”МАН гудамжинд гарч тэмцэхэд бэлэн байна”

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

”МАН гудамжинд гарч тэмцэхэд бэлэн байна”

Шинэ Засгийн газар байгуулагдаж, бүтэц, бүрэлдэхүүнээ баталж, Засгийн газрын сайд нар ажилдаа орсон. Харин одоо Засгийн газар ирэх дөрвөн жил хэрхэн ажиллах, ямар зарчмаар ажиллах тухай  мөрийн хөтөлбөрөө УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж буй. Энэхүү үед сөрөг хүчний үүргийг хүлээн аваад буй МАН-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийн талаар яриагаа эхлэх үү?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол ирэх дөрвөн жил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн ерөнхий чиг хандлага, Монголын ирэх дөрвөн жил ямар салбарт ач холбгдол өгөх, хэрхэн явах чиг хандлага юм. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилийн луужин гэж ойлгож байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр бол нэг намын баримт бичиг биш, Монгол төрийн баримт бичиг. Энэ мөрийн хөтөлбөр найруулга, баримт бичилтээс эхлээд  тодорхой, ойлгомжтой, Засгийн газрын үйл ажиллагааг хэмжиж, дүгнэж болохуйц хэмжих нэгж, хүрэх үр дүнтэй байгаасай гэж бодож байгаа юм. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг миний тавьж байгаа шалгуураар бол “шаардлага хангахгүй” байна гэж дүгнэсэн. Монгол төрийн бодлого учраас мөрийн хөтөлбөрийг илүү сайжруулах, тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Яах вэ, хэлэлцүүлгийн явцад чанаржиж, бодитой болох байх. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг харахад гурван зүйл дутуу санагдсан. Нэгд, хөтөлбөр уриа лоозонгийн шинжтэй. Уламжлал шинэчлэлийг хослуулаагүй, тодорхой шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнгээ тодорхойлоогүй. Хоёрт, өмнө нь зорьж байсан зорилтуудаасаа ухарсан. Тухайлбал, бид өнгөрсөн дөрвөн жил нэг жилд 60 мянга орчим, нийт 250 мянган ажлын байр бий болгох зорилт тавьж байсан. Зарим жил давуулан биелүүлсэн, зарим жил бууруулсан тохиолдол бий. Гэтэл “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жилд 150 мянга буюу нэг жилд 30 гаруй мянган ажлын байр бий болгоно гэж хөтөлбөртөө тусгасан байсан. Үүнийгээ тайлбарлахдаа өмнө нь ажлын байр бий болгосон гэснийг статистик тоо баримтын алдаа гэсэн. Гэтэл энэ 150 мянган ажлын байрны хэд нь түр, хэд нь байнгын ажлын байр юм бэ гэдэг томъёолол байхгүй. Бид өмнө нь яагаад 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн зорилт тавьсан гэхээр Монголын хөдөлмөрийн зах зээлд жилд нийлүүлэгдэж байгаа ажиллах хүчний нөөц тулгуурлан ажилгүйдлээ бууруулах боломж бүрддэг. Жилд ерөнхий боловсролын сургууль, МСҮТ, Их, дээд сургууль төгсч шинээр хөдөлмөрийн зах зээлд орж ирж байгаа хүнийхээ тоонд харьцуулан зорилтоо тавьдаг. Гэтэл 150 мянга гэдэг нь шинэ хөдөлмөрийн зах зээлд орж ирж байгаа ажлын байрны тоог гүйцэд давж чадахгүй байгаа юм. Энэ нь ухралт. Өөр нэг зүйл нь олон зүйл дээр ерөнхий томъёололтой байгаа юм. Жишээлбэл, Монгол Улсад төмс, хүнсий ногоог додооддоо үйлдвэрлэдэг болно гэж. Төмсийг бид дотооддоо үйлдвэрлэдэг, одоо ч үйлдвэрлэсээр байгаа. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ гэж байгаа юм. Гэтэл мөрийн хөтөлбөрт энэ бүгдийг тодорхой зорилтын дор томъёолох ёстой. Тухайлбал, нийслэлд хэдэн цэцэрлэг, сургуулийг шинээр нэмэх, жилд хэдэн тонн төмс, хүнсний ногоог тариалах зэргийг тусгах ёстой. Гэтэл ерөнхий зүйл заалтууд олон оруулж. Санал бүрийг нэг бүрчлэн тооцож, эхний хоёр жил ийм тооны цэцэрлэг, дараагийн хоёр жил ийм тооны сургууль барина гэж тодорхой байх ёстой. Эрх баригч бол үр дүнтэй, тодорхой зорилтуудтай  зүйлийг мөрийн хөтөлбөрт тусгах ёстой.

-Гэхдээ мөрийн хөтөлбөр бүрэн батлагдаагүй. Дараа дараагийн хэлэлцүүлэг байгаа шүү дээ?

-Энэ Засгийн газрын сайд нар ярихдаа маш сайн байна. Бидний хүсч байгаа зүйл бол бодлогын шинэчлэл. Сөрөг хүчин байхад сайхан ярьж, шүүмжилж  болно. Гэхдээ эрх баригч  хүчний байр суурин дээр очоогүй байна л даа. Эрх баригч хүчин бол ярьсан зүйлээ томъёолно, томъёолсон зүйлээ төрийн бодлого болгоно, төрийн бодлого болгосон зүйлээ хэрэгжүүлж үр дүн гаргах ёстой. Тухайлбал, Боловсролын сайд энэ жилдээ багтааж гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй, цаашид нэг ээлжтэй болгоно гэж ярьсан. Энэ бол маш том зорилт. Гэтэл үүнийг мөрийн хөтөлбөрт тусгаагүй байх жишээтэй. Мөн бизнесийн орчныг таатай болгоно гэсэн заалт байсан. Дэлхийн банкны үзүүлэлтээр тухайн орны бизнесийн таатай орчныг 10 үзүүлэлтээр хэмждэг. Өнөөдөр Монгол Улс 150 гаруй орноос бизнесийн таатай орчин бүрдүүлэлтээрээ 80-д явж байгаа. Гол нь үүнийг дөрвөн жилийн дараа тэд болгоно гээд биччихэд л болох зүйл. МАН-ыг сөрөг хүчний байр суурин дээрээ хурдан очооч гээд байгаа шиг Ардчилсан нам эрх баригч хүчнийхээ байр суурин дээр хурдан очих хэрэгтэй шүү дээ. Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр бол Монгол төрийн бодлого гэдэг үүднээс гадныхан уншина, иргэд уншиж танилцана, цаашлаад төрийн бодлого болоод хадгалагдана. Гэтэл зарим өгүүлбэр нь бүр ойлгомжгүй. Тухайлбал, өргөн хэрэглээний барааны үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр цалинг салбар бүрээр нэмнэ гэж байгаа. Хувийн хэвшилд бол үнийг хэлэхгүйгээр нэмж болдог. Гэтэл Монгол төрийн бодлогыг нийтэд зарлахгүйгээр хэрэгжүүлнэ гэж байдаггүй. Иймэрхүү заалтууд олон байгаа юм. Угтаа бол мөрийн хөтөлбөрийн үг үсэг бүр нь тодорхой, ойлгомжтой байх ёстой.

-МАН-ын зарим гишүүн манай намын зорилтуудаас мөрийн хөтөлбөртөө тусгаагүй гэж гомдоллож байна лээ. Эрх барьж байгаа нам ялагдсан намын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах ёстой юу?

-Энэ жил ард түмэн парламентийг олон намын төлөөлөлтэйгээр сонгосон. Тэр утгаараа нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан МАН сөрөг хүчин болж байгаа. Тэр 40 гаруй хувийг бүрдүүлж буй хүмүүсийн бодол санал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусах ёстой. Энэ утгаараа бол энэ удаагийн парламент эрх баригч, сөрөг хүчин гэхээсээ илүү хамтарч ойлголцох хэрэгтэй. Хэрэв Ардчилсан нам дангаараа эрх барих эрхтэй болсон бол энэ намын мөрийн хөтөлбөр шууд хэрэгжээд явах байсан. Монголын хөгжлийн үүднээс УИХ-д суудалтай бүх намуудын мөрийн хөтөлбөр тусгагдаж байх ёстой. Гэхдээ энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт МАН-аас дэвшүүлсэн нэлээд олон зүйл ил болоод далд утгаар тусгагдсан байна. Мэдээж үүнийг хэрэгжүүлэхэд бид хамтраад, дэмжээд явна. Парламент бол олонхи,  цөөнхийн мэтгэлцээний талбар. Өмнө нь МАН эрх баригч хүчин байхдаа нөгөө улстөрийн хүчнээ биежүүлэх, бойжуулах, төлөвшүүлэхэд ихээхэн том хувь нэмэр оруулж байсан. Олонхиор манай намыг сонгосон ч Ардчилсан намыг Засгийн газарт оруулаад, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж ирсэн. Дангаараа төр барьж байхдаа ч бусад намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлсийг хэрэгжүүлж л байсан. Улс эх орны эрх ашигт л нийцэж байвал тэр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг байр суурьтай байсан. Тиймээс энэ удаагийн Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрөөс тусгаад ажиллах ёстой байх гэж бодож байна.

-УИХ-ын дэгийн тухай хуулийн хугацаагүй завсарлага авах заалт дээр намууд зөвшилцөлд хүрэх ёстой байсан. Энэ асуудал юу болж байгаа вэ. МАН олонхи байхдаа дэмжиж байснаа цөөнх болоод дэмжихгүй болчихсон юм биш үү?

-Би Монгол Улсад хөгжиж байгаа ардчиллын үнэт зүйлс улам төгөлдөржөөд яваасай л гэж хүсч байна. 2012 оны шинэ парламент байгуулагдсанаас хойш бид ардчиллын олон үнэт зүйлээс ухарч байна. Яагаад гэвэл нэг нам өөрсөддөө зориулж УИХ-ын дэгийн хуулийг өөрчилдөг, хууль зөрчиж ахмад биш гишүүнээрээ хурал удирдуулдаг,  өөртөө зориулж сонгуулийн хуулийг өөрчлөх гэж оролдож байна. Нэг нам сөрөг хүчнийхээ амыг хааж байгаад үзэл бодлын зөрүүтэй асуудлаа хүч түрэн шийдэх, өөрийн байр сууринаас олон буцах үйлдлүүд хийж байгаа зэргээс Монголын улс төрийн соёл төлөвшөөгүй харагдаж байна. Дахиад л сонгууль болно. Аль нэг улс төрийн хүчин дангаараа 39 ба түүнээс дээш суудал авна. Тэр үед бусад улс төрийн намуудыг орхиод өөрийнхөө намын ахмад гишүүнээр хурлаа удирдуулж, УИХ-ын дэгийн хуулийг өөрчилж, байнгын хороодоо байгуулж, өөрсөддөө зориулж Засгийн газраа байгуулаад, гол асуудлаа хүч түрэн шийддэг ийм жишиг тогтоочихлоо.

-МАН УИХ-д бүлэгтэй эсэх маргаанд цэг тавиагүй л байгаа?

-Ард түмний сонголтоор бид бүлэгтэй. Тэр бүлгийн талаар хэн нэгэн дарга мэдээлэх үү үгүй юу гэдэг л байна. Энэ парламент цаашаа явъя л гэж бодож байгаа бол хүссэн хүсээгүй МАН-ыг бүлгийг зөвшөөрч л таарна. Зөвхөн өнөөдөртөө тааруулж, хуулийг өөрчилж, шийдэж байгаа нь цаашдаа, урт хугацаандаа Монголын амьдралд сайн зүйл үзүүлэхгүй. Ардчилсан парламентын онцлог олонхитой, эрх барих хүчинтэй, сөрөг хүчинтэй байдаг. Тэр утгаараа олонхийн дарамтыг бий болгохгүйн тулд завсарлага авч зарим асуудлууд дээр олонхийн дарангуйллыг хязгаарладаг механизм бий. Ер нь бол парламент аль болох цөөнхийн үгийн сонсч олонхио хүндэтгэж явдаг л зарчимтай. Завсарлага авах үед магадгүй олонхийн олж хараагүйг цөөнхи олж харж, өөр олон талаас нь асуудлыг авч үзэж, гарч байгаа шийдвэрийн хэрэгжилт хангагддагаараа ашигтай. Тиймээс энэ заалт байх ёстой. Өнөөдөр Ардчилсан намд хэрэггүй заалт байж болох ч маргааш Ардчилсан намд ашигтай ч болж болох. Өмнө нь ярьж байсан ардчиллын үнэт зүйлээсээ ухарч байгаагийн нэг жишээ л дээ.

-Сонгогчдын саналыг хүндэтгэх ёстой гэж ярьж байна. МАН сонгогчдын саналыг хүндэтгэдэг байсан юм бол бүлэг байгуулах асуудлыг яагаад 24 цагийн дотор мэдэгдээгүй юм бэ?

-МАН  нь хуулиар заасан цагийн дотор яг энэ хуулийн дагуу хуулийн тайлбарыг 24 цаг дотроо багтаад хийсэн. УИХ-ын дарга сонгогдсон процесс нь өөрөө эрхзүйн чадамжгүй байхад бид 24 цагийн дотор бүлэг байгуулах хүсэлтээ явуулах юм бол энэ нь өөрөө эрхзүйн ойлгомжгүй байдал руу түлхэнэ. УИХ-ын дарга нь эрхзүйн чадамжгүй тул УИХ-ын 26-р заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байна гэж үзсэн. Үүний зөв бурууг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх юм. 24 цагийн дотор ямар нэг үйлдэл хийгээгүй бол бид сонгогчдоо хүндлээгүй гэсэн үг юм. Уг нь бол УИХ-ын гишүүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл МАН-ыг гишүүдийг байнгын хороонд оруулахгүй байна. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад өөрсдийн гишүүдэд зориулаад нэг байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоог өөрчилсөн. Өнөөдөр нэг байнгын хороо 19 гишүүнтэй байна гээд өөрсдөө 16 гишүүнийг нь бүрдүүлчихсэн. Тэгэхээр МАН-ын 27 гишүүн нэг л байнгын хороонд харьялагдах эрхтэй болж байгаа юм. Чи МАН-ын буюу сөрөг хүчний гишүүн учраас нэг байнгын хороонд орно, харин бид эрх баригч учраас гурван байнгын хороонд харьяалагдана гэж ялгавартай болгосон. Энэ мэт буруу жишиг тогтоогоод яваад байгаа юм.

– МАН одоо юу хийх ёстой вэ?

-МАН сөрөг хүчнийхээ хувьд хийх ёстой зүйлээ хийгээд дуусч байна. Өөрөөр хэлбэл, бид зөвшилцөл, ойлголцолд хүрье гэж олон хэлсэн. Өнөөдөр Монгол Улс Засгийн газар байгуулагдах ёстой, дарга болох гэж яарч байгаа хүмүүс ажлаа аваад, эрх мэдлээ шилжүүлэх ёстой гэх мэтийн байх ёстой зүйлүүдийг бид ямар нэг хориг саадгүйгээр явуулж байгаа. Улс төрийн талаасаа бид олон түмэндээ хандсан мэдэгдэл гаргах, олон улсын парламентын холбоонд мэдэгдэл хүргүүлэх, олон улсын социалист интернационал улс төрийн намуудын нэгдсэн төв байгууллагад хандах, дотоодын улс төрийн бусад хүчинтэй яриа хэлэлцээр хийх, санаачлага гаргах энэ бүх зүйлсийг хийж байгаа. Үүнээс цаашлахаар парламентын танхимаас гарах гээд байна. Хэрвээ бид парламентын танхимаас гарах хүртэл шахвал сонгогчдын 40 гаруй хувь, 200 гаруй мянган гишүүнтэй намын хувьд МАН ард түмний төлөөллийн дуу хоолой зарчим алдагдаад байгаа учраас МАН гудамжны тэмцэлд ороход бэлэн. Ардчилсан нам парламентын танхимаас гарч тэмцэл хийх байдал руу түлхэж байна. Гэхдээ олон жил эрх баригч хийж, эрх баригчдын зовлон жаргалыг мэдэрч, мэддэг болсон улс төрийн хүчний хувьд энэ алхмыг хийхийн тулд бид ухаалаг хандах хэрэгтэй. Монголын парламент задраад эхлэвэл хөрөнгө оруулагчид бүгд хүлээлтийн байдалд орно, хөрөнгө оруулалт гадагшаа татагдаад явна. Энэ хэнд ашигтай гэж. Ёстой Дондог, Дулмаагийн авдаг талхны үнэн дээр тусна. Үүнээс эмээгээд хүлээж байгаа. Гэхдээ шаардлагатай гэвэл ард түмнийхээ эрх ашгийн үүднээс тийм хэлбэр лүү орохоос өөр аргагүй бол бид бэлэн байгаа.

-Бүлэг байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй бол гудамжны тэмцлийн хэлбэрт шилжинэ гэж ойлгож болох уу?

-Улс төрийн нөхцөл байдал хаашаа эргэхийг таамаглаж мэдэхгүй байна. Аль болох ойлголцох, зөвшилцөх, том үнэт зүйл, эрх ашиг, бодлого дээрээ ойлголцоод явахыг л хүсч байгаа. Ардчилсан намд байгаа олон хүн өнөөдрийн энэ нөхцөл байдалд дургүйлхэж байна. Энэ бол хэдэн албан тушаалын хойноос явсан, өөрийгөө тойрон хүрээлэгчдээ бэхжүүлэх гэсэн цөөн хэдэн хүний үйлдэл гэж харж байгаа. Түүнээс энэ бол Ардчилсан намын жирийн дэмжигч гишүүд, ардчиллыг дэмжиж байсан энэ олон дэмжигчдийн хүсэл зорилго биш гэж бодож байна. МАН-ын гарыг нь хүлж, амыг нь барьж байгаад үйл ажиллагаагаа явуул гэж энэ олон сонгогчид саналаа өгөөгүй гэж би бодож байна. Хэрвээ МАН бүлэг байгуулаад Засгийн газар байгуулахад оролцсон бол бид маш олон сайдын ашиг сонирхлыг зөрчлийг ярьж, шүүмжлэх байсан. Үүнээс айгаад л Засгийн газрыг МАН-гүйгээр байгуулж байгаа юм. Мөн Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн олон заалт дээр олон түмний дуу хоолойг илэрхийлэх боломжийг нь хааж байна. Иргэний сонгох, сонгогдох эрхийг нь хааж байна. Өөрөөр хэлбэл, та саналаа өгөхгүй бол тэр дундаа Ардчилсан намд саналаа өгөхгүй бол төрийн албанд авахгүй, төрийн алба бол бидний гарт байгаа гэж айлгаж байна шүү дээ. Энэ бол бас л ардчиллаас ухарч байгаа нэг хэлбэр. Социализмын үед бүгдийг нь оруулаад саналыг нь өгүүлдэг байсан. Тэр үе рүүгээ ухарч байгаа юм. Тиймээс ардчиллын үнэт зүйлээсээ битгий ухраасай гэж хүсч байгаа юм. Ардчилсан нэртэй нам нь өөрөө санаандгүй ба санаатайгаар дарангуйллын систем рүү явж байгаа юм. Үүнийг их сайн бодох ёстой байгаа юм, бид.

-МАН, МАХН-тай нэгдэж Орон нутгийн сонгуульд оролцоно гэсэн яриа гараад байгаа?

-Засгийн газарт эвссэн намууд Орон нутаг, Ерөнхийлөгчийн  сонгуульд хамтын ажиллааны гэрээндээ гарын үсэг зурсан гэсэн. Тэгэхээр манай нам Засгийн газарт ороогүй учраас Орон нутгийн сонгуульд нэгдэхгүй байх.

-Хамтарсан Засгийн газрын үед Оюутолгойн гэрээг байгуулсан. Гэтэл одоо УИХ-ын гишүүд Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар ярьж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ гэрээг өөрчлөх ёстой. Монголын талд ашигтайгаар өөрчлөх боломж бий гэж харж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагчид, эдийн засаг, цаашлаад ямар үр дүн гарах вэ гэдгийг судалж, нягталж гэрээний талаар ярих ёстой юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж