Хүүхдийн дуу “явах”-аа байж хайр дурлал, янаг амрагийн дуу цэцэрлэгийн насныханд хит болжээ. Бага ангийнханд хараалыг үгсийг хэрэглэх нь энгийн зүйл болж, дунд ангийхны хувьд архигүй нийллэг гэдэг байж боломгүй зүйл болж. Харин ахлах ангийнхан арай өөр зүйлээр өөрсдийгөө үнэлцгээх ба “чихдэх” “үзэх” гэх үгсийг ид хав болгон ярьцгаана. Үнэндээ энэ шатлал улам доошилсон гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь хэдийнэ болсон.
Гэвч энэ бүхнийг буруу гэж дүгнэвэл эцэх эхчүүд нь гол буруутан. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ зөв гольдрол руу нь эргүүлье гэвэл бас гол гаргалгааг хийж чадах хүмүүс нь эцэг эхчүүд та бид л байх болно.
Хүүхдийнхээ тархинд нь л юм хийх гэж улайрахаас биш зүрх сэтгэлд нь зориулсан хөрөнгө оруулалт хийдэг нь ховордсон уу. Гаднаасаа ямар хувцастай харагдах нь чухлыг анхаарахаас биш дотроос нь харагддаг сайхан зүйлийг олж харахыг хичээдэг нь цөөдсөн юм уу. Үлгэр ярьж өгөх нь битгий хэл, хүүхэдтэй ярилцдаг эцэг эхчүүдийн орон зайг нь телевизийн шоу, солонгос сериал, хэлбэр төдий дуу, клипүүд нөхөх болсоор удсан гэв үү. Аав аа, ээж ээ л гэж дуудаж байгаа болохоос биш аль хэдийнэ томчуул болчихсон юм биш биз. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн яах ёстой вэ, зүрхээ нэг чагнаад, хүүхдээ сайн анхааралтай ажиглаж, тэдэнтэйгээ ярилцаж, ойлголцохыг хичээвэл яах бол…