Луу Азийг залгих уу, аврах уу?

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Луу Азийг залгих уу, аврах уу?

Өнгөрсөн долоо хоногоос Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом өсөлттэй байгаа билээ. Тухайлбал Япон, Солонгос зэрэг улсын нэр бүхий индексүүд 1,7-2 хувийн өсөлтийг үзүүлж байгаа юм. Гэхдээ энэ нь азийн бусад гүрнүүдэд аюул дагуулж болзошгүйг олон улсын байгууллагууд сануулж байна. Гэхдээ үүнийг Хятадын эдийн засагтай холбон тайлбарлаж байгааг санахад илүүдэхгүй. Энэ цаг үетэй хятадын удирдлагын халаа сэлгээ давхцаж байгаа нь сонирхолтой асуултуудыг дагуулсаар байна.

Дундад улсын удирдлага шилжихээс өмнө

Хятадын эдийн засгийн асар хурдацтай хөгжлийг Вэнь Жи Баотой холбон үздэг. Энэ нь ч үнэний ортой. Гэхдээ зөвхөн түүнтэй холбох нь өрөөсгөл ойлголт болно. Цаг хугацааны хүрдийг бага зэрэг ухраагаад 2003 онд очъё. 2003 оны аравдугаар сард хуралдсан Хятадын коммунист намын гуравдугаар бүгд хурлын үеэр томоохон шинэчлэлтүүдийг хийсэн билээ. Хамгийн эхэнд банкны бүтцийг өөрчилж эхлэв. Төрийн банкнаас гадна төрийн оролцоо 50 хувиас хэтрэхгүй олон банкуудыг байгуулж эхэлсэн юм. Мөн үйлдвэрүүдийг ч ийм хэлбэрт шилжүүлж, зарим үйлдвэрүүдийг хувьд бүрэн шилжүүлж үйлдвэрлэлийн нээлттэй бодлогыг барьж эхлэв. Эдгээрээс хамгийн том шийдвэр бол эдийн засгийн нээлттэй бодлого байсан билээ. Хятад ардчиллыг дэмжээгүй мэт боловч гадаадад эдийн засгийн нээлттэй бодлого баримтлахаа албан ёсоор зарласан юм. Ингэснээр хятадын эдийн засгийн өсөлт 2003-2005 оны дунд үе хүртэл 8-9 хувийг зааж байсан билээ. Үсрэлтэд нэмэр болохуйц дараагийн том шийдвэрийг 2005 оны аравдугаар сард баталсан арваннэгдүгээр таван жилийн төлөвлөгөөгөөр эдийн засгийн эрчимтэй хөгжлийг хангахын тулд дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж мөн худалдаа, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогыг дахин шинэчлэхээр болсон юм. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 45 хувиар, эрчим хүчний салбарыг 20 хувиар хөгжүүлэх амлалтыг ард түмэндээ өгчээ. Үүний үр дүн ч мэдэгдэхүйц байв. Хятадын эдийн засаг 1990-2005 оны хооронд жилд дунджаар 10,5 хувиар өссөн нь дэлхийг гайхшруулсан билээ. ,Тэд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулж, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмснээр энэхүү амжилтыг үзүүлж чаджээ. 2007 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 3,38 триллион долларын босгыг давж, эдийн засгийн өсөлт нь 13 хувийг давснаар дэлхийн гурав дахь том эдийн засаг болж хувирав. Хамгийн гайхалтай нь 2008 онд дэлхий даяар эдийн засгийн хямралд тэвдэж байх хооронд Хятад улс хамгийн бага хохирлыг амссан юм. Угтаа дэлхийн эдийн засгийн хямралаас хойш Хятадын эдийн засаг мэдэгдэхүйцээр дээшилж эхэлсэн билээ.

Хар бараан үзүүлэлтүүд

Угтаа гэрлийн хурдаар өсч байсан хятадын эдийн засаг энэ жилд хамгийн муу үзүүлэлтээ үзүүллээ. 2012 оны хоёрдугаар хагаст хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 7,2 хувиар унасан нь дотооддоо багагүй хямралыг дагуулаад байгаа юм. Үүний дүнд Хятадын барилгын салбар 40 гаруй хувиар уналтад ороод байна. Мөн хятадын нийт экспорт энэ оны хоёрдугаар хагас гэхэд дөнгөж 2,7 хувиар өсөөд байгаа юм. Үүнийг дэлхийн хөрөнгийн зах зээлд Азийн хувьцаа мэдэгдэхүйц өсч байгаатай холбон ойлгож болох талтай. Тийм учраас Хятадын засгийн газар улсын төсөвт нэн даруй татвараа нэмэж өгөх шаардлагатай 2500 компанийн жагсаалтыг гаргасан байна. Үүнээс одоогийн байдлаар 46,5 хувь нь л татвараа төлөөд байгаа юм. Энэхүү жагсаалтыг өнгөрсөн жилүүдэд гаргаж байсан ажээ. Гэхдээ өмнөх жилүүдэд татвар төлөгч компанийн тоо их байсан гэдгийг санахад илүүдэхгүй. Бас нэг таагүй мэдээ байгаа нь томоохон үйлдвэрүүдийн худалдаж, борлуулаагүй бараа 76,6 хувийг заасан нь 1990 оноос хойш үзэгдэж байгаагүй муу үзүүлэлт болсон юм. Дашрамд дурьдахад 2008 онд энэ үзүүлэлт 48 хувийг зааж байжээ. “Азийн хувьцааны өсөлт бусад орнуудын эдийн засгийн болоод мөнгөний бодлогод сөргөөр нөлөөлж болох талтай. Тиймээс энэ үед таарсан зөв бодлогыг баримтлах хэрэгтэй. Манай улсад ч аль хэдийнэ сөрөг нөлөөгөө үзүүлээд эхэлчихсэн, нуух зүйл байхгүй” гэж Вен Жиабао өнгөрсөн долоо хоногт хуралдсан Дэлхийн эдийн засгийн форумд тавьсан илтгэлдээ дурьдсан юм. Энэ жилийн тухайд Хятад улс төсвөө нэг триллион юанаар танаж, харин шинэ ажлын байрыг нэмэх ажилд 168 тэрбум юанийг зарцуулжээ. Үүний дүнд шинэ компанийн тоо 4000-д хүрсэн билээ.

“Ажилгүйчүүдийн тоо, ажлын байрны хэмжээ өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц доошилсон. Хэдийгээр засгийн газраас томоохон алхмуудыг хэрэгжүүлж байгаа ч ашиг тусаа өгсөнгүй. Бид яг одоо санхүүгийн бүтцээ орчин үежүүлэх шаардлагатай тулгараад байна. Татварын системийг ч гэсэн өөрчлөх шаардлагатай байгаа” гэж Вэнь Жи Бао ярьжээ.

Жич:Японы иений ханш унасаар байгаа бөгөөд юанийн ханш ч унах үзүүлэлт ажиглагдаж байна.

Хямрал том гүрнүүдэд ашигтай

Үүнийг Япон улсын санхүүгийн мэргэжилтэн хэлж байна. “Азийн хөрөнгийн зах зээлийн өсөлт ний нуугүй хэлэхэд томоохон эдийн засагтай орнуудад тэр бүр нөлөөлөхгүй. Харин эдийн засаг нь дөнгөж босч байгаа хөгжиж буй орнуудад сөргөөр нөлөөлж болох талтай. Бид евро бүсийн хямралыг давтахгүй байхын тулд яаралтай арга хэмжээ авах ёстой. Үүний тулд азийн бүх орнуудын тэргүүн нарыг хуралдуулж зөв шийдэлд хүрэх нь хамгийн чухал” гэж SNBC Токио инвестмент пүүсийн ерөнхий менежер Ниши Хироичи ярьж байна. “Хямрал бидэнд ч нүүрлээд эхэлчихсэн. Хамгийн гол нь ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нарийн чанд тооцоолох ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд азийн орнуудтай хамтран ажиллана гэдэг нь зөв санаа. Гэхдээ яаж гэдгээ тогтоох нь чухал” гэж Вэнь Жи Бао ярьсан юм.

Азийн хөрөнгийн зах зээлд үзүүлж байгаа том, том үзүүлэлт нь эргээд азидаа цохилт өгч магадгүй гэдгийг олон улсын валютын сангаас сануулж байна. “Томоохон гүрнүүд төдийгүй хөгжиж буй орнууд энэ тухай бодох цаг нь болсон. Ялангуяа эдийн засгийн асар их өсөлттэй байгаа азийн орнууд үүнийг анхаарах хэрэгтэй” гэж ОУВС-ын тэргүүн Кристин Лагард сануулж байна.

Шинэ удирдагчийн босгон дээр

Вэнь Жи Бао Хятадын төрийн тэргүүний суудалд заларснаас хойш БНХАУ түүхэнд байгаагүй их үсрэлтийг хийсэн билээ. Одоо Хятад улс дэлхийн хоёр дахь том зах зээл болон хувирчээ. Гэсэн ч энэ намар Вэнь Жи Бао дараагийн эрхэмд зайгаа тавьж өгнө. Хятадын дараагийн тэргүүнээр Си Зинь Пин сонгогдох нь бараг тодорхой болсон. Ирэх долоо хоногт Хятадын коммунист намын томоохон төлөөлөгчдөд бодлогоо танилцуулах хувиартай байгаа.

Си Зинь Пиний тухай яриа дэлхийн интернет хэрэглэгчдийн халуун сэдэв болсоор хоёр долоо хоногийг үдлээ. Хятадыг өөрчлөх үү, ардчилсан засаглалд шилжих үү, эдийн засгийн бодлогоо өөрчлөх үү, банкны салбарыг хэрэн шинэчлэх бол гэсэн асуултууд Си Зинь Пинийг дагаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь хятадын эдийн засагт үзэгдээд байгаа саарал үзүүлэлтийг сааруулахын тулд ямар бодлого баримталж, азийн зах зээлд ямар “тоглолт” үзүүлэхийг амьсгаа даран чагнаж суугаа. Үүнтэй уялдан Хятадын коммунист намын удирдлагуудын дунд үүсээд байгаа хагарал, дуулиан шуугиан ч түүнийг тайван байлгахгүй нь мэдээж. Ирэх жилүүдэд тэр чухам ямар бодлого баримтлах бол.

Хамгийн эхний таамаглал бол эдийн засгийн төдийгүй хүний эрхийн нээлттэй бодлого. Си Зинь Пин ч үүнийгээ нуудаггүй. “Бид хөшигний араас гарах ёстой. Төр засаг нээлттэй байвал бизнес эрхлэгчид, ажилчдын бүтээмж ч өндөрсөх талтай. Гэхдээ энэ нь коммунизмын замаас ухарна гэсэн үг биш” гэж өнгөрөгч тавдугаар сард Си Зинь пин ярьж байжээ. Гэхдээ үүнийг хэрхэн хийх вэ гэдэг нь одоо ч асуулт хэвээр… “Би түүнээс олон юм асуумаар байна. Гэхдээ алинаас нь эхлэхээ мэдэхгүй байна” гэж Хятадын гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Хон Лей өнгөрөгч долдугаар сард Асошейтэд Пресс агентлагт ярьж байсан удаатай. Харин одоогоор хэрхэн, яаж хийх нь тодорхойгүй байгаа. Ирэх долоо хоногт төрийн бодлогоо намынхаа томоохон албан тушаалтнуудад танилцуулсанаар энэ асуудал тодорхой болох учиртай.

Улс төрийн хүрээний шинэчлэл. Тэрээр үүнийгээ ил тод илэрхийлдэг. Төрийн хэтэрхий томдсон бүтцийг халж, цомхон болгох төдийгүй зарим нэг яамыг шинээр байгуулах тухай ч дурьдаад байгаа юм. “Хэрвээ түүний хэлсэн энэ шинэчлэл бодит биелэлээ олвол Хятад ямар болох бол гэсэн асуулт олон хүмүүс байгаа байх. Миний бодлоор тэр тийм ч хурдан өөрчлөхгүй байж болох талтай. Учир нь хятадын улс төрийн одоогийн хэв маяг бүтэн 80 гаруй жилийн явцад бий болсон шүү дээ” гэж Сингапурын үндэсний их сургуулийн профессор, Хятадын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Бо Жие ярьсан юм.

Энэ мэтчилэн олон таамаглал дэвшүүлж байна. Ямар ч байсан азид нүүрлэж болзошгүй байгаа хямралаас Хятадын эдийн засгийн бодлого шууд хамаарах нь тодорхой болсон. Үр дүн нь ямар байхыг хүлээх л үлдлээ.

Жич: Одоогийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17,5 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 17,2 хувийг зааж байна. Харин инфляци 14,9 хувьд хүрч, Экспортод уул уурхайн салбарын эзлэх хэмжээ 91 хувьд хүрээд байгаа юм.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж