20 орчим тэрбум евро, харин зардлаа танаснаар нэмж 10 тэрбум евро орж ирэх тооцоо гарч байгаа юм байна. Францчууд долоодугаар сарын үед тооцоо хийж байхдаа татварыг өсгөснөөр төсөвт 7.2 тэрбум евро орж ирэх боломжтой гэж байсан юм.

Сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа төрийн эрхэнд гарч ирсэн социалист Ерөнхийлөгч Олланд дээрх мэдэгдлийг хийх явцдаа аливаа асуудлыг хангалттай шуурхай шийддэггүй гэх шүүмжлэлд хариулахаа мартсангүй. Евро бүст тохиосон өрийн хямрал Франц улсыг ч бас тойроогүй. Тэр үед олон хүн Олландыг шуурхай шийдвэр гаргаж чаддаггүй хэмээн шүүмжилж байлаа. Тиймээс Олланд тэдгээр хүнд хандан “5, 10 жилийн дотор хийж чадаагүй өмнөх Ерөнхийлөгч нарын ажлыг би дөрөвхөн сард багтааж хийж чадахгүй” гэв. Түүнчлэн Засгийн газар цаг алдалгүй шуурхай ажиллаж, ойрын хоёр жилийн дотор үндэсний эдийн засгаа сэргээн босгох найдвар тавин чармайж байгаа гэж нэмж хэлэв.

Олланд сүүлийн үед нэлээд эрс шийдэмгий загнаад байгаа нь аргагүй юм. Өнөөг хүртэл Франц улс ДНБ-ий өсөлтөө 0 хэмжээнд тогтоон барьж чадсаар ирсэн. Гэвч тус улсын Төвбанкны урьдчилсан мэдээгээр энэ оны гуравдугаар улиралд Францын эдийн засаг сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гараад байгаа.

Татварын хэмжээг өсгөх үзэгдэл өмнө нь Францад үйлчилж байсан. Гэвч Ерөнхийлөгч Саркозигийн үед энийг цуцалсан байдаг юм. Ингэснээр Францын баячууд мөнгөө эх орондоо үрэх таатай боломж бүрдэж байсан гэж эрх баригчид үздэг. Гэтэл өнөөдөр татварын хэмжээг өсгөснөөр баячуудаа үргээж орхино хэмээн хэвлэлүүд эмзэглэн бичих боллоо.

Жилийн өмнө эхлээд Америкийн тэрбумтан Уоррен Баффет, дараа нь Европын хамгийн баян эмэгтэй болох “L’Oreal” гоо сайхны вант улсын өв залгамжлагч Лилиан Бетанкур (бас л Саркозид зүтгэж байсан) нар өөрсдөө баячуулын татварыг нэмэгдүүлэх уриалга гаргаж байсныг өнөөдөр хэн ч дурсахгүй байгаа нь хачирхалтай. Гэхдээ юм бүхэн шалтгаантай гэдгийг санацгаая. Үнэхээр хүнд бэрх үе ирэхэд бизнес эрхлэгч бүр, тэр дундаа нэлээд амжилттай явж байгаа нь юун түрүүнд өөрийнхөө арьсыг бодож эхэлдэг нь жам юм даа.

Эх сурвалж: http://uynaa.wordpress.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж