Тэд ирж, бид явж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Тэд ирж, бид явж байна

“Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, амьдрах орчин, орон байрны аюулгүй нөхцлийг баталгаажуулах, гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах нь хүний аюулгүй байдлыг хангах үндэс мөн” хэмээн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын  үзэл баримтлалд тун догь тодорхойлсон билээ. Гэвч цаасан дээр буй үзэл баримтлал амьдралд бууж ирсэнгүй. Монгол хүний үнэ цэнэ алдагдаж, үнэгүйдэж буйг хэн хүнгүй учирлах боловч дээрдсэн юм үгүй. Ерөөсөө л Монгол нь Монголоо голж, үл итгэж, хууран мэхэлж буй нь бидний өнөөдрийн төрх.

Монгол нь Монголдоо итгэж найдах учиг холбоос хаана тасраа вэ. Монгол хүнийг үнэд оруулъя. Монголд хамгийн үнэтэй эрдэнэ бол хүн хэмээх капитал. Тиймээс хүнээ хайрладаг, дэмждэг хүн төвтэй нийгмийн шавийг улс төрчид тавихгүй бол оройтох нь. Улсаараа хөгжлийн галт тэрэгнээс хоцорч, хүний хөгжил, хөдөлмөрийн бүтээмж аль аль нь биднээс алслан холдох нь. Илүү ч үгүй дутуу ч үгүй ажлын талбарт буй Монгол болон гадаад ажилчны сарын цалин тэнгэр газар шиг хол зөрүүтэй ч ажлын бүтээмж нь тэнцүүхэн. Мэргэжилтэн гэсэн нэг л албан тушаалтай боловч эрх мэдэл, цалин нь эрс тэс. Ийм  л зарчмаар хөдөлмөрийн зах зээлд монголчууд ажиллаж байна.

Уг нь аль ч улс төрийн хүчин Монгол хүний үнэ цэнийг тэргүүн зэрэгт тавина гэдгээ сонгуулийн өмнө дандаа л хэлдэгсэн. Уул уурхайн “гигант” болсон компаниуд ч ингэж л амлаж ирсэн билээ. Гэтэл байдал эсрэгээрээ.

Катарын нийт хүн амын 74.87 хувь нь, Сингапурын 61.18 хувь нь хөдөлмөр эрхэлж байхад монголчуудын  ердөө 37.18 хувь нь ажлын байртай байгаа юм. Өнгөрсөн онд Монгол Улсын нийт экспортын 89 хувийг зөвхөн ашигт малтмал бүрдүүлж, үүний 92 хувь нь Хятад хэмээх ганцхан зах зээлд гарчээ. Мэдээж, дэлхийн зах зээлийн ханшнаас хэд дахин доогуур үнээр баялгаа заржээ. Үүнтэй адилхан Монгол хүний хөдөлмөр, ажлын бүтээмж, үнэ цэнэ, хөдөлмөрийн хөлс хүч нь тун багаар хэмжигдэж байна. Хэдий эдийн засаг нь өссөн боловч өнгөрсөн онд гадаад худалдааны алдагдал 1.7 тэрбум ам.долларт буюу ДНБ-ий 35 хувьд хүрчээ. Өсөлт, алдагдал энэ тэнцүүхэн явна.

Тэгвэл хамгийн амжилттай цэцэглэн хөгжиж  буй уул уурхайн салбарынханд хамгийн өндөр цалин ногддог. Өөрөөр хэлбэл, Монголдоо л “Өмнөд Солонгос” болсон бүс нутаг бол Өмнөговь аймаг. Тэнд очиж ажиллахыг монголчууд мөрөөдсөн ч хамгийн өндөр цалинтай ажлын байрны хаалганы цаана үлдэнэ.  Албан бус судалгаанаас харахад монгол хүний үнэ цэнийг 150-300 сая төгрөгийн үнэтэй байх боломжтой гэжээ.

Өнөөдөр дэд бүтэц, уул уурхайн салбарт ажиллагсдын дийлэнх нь гаднын иргэд. Тэр дундаа БНХАУ-ын иргэд зонхилдог нь нууц биш. Хамгийн хямд ажиллах хүчин гэж тэднийг үзэх боловч хамгийн өндөр цалинг Монголоос авч байна. Учир нь уул уурхайн компаниуд Хятадад тун элэгтэй байдаг нь нууцгүй үнэн. Тэдний олонхи нь урт хөршөөс хөрөнгө оруулалттай, Хятадын компанийн салбар нэгж байх нь элбэг. Тиймээс л уул уурхайн салбарт Хятад ажилчид жин дарах болов. Монгол хүн ажилтай байх ёстой. Гэтэл монголчууд лааз өшиглөсөөр явна. Манайхан ч өөрсдөө элэг нэгт ахан дүүсээ голж шилсээр. Бид уг нь цөөхүүлээ юмсан. Гэтэл монгол хүний ажлын талбарт гадныхан түрэмгийлсээр. 2011 онд буюу “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд манай хувийн хэвшлийнхэн 72 мянган монгол хүнд ажил олгоод зогсохгүй 62 мянган хятад хүн авчирч ажиллуулсан тухай Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар хэлсэн байдаг.

“Монгол Улсын гэрэлт ирээдүйг бүтээлцэж байна” гэх  Оюутолгой ордод бүхэл бүтэн хятад хороолол бий болоод буй талаар “Wall street” сэтгүүлд нийтэлсэн нь шуугиан тарьсан билээ. Гэтэл үүнийг “Оюутолгой” компани үгүйсгэсээр. Уурхай ашиглалтад ороход Оюутолгойн ажиллах хүчний 90 хувь нь монголчууд байна гэсэн амлалт бий. Хөрөнгө оруулалтын гэрээнд ч тусгасан билээ. Гэтэл гаднынхны нэрлэснээр Монголын бүх баялгийн орой нь болсон Оюутолгой төслийн нийт ажиллах хүчний гуравны нэгээс илүү хувь нь Хятадаас ирсэн хөлсний ажилчид байдаг. Тодруулбал, эл төсөлд ажиллаж буй нийт 15 мянган гэрээт ажилчны гуравны нэг хувь нь хятадууд байдаг талаар Улаанбаатарт төвтэй хөрөнгө оруулагч “Frontier Securities” компанийн гүйцэтгэх захирал Маса Игата “China Real Time” сайтад ингэж мэдээлжээ. Харин Монголын хэвлэлүүдээр Оюутолгой дахь нийт ажилчдын тэн хагас нь хятад ажилчид буй талаар мэдээлсэн. Уг мэдээллийн дагуу Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, хяналт хийсэн боловч дээрх баримт нотлогдсон эсэх нь тодорхойгүй байсаар л байна. Манай улсад уул уурхайн салбар хөгжихийн хэрээр чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин дутагдаж байгаа талаар ярьсан ч амжилт олсонгүй. Чадварлаг мэргэжилтэн дутуу байгаагаас гадаадын иргэдийг ажилд авахаас өөр аргагүй байдаг гэх “хөнгөхөн” тайлбар удирдлагын түвшинд байдаг. Үүнтэй холбогдуулан судлаад үзэхээр уул уурхайд чухал шаардлагатай ажлын байрт тэнцэх ажиллах хүчний фронт бэлхэн бий. Шинжлэх ухаан техникийн сургуулийн Уул уурхайн салбарын сургуулийг жилдээ 1000 гаруй оюутан уул уурхайн салбарын мэргэжил эзэмшин, төгсч буй. Сүүлийн таван жил ийм тооны мэргэжилтэн төгссөн гэж бодвол уул уурхай боловсон хүчнээр дутагдаад байх тоо лав гарч ирэхгүй байх. Гадаадын аль нэг орны иргэд тухайн улсын хүн амын нэг хувийг эзлэхэд үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрнэ гэсэн хууль эрх зүйн актууд байдаг. Гэвч энэ хуулийн заалт манай улсад мөрдөгддөг гэвэл бараг л үгүй. Өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт хятад ажилчид дархан эрхтэй налайж сууна. Өнөө жил урд хөршөөс 50 гаруй мянган ажилчин “импортолно” гэсэн таамаглал бий.  Үүнтэй нь зөрөөд монголчууд харь оронд ажиллахаар мянга мянгаараа очерлосоор.

Монгол хүний үнэ цэнэ хаачив. Тэдний эрүүл мэндэд хэн баталгаа өгөх вэ. Хүн төвтэй нийгмийн дуу хоолойг сон­сохсон.  Монгол хүний үнэ цэнийг га­зарт дархалж, тэнгэрт хадаах юмсан гэж найрагчид зүгээр ч нэг хэлээгүй биз ээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж