Каспийн тэнгис дэх зэвсэглэлийн өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Каспийн тэнгис дэх зэвсэглэлийн өрсөлдөөн

Зураг: Ираны шумбадаг онгоц

Каспийн тэнгисийн орчмын орнууд бие биендээ “булчингаа харуулж” эхлэв. Энэхүү тоглоомыг нь Ираны хямрал болон улс хоорондын шийдэгдээгүй асуудлууд улам аюултай болгож байна.

Өнгөрсөн долоо хоногт Туркмен нь тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш анх удаа тэнгисийн цэргийн сургуулилтыг Каспийн тэнгист хийлээ. Оросын хэвлэлд бичсэнээр уг хээрийн сургуульд тэнгисийн цэргийн флотоос гадна нисэх хүчин,  хуурай замын цэрэг, үндэсний аюулгүй байдлын тусгай хүчин, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн нь оролцсон байна. Энэхүү ажиллагаа нь болзошгүй довтолгооноос хамгаалах сургуулилт байв. Тодруулбал, террористууд цэргийн байгууламж ба тээврийн хөлөг онгоцуудыг эзлэх болон төрийн захиргааны байруудад халдсан тохиолдолд арми, флот ямар зохион байгуулалтаар няцаах сургуулилт хийсэн байна.

Каспийн цэрэгжилт

“Төвийг сахисан Туркмен ийм байдлаар Каспийн цэрэгжилтэд хувь нэмрээ оруулж байна” хэмээн шинжээчид тэмдэглэв. “Ийм  үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжлээ” гэж Евроазийн шинжилгээний Jeen сүлжээний зохицуулагч Наталья Харитонова онцлов. Мөн тэрээр өнгөрөгч хавар Казахстан Каспийн тэнгист анхны пуужинт их бууны хөлөг онгоцыг зэвсэглэлд авсныг тэмдэглэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ийм хүчирхэг зэвсэгтэй хоёр шинэ хөлөг онгоцыг ирэх онд флотдоо авчрахаар Астана төлөвлөсөн аж.

Зураг: Наталья Харитонова

Каспийн тэнгис орчимд Туркмен ба Азербайжан нь цэрэгжүүлэлтэд хувь нэмрээ оруулахад сүүлийн үед ихээхэн анхаарах болов. ЗХУ задарсны дараа нэгдсэн улсад байсан зэвсгийг хуваахад Азербайжаны тэнгисийн цэргийн флот нь Туркменээс илүүтэй хувийг авсан аж.

Ашхабад нь Украинд нийлүүлсэн байгалийн хийн импортоос гадна Иран улсаас авах түрээс зэргээс флотын хүчээ зузаатгаж байгаа гэнэ. Харин Азербайжан нь Израильтай цэрэг-техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хүчээ нэмэгдүүлж буй аж.

Гурван талт зэвсэглэлийн хөөцөлдөөн

Өнгөрөгч оноос “Азербайжанд нисгэгчгүй онгоцны үйлдвэрийг Израиль барьж байгаа” тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ. Эдгээр онгоцыг ашиглан Туркмен ба Ирантай маргаантай байгаа нефтийн орд газрын ойролцоо, мөн Азербайжан-Ираны хилийн дагуу ажиглалтыг хийж эхэлжээ.

Хяналтын төхөөрөмжинд хийх ашиглалтын үйлчилгээг нь Израилийн мэргэжилтнүүд хийж байгаа бөгөөд орон нутгийнхан ч мөн ажилд нь хамтарч буй гэнэ. 

Наталья Харитоновагийн хэлснээр “Баку ба Ашхабадын хооронд  зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн жинхэнэ утгаар болж байгаа ба сүүлд Ашхабадын хийсэн хээрийн сургуулилт нь Бакугийн өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан томоохон хээрийн сургуулилтын хариу нь болж байгаа” аж.

Голландын  “Eurasia Energy Observer” гэх цахим хуудасны ерөнхий редактор Андрей Тибольд мөн “Ашхабад нь Бакуд хариу барьж байгаа” гэдэгтэй санал нийлэв. Тэрээр “Эдгээр орнуудын харилцаа сүүлийн үед дахин хурцдаж байгаа. Тэр нь Каспийн түүхий эд дамжуулах хоолойг барих талаар хийж буй хэлэлцээрээс үүдэлтэй. Еврокомисс нь тус хоёр орны хооронд хэлэлцээрийг тохиролцоонд хүргэхийн төлөө байгаа ч хоёр орны аль аль талаас нь  зөвшилцөлд хүрэх сонирхол харагдахгүй байна. Ийнхүү тэдгээрийн ашиг сонирхлыг нэгтгэчих саналууд гарахгүй байгаа нь зөрчилдөөнийг улам хурцатгаж байна” гэж бичжээ. Тэрээр цааш нь “түүхий эдийн ордоос шалтгаалан цэргийн мөргөлдөөн гаргах сонирхол Бакуд ч Ашхабадад ч байхгүй. Хэрэв тийм санаа байсан бол хоёр орны бизнесийн орчин муудах болно” гэжээ.

 Ираны хямралын нөлөө

Каспийн тэнгист Иран хүчирхэг флоттой. Тус улс тэнгисийн маргаантай хэсгүүдэд хяналт хийх цэргийнхээ хүчийг Каспийн тэнгис орчимд улам зузаатгасаар байна. Тегеран, Бакугийн хооронд гүнзгий зөрөлдөөнтэйг Наталья Харитонова мөн онцоллоо.  Харин Андрей Тибольд “Израиль болон барууны орнуудын зүгээс Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж магадгүй нь энэ бүсийн хурцатмал байдлыг улам нэмэгдүүлж буй. Ираны эсрэг ажиллагаа явуулбал Израилийн нисэх хүчин Азербайжаны нутаг дэвсгэрийг ашиглаж магадгүй гэсэн болгоомжлол Тегеранд байгаа” гэж дүгнээд “Туркмен нь Иран ба барууны сөргөлдөөний үеэр өөрийн сонирхлоо илэрхийлэн нутаг дэвсгэрээ хамгаалахад бэлэн гэдгээ үзүүлэхээр оролдож байна. Гэсэн ч Азербайжаны зүгээс барууны холбоотон болоод буй байр сууриа өөртөө ашигтайгаар ашиглаж магадгүй хэмээн Ашхабад болгоомжилж байгаа бололтой. Барууны орны зүгээс Туркменд шахалт ирэхийг үгүйсгэхгүй байна. Нөгөө талаасаа Туркмен өөрөө Афганистанд цэргийн ачаа тээврийн хангамжийн НАТО-гийн түншүүдийн нэг тул сөргөлдөөн гарвал Иран ямар сөрөг ажиллагаа явуулахыг хэлэхэд хэцүү” гэсэн байна.

Зураг: Каспийн тэнгис орчим хийгдсэн Туркмений цэргийн хээрийн сургуулийн үеэр

Оросын хүчин зүйл

Каспийн тэнгис орчимд хамгийн хүчирхэг флоттой нь Орос юм. Гэхдээ Оросын цэргийнхэн флотоо шинэчлэх шаардлагатай байгааг хэлж буй. Гэсэн ч “Каспийн тэнгист хүчээ шинэчлэх гэсэн Оросын ямар ч үйлдэл барууны болон Каспийн орнуудад ихээхэн түгшүүр төрүүлнэ “гэж шинжээчид тэмдэглэв. “Барууны орнуудын сонирхол нь Оросын Кавказ дахь сонирхлоос эрс өөр. Байгалийн баялаг ихтэй энэ бүсэд барууныхан огт өөрөөр хандаж буй. Харин Орос Каспийн тэнгис орчмын бүсэд тогтвортой байдлыг хадгалан үлдэхийг илүүтэй сонирхож байгаа” хэмээн Амстердамын шинжээч дүгнэжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж